Монгол Улсын эдийн засгийн гол таван үзүүлэлтийн гурав нь эерэг гарсан гэж Ерөнхий сайд тайлагналаа. Ямар ч хошгируулж ханах биш дээ. Сөрөг болох хоёр үзүүлэлт болох гадаадын хөрөнгө оруулалт, валютын ханшид нэг их санаа зоволтгүй. Үлгэрт ч Иван эхэндээ зовлон зүдгүүр үздэг шүү дээ ухааны юм ярьж суух. Гадаад хөрөнгө оруулалт буурсан нь гадаад орчинд хөрөнгө оруулалт үндсэндээ буурсан, Оюутолгойн нийт нөөцийн 80 хувийг ашиглах далд уурхайн ажил зогссон, нүүрсний үнэ ханш суларсантай холбон тайларлаж байх юм.
.
Энэ бүхэн энгийн надаас танаас болоогүй ээ. Засаг хамгаалалт муу гэрээ байгуулсныхаа горыг одоо биднээр амсуулж байгаа нь энэ. Нүүрсний үнэ ханшийн хэлбэлзлийг төсөвт тусгахдаа өндөр үнээр тооцсонтой холбоотой. Энэ гүйцэтгэх засаглалын чинь толгойд эдийн засгийн А ч мэдлэггүй хүмүүс суугаад байдаг юм уу хаашаа юм. Энгийн нэг гэр бүл сар жилийнхээ төсвийг тооцохдоо болзошгүй зардлаа дээд үнээр, олох орлогоо баталгаатай доод төвшингөөр тооцдог биш бил үү. Тэгэхгүй бол Монголын уртаас урт хахир хүйтний улирлыг давна гэдэг амаргүй, хэдэн хүүхдээ өлсгөж, дааруулах болно гэдгээ сайн мэднэ. Гэтэл энэ нөхдүүд ийм ухаан байдаггүй юм гэж үү.
Валютын ханшийн хэлбэлзэл зохион байгуулалттай гүтгэлгээс болсон гэж хэлж байна. Ёстой аргаа барахдаа аавынхаа толгойг маажна гэдэг л болж байх шиг. Гүтгэлэг дайралтад л сөхөрчихдөг дажгүй валютын ханшийн хэлбэлзэл байна. Зах зээл гэдэг иймхэн зүйлд савлаад байдаг ч зүйл биш. Алтанхуяг царай муутай, толгой муутай юм гэхээр л маргааш нь дагаж эдийн засаг хямраад, валютын ханш хэлбэлзэх юм гэнэ л дээ.
.
Эдийн засаг оны эхний зургаан сард 11,3 хувь өслөө гэнэ. За зүгээр байгаарай. Эхний зургаан сард нүүрсний экспорт хэвийн шахуу, Оюутолгойн хөрөнгө оруулалт саатаагүй байсан. Зургаан сараас хойш л эдийн засгийн хямралын эхний шинж тэмдэг, дохио дуугарсан юм шүү. Статистик ярих гээд байвал өнгөрсөн хоёр сарын хугацаан дахь хямралын үеийн өсөлтөө шударгаар хэлбэл л таарна. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон, нүүрс, зэсийн экспорт буурсан энэ үзүүлэлтүүдийг нэгтгээд энэ жил улсын төсөв 1.5 их наяд төгрөгөөр дор хаяж тасалдана гэдгийг анхааруулаад байхад Ерөнхий сайд нь ийм тайлбар хийж суудаг мөн овоо төр засаг шүү.
:
УИХ-ын ээлжит бус чуулган тун удахгүй хуралдана. Мэдээж танхимаар дүүрэн хэрүүл уруул болно. Эцсийн бүлэгтээ Засгийн газарт зарим нэг зүйл дээр анхаар гэж хэлээд л толгойг нь илээд гаргачихна. Аргагүй шүү дээ. Чуулганы танхимд сууж байгаа дийлэнх нөхөд нь Засгийн газрын гишүүд, түүний фракцынхан юм чинь. Нөгөө жингийн цуваа явж л байна жингэр нохой хуцаж л байг гэдэг шиг л өнгөрнө.
.
Угтаа УИХ нь Засгийн газартайгаа хариуцлага тооцож хатуу анхааруулж хэрэгжилтэд нь анхаарлаа хандуулах ёстой. Болохгүй бол огцруулж л орхино. Баталсан төсвийг 1.5 их наяд төгрөгөөр дутаачихаад байгаа Засгийн газрыг огцруулж болно. Даанч ийм боломжийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр алга болгочихсон. Тиймээс ч УИХ үнэндээ Засгийн газарт хариуцлага тооцож чадахаа болиод удаж байна. Нөгөө хэд нь ч мөнхийн хаан ширээнд заларчихсан юм шиг авирлана, хүссэнээ хийж, дуртайгаараа түмний толгой эргүүлнэ.
.
Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгож Засгийн газрын гишүүд УИХ-д давхар сууж өөрөө өөрийгөө хянадаггүй тийм л өөрчлөлтийг хийхгүй бол ээ дээ мөн горьгүй цаг хугацааг ард түмэн нь туулсаар байх нь дээ. УИХ-аас ангид сайд болчих хэн нэгэн нь байхгүй юм гэж үү. Үгүй дээ, хэдэн зуугаараа бий. Гол нь намчирхсан, өөрийн л байвал бор халзан төлөг ч даргын суудалд сууж болно гэсэн явцуу эрх ашиг үйлчлээд байгаагийн гор л эцэстээ нийгэм эдийн засгийн хямрааж ард түмнээ талцуулаад байгаа юм даа. Нээрээ Ерөнхий сайдаа, алийн болгон худлаа ярих гэсэн юм бэ дээ. Зүгээр л чаддагт нь суудлаа тавьж өгөөд улс төрийнхөө карьерийг хөөвөл наандаж танд, цаанадаж энэ ард түмэнд хэрэгтэй байна даа.
.
Н.Бадамжав