Мориноосоо буулгүй дэлхийг эзлэх амархан гэж дайнч үг бий. Тэгвэл ойрын өдрүүдээс харахад хэвлэлийн хурал зарлаж юмны үнэ нэмэх амархан болсон байна.
.
Өнөөдөр таксины км-ын үнэ нэмэгдэх болсон талаар ШӨХТГ, Нийслэлийн тээврийн газар хамтран мэдээлэл хийжээ. Үндэслэлийг нь асуувал эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон тул үнэ нэмэх саналыг ШӨХТГ-т хүргүүлсэн гэнэ. Үүнийг нь өнөөх шударга өрсөлдөөний шударга нөхдүүд яаралтай авч үзээд таксины км-ийн үнийг нэмэх асуудлыг халуунаар дэмжжээ.
.
Өнөөдрөөс эхлэн таксины үнэ эхний км-т 1500 төгрөг, дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцохоор болж байгаа юм байна. Нийт такси үйлчилгээ эрхэлдэг 16 аж ахуйн нэгжийн эрх ашгийг хангаж ажил үйлчилгээг сайжруулахаар гарч буй энэ шийдвэрээ иргэдэд таалагдахгүй гэдгийг Магнай дарга мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Энэ тухайгаа ч өөрөө хэлж. Гэхдээ такси үйлчилгээг чанаржуулах үүднээс үнийг нь нэмэхээс өөр арга алга даа гэж харуусан хэлжээ. Км-ийн үнэ нь нэмэгдэхээр такси үйлчилгээ яаж сайжирч чанаржих юм бол. Бодвол цаагуураа алгуур мэдэгдэх юмыг бид ойлгохгүй адган бухимдаж байгаа байх.
.
Км тутамд 300 төгрөг нэмж төлөх болсон зорчигч одоо гараад таксинд суугаад салон дотроос нь ямар үйлчилгээ нь чанаржиж сайжирсныг мэдрээд буух юм бол доо. Халуун кофе л лав аягалж өгөхгүй байх. Харин орлого нэмэгдсэнд царай нь гэрэлтэн туяарах жолоочийн сайхан инээмсэглэлийг толинд нь харах байх.
.
Такси компаниуд чинь төрийн компани ч юм уу. Яагаад л ШӨХТГ хүртэл халамж тавин үнэ нэмэхийг нь ойлгож дэмжээд өөрсдөө оролцон зарлаад байна. Зах зээлийн өрсөлдөөний хуулиар бол тухайн салбарт ажил үйлчилгээ явуулаад ашигтай ажиллаж чадахгүй бол түүнийгээ орхих л хэрэгтэй болдог. Гэтэл эдийн засгийн суурь чадавхигүй болчихсон хэрнээ ажлаа үргэлжүүлэх гээд байгаа такси үйлчилгээ эрхлэгчдийг ойлгохгүй юм.
.
Бид амжихгүй нь баяртай гээд л болоо шүү дээ. Бизнес хийсэн, ашигтай гэж тооцоод такси оруулж ирсэн. Болсонгүй. Үүнийхээ төлөө иргэдийн халаас руу гараа дүрж тэмтрэн алдагдлаа нөхөх албагүй. Энэ сүжрээд байгаа такси компаниуд нь такси барихаар эгнэн зогсох иргэдийн хэдэн хувьд нь хүрч чаддаг билээ дээ.
.
“Хувийн” гэх таксинууд энэ салбарт ачааг нь нугалалцаж байгаа. Одоо ч хувийнхан 1 км-ийг нь 800 төгрөгөөр яваад байж болно. Гэхдээ үүнийг тооцож таксины үнийг нэг мөр нэмье гэж нэмсэн байна. Өрсөлдөөний жамаараа хувийн таксинууд 800, 900 төгрөг гээд шавар хаагаад байж мэдэх учир тэднийгээ бас албан ёсоор өнөө 16 аж ахуйн нэгжийн аль нэгэнд хамаарч бүртгүүлэн адил үнээр үйлчлэхийг тулгажээ. Үүнийгээ адил татвар төлүүлэх хэрэгтэй гэсэн албархаг тайлбараар цагаатгах гэжээ. Яг үнэндээ зөвхөн халтуураар амьдарч байгаа хувийн таксичдыг нэгдсэн зохион байгуулалт оруулж татвар хураамж төлдөг болгохын төлөө юу хийсэн юм бэ дээ.
.
Сүүлд харагдах болсон цагаан алаг саарал таних тэмдэг релам сурталчилгаагаар цоохорлуулсан хэдэн таксиг эс тооцвол өнөөх бидний нэрлэдэг золбин шар гэх аймаар салон үнэр танартай, танхай жолоочтой сарампай таксинууд одоо ч өнөөх албан ёсны таксинд нь явсаар л байгаа. Үйлчилгээ тээвэр нь яг хэвээрээ сайжраагүй байхад илүү үнийг эхлээд төлнө гэдэг зарчим шударга ёс мөн үү дээ.
.
Төв замаас такси барих эрхгүй гэнэ. Тэгсэн хэрнээ нэмсэн үнээр нь дуугүй зорч, такси компаниудаа аварч үлдье гэнэ. Энэ чинь ариун явдал мөн үү, ноён Магнай гуай.
За яахав мянган төгрөгөөр нь явья гэж бодьё л доо. Гэхдээ таксинд суухын тулд заавал тусгай заасан цэгт оч гэснийг юу гэж ойлгох вэ. Нэртэйгээр нь Үүл баатартайгаа нийлээд хотын төвөөр такси болон жижиг оврын автомашин явахыг хориглоно гэсэн шийдвэр гаргаач.
_
Ер нь бүх зүйлд төр оролцдогоо болимоор байна. Жамаараа явах юмыг нэг их сайн хүн болж ард түмний нуруун дээрх ачааг нэмээд байх юм. Саяхан л цахилгаан дулааны үнийг нэмлээ, тэгэхгүй бол энэ салбар сөхөрлөө гэсэн. Өнөөдөр Магнай дарга нь таксины үнийг нэмлээ, тэгэхгүй бол бизнес эрхлэгчид ашиггүй болчихлоо гэв. Харин маргааш хэн нь юуны үнийг өсгөлөө гэх бол доо.
.
Б.Шүхэрч