Сайн ч ану, муу ч ану миний багш
2013-08-30

Боловсролыг шинэтгэхүй 3

Ингэж монголчууд эртнээс хэлэлцсээр ирсэн. Аливаа салбарын гол хөдөлгөгч хүч нь мэргэшсэн боловсон хүчин нь байдаг. Тиймээс ч боловсролын салбарын уналт, сэргэлт багш нартай шууд холбоотой. Багш гэхээр л тэнгэрээс уначихсан нөхөр байдаг юм биш. Шүүмжилж, муулах олон шалтаг шалтгаан бий. Боловсролын салбарын мотор болж шинэтгэл өөрчлөлтийг тэд л дотроосоо хийх ёстой. Байсхийгээд ажил хаяж цалин нэмүүлэх гэж тэмцэж байхаар шавь нартаа ямар боловсрол олгож байгааг өөрсдөдөө дүгнэлт хийх цаг болсон. Багш нарын баяр болгоны өмнө боловсролын тулгамдаад байгаа асуудлын талаар амаа чилтэл ярьцгаана. Харамсалтай нь ахиц дэвшил гарч байгаа зүйл тун бага. Үй олон хүүхэд сургуулиа төгсөөд хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах чадваргүй, мэдлэггүй, боловсролгүй байгаагийн бурууг чухам багш нар маань ядаж тал хувийг нь үүрэх ёстой. Мэдээж төрд буруу бий. Өнөөг хүртэл боловсролын шинэчлэл гэж ярьсаар дорвитой шинэчлэл хийж чадаагүй ул дол болгож байгаагаас үе үеийн төгсөгчид л буруутаж байна.

.

Уул уурхай, өнгө мөнгө гэж харайлдсаар боловсролын салбарын тулгуур болсон багш нараа мартсны буруутан төр засаг мөөн. Өнөөдрийн өөхийг хараад маргаашийн өл залгах уушгийг мартсны харгайгаар өнөөдөр Монгол улс боловсон хүчний хомсдолд орчихоод байна. Багш нарт бүхий л бурууг өгч зүрхлэхгүй байгаагийн гол шалтгаан энэ. Өнөөдрийн багш яаж шуухан аж төрж байна вэ. Дүр зургийг нь нэг тольдоё л доо. Сургуулийн барилга хүрэлцэхгүйн улмаас хот суурин газарт анги дүүргэлт 35-50 хүүхэд болтлоо өслөө. Хичээл заах 40 минутын хугацаанд нэг багш яаж энэ олон хүүхэд тус бүрт хүрч мэдлэг өгөх болж байна аа. Нэг сурагчид нэг минут л ноогдоно. Хичээл заана гэдэг олон дунд зүгээр нэг лекц уншаад гүйцдэг юм биш. Хүүхэд тус бүрт хүрч ажиллаад үр дүнг нь хянах бүхэл бүтэн шинжлэх ухааны аргачлалтай ажил. Багш ч сонирхолгүй уртын урт лекцэндээ ядарна. Тэртэй тэргүй хүүхэд бүрт хүрч ажиллаж чадахгүйгээс хойш халтуурдаж эхэлнэ. Үр дүн нь ямар байх ойлгомжтой. Энэ гажиг тогтолцоо энэ жил битгий хэл ойрын хэдэн жилдээ засрахгүй гэж бардам хэлэх байна. Улсын хэмжээнд 114 сургууль шинээр ашиглалтад орж байж анги дүүргэлт 20-25 хүүхэд болно. 114 сургууль шинээр байгуулах битгий хэл энэ жил төлөвлөсөн сургуулийн засвар, өргөтгөлийн ажил хичээлийн шинэ жил эхлээд байхад 80 хүрэхгүй хувьтай байна шүү дээ.

.

Багш нарт олон дарамт бэрхшээл учирдаг. Сурагчдад хичээл заахаасаа илүүтэй харьяа боловсролын газар, сургуулийн удирдлагад заах хичээлийнхээ төлөвлөгөө конспектээ бэлтгэж шалгуулах, хяналтын ажил хийсэн сурагч, оюутны дэвтрийг засах, захирлын болон яамны түвшин тогтоох шалгалтууд, хааяадаа хийгддэг МХГ-ын хяналт гээд юун хичээл заах манатай үндсэн ажил хоёрдугаар, гуравдугаарт тавигдана. Өөрийн бодож санаачилсан шинэ арга барилаар зааж сургах ямар ч итгэлгүй болгож орхино. Боловсролын төвшин ийм байхад яаж дээшлэх вэ дээ.

.

Саяхан судалгаа хийгээд цахим хөгжлийн их хурдацтай үед багш нар илт хоцрогдож байгааг тогтоожээ. Энэ их ажлын араас цахим ертөнцөөр зорчиж хэрэгцээтэй мэдээ материалаа авах бололцоо тэр бүрий олддоггүй байх юм. Интернет ашигладаг хүүхдүүд нь багш нараа шоолж эхэлнэ. Гомдол өргөдөл тасрахгүй.

:

Дээрээс нь 1 дүгээр анги даасан багш үсэглэлийн баяраараа, 4, 8, 12-р анги төгсгөж байгаа багш нар “хонхны баяр”-аараа сурагчдаасаа бэлэг сэлт авч авилгалын хэрэгт орчих шахна. Багш нарыг улайм цайм өмгөөлөөд байгаа юм биш. Бодит байдал ийм л байна.

.

Ирээдүйг бэлтгэх үүргийг төрийн албан хаагч багш нар хүлээж байгаа. Ирээдүйгээ бэлдүүлж байгаа төр засаг тэдний амьдралын баталгааг хангах ёстой. Үүнийхээ төлөө тэмцэж байгаа багш нарыг буруутгах аргагүй юм. Гэхдээ тэд нар маань бас сурагч, оюутнууддаа чирэгдэхгүй байх оюуны мэдлэг чадвартай байх ёстой. Сургууль төгсөөд дипломтой болсон л бол багш гэдэг энэ нэр хүндтэй албыг залгуулдаг тогтолцоог халах хэрэгтэй байна. Яахав зарим нэг арга хэмжээ яамнаас авч байна л даа. Гэхдээ удаашралтай байна гэдгийг л онцлоод байгаа юм. Мэргэжилдээ тэнцэхгүй бол ажиллуулж ирээдүйгээ сүйтгээд яахав дээ. Багшлах боловсон хүчний хэрэгцээ хөдөөд дутагдалтай байгаа бол хот суурин газарт илүүдэлтэй байгааг олон жил ярилаа. Нэг л засралыг олохгүй байгаагийн учрыг яам анхааралдаа авах цаг болсон. Сургууль, цэцэрлэг барих шаардлагатай төсөв мөнгөнөөс засаг төр татгалздагаа болимоор байх юм.

.

Үнэндээ бодлогын хүрээнд багш нарт боломж олгох хэрэгтэй байна. Удирдах дээд байгууллага, албан тушаалтанд долоо хоног, сар, улирал бүр уртаас урт тайлан, үзүүлэлт бичиж суудаг цагийг нь багасгая л даа. Цахим ертөнц ийм өндөр хурдацтай хөгжиж байгаа үед интернетээр л авдаг больё л доо. Хэн хэндээ амар.

.

Хамгийн гол нь нэг багшид ноогдох сурагч, оюутны тоог цөөлөх шаардлагатай байгаа юм. Ачаалал багасахын хэрээр багш нарт өөрийгөө хөгжүүлэх цаг зав гарна. Ингэсэн тохиолдолд багш нарт мэргэжлийнх нь төвшингийн үүднээс хариуцлага тооцох боломжтой болно. Чингис бондын хөрөнгөнөөс шинэ сургууль барих, сургуулиудаа өргөтгөхөд тун бага хөрөнгө төсөвлөсөн. Төсөвлөсөн хөрөнгө мөнгө нь хэрхэн үргүй зарагдаж, зарим нь баригдаж дуусах яагаа ч үгүй байгааг бид өдөр тутмын мэдээллээс харж байна шүү дээ.

.

Н.Бадамжав

Shuud.mn
Сонин хачин
бас нэг хүн:
яагаад хүүхэд нэг бүрийг хөгжүүлж болохгүй гэж болно ш тэ
2013-12-03
bas neg bagsh:
Bagshiin tsalin hichneen ih bsan ch angi duurgelt 40 garchaad bhad heze ch huuhed burtei tulj ajillaj chadahgui. Surah orchin, surgaltiin technology 2 l gol ni bgaan.
2013-08-31
bagsh:
Setgyylztei sanal niilj bna. Bagshiin ajiillah nohtsol muu, tsalin baga, amidral hangaluun bish bhad yaj hyyhed neg byriig hogjyyleh yum be Gantomor said guai. Said ta tsementen deer tsetseg urguulhaa boliozee
2013-08-31
цэцэрлэгийн багш:
цэцэрлэгийн багш бидний хувьд бүр хэцүү болчихлоо.40-60 хүүхэд, тэгээд бас хүүхэд нэг бүрийг хөгжүүлнэ.Өглөө хамгийн эрт гараад орой хамгийн сүүлд гэртээ харина.гэхдээ бидний хэн нь ч ажлаа хэцүү гэж хэлж байгаагүй.бидний мэргэжил сайхан.даан ч хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломжгүй юм даа одоогийн байдлаар
2013-08-30
zochin:
zuv bna shdee. Bas neg yum nemchihye. Bagsh nariig songohdoo tanil tal mungu harj avdag, hudlaa dur uzuulegch nar ihenh huviig ezeldeg, huviin amidral ni ih taagui bdag yumuu bainga l stressdsen hunees shavi nar ni yu surch avhav dee.
2013-08-30
зочин:
Бага ангийн сурагчдыг дүнгээр ялгаварлан үздэг. Эцэг эхийн зиндаанаас хамаарч хүүхдэд дарамт үзүүлдэг багш нар зөндөө.
2013-08-30