Улаанбаатарт өдөртөө 379 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо байдаг гэнэ. Сая тэгш сондгойгоор нь хязгаарлахаар 180 мянга орчим буюу нийт тээврийн хэрэгслийн бараг тал нь зогсчихож байгаа юм байна. Гэхдээ хүмүүсийн хүсэн хүлээж байсан шиг илт давуу байдал, цэлгэр замууд байсангүй. Хотын төвийг эс тооцвол бөглөрөх л талдаа 2 өдөр өнгөрлөө.
Талыг нь зогсоочихоод байхад амралтын өдөр хүртэл 4 уулзвар дамнаад таг бөглөрч байж төв замаас мултарч гарч ирж байгааг одоо хийж буй уулзвар засвар өргөтгөлийн ажилтай холбон ярьж болох. Гэхдээ энэ ажил нь дэмий ч өнгөрөхгүй юм. Замын бөглөрлийг бөөн мөнгөөр, олон уулзвараар, давхар замаар шийдчихгүй гэдгийг л улам сайн ойлгуулж байна. Өдөрт 200-аад машин номероо авч хөдөлгөөнд нэмэгдэж буй. Ийм нөхцөлд нийтийн тээврээ өөд нь татаж байж л хүмүүсийн машинаасаа татгалзах нөхцлийг бий болгох хэрэгтэй гэдгийг бүгд л ухаарч ярьж байна.
.
Нийтийн тээвэр гэж бидний ойлгодгоор юу вэ. Хэн үйлчлүүлдэг юм бэ.
Гэрийн эзэгтэй эмэгтэйчүүд, хүүхдүүд, дунд сургуулийнхан, залуучууд, ахмадууд, оюутны арми тэр чигээрээ энэхүү нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Үүн дээр нэг бараан ойлголт гэх юм уу үнэлэмж байдаг. Өнөөх л жоохон ч гэсэн юмаар нэгнийхээ дээр байгаагаа харуулж хэлбэрдэх гэсэн Монгол зан л даа. Ер нь бол автобус микрогоор бол яахав дээ л амьдралтай, хувьдаа машингүй, захын “G” хорооллынхон голдуу үйлчлүүлдэг ба автобусанд олон сууж, таньдаг хүнтэйгээ таарвал их л доошоо орсон хэрэг гэж үздэг ойлголт нийгэмд бат бөх оршиж буй.
.
Энэ нь угаасаа нийтийн тээврийн орчин харьцаа, жолооч кондуктор нарынх нь биеэ авч яваа байдал зэргээс болсон ч талтай. Автобус унааны техникийн нөхцөл, замын байдал, зан харьцаа зэрэгтэй зуузай холбоод өөд нь татах аргагүй доошоо орсон үйлчилгээний гэхээсээ нийтээр нь ачиж буулгах “хүн” тээвэр болсноос үүдэлтэй дүгнэлт гэж болно.
Товчхондоо, чи тийм л боломжийн амьдралтай юм бол ийм аймаар үйлчилгээг сонгож, автобусанд суухгүй л байхгүй юу даа гэсэн доромжлол үг. Энэ ч аргагүй.
Иргэн та ч нийслэлийн зам тээвэр хариуцсан Н.Гантөмөр дарга ч хатуу диктатуртай нийгэм, бөөний суурьшлийн бүсэд л биш бол боломжийнхоо хэрээр ая тухтай өөрийнхөө тав тухаа харж амьдрах орчин, зорчих унаагаа сонгоно.
Энэ талаасаа харвал нийтийн тээвэр, нийтийн болтлоо даанч хол байгаан.
Хотын түшмэдүүд ойрд их ярьж байна. “Нийслэлчүүд маань нийтийн тээврээрээ үйлчлүүлж сурмаар байна..” гэж. Манайхан бол юуг ч сурна. Морь унаж сур гэхэд бүгд л нэг хоногт сурна.
.
Харин аймаар хиртэй сандал, эвгүй үнэр, хог, адайр ааштай кондуктор, дүрэмтэй дүрэмгүй давхиж тойрог уулзвар дээр хөмөрчих шахан уралдах жолоочийн ард, такси барьчих таван мянгаа тас атгаад амь насаа даатган сууж сурах гэдэг тийм амар, нэг уриалгад хөөрөөд хийчих үйл биш. Тэгээд ч 10 саяын үнэтэй машинаа гараашдаа тавьчихаад бөглөөнөөс дайжиж зугатаад нөгөөх автобусанд суулаа гэхэд асар их бухимдал стресс тээсээр буух юм.
.
Аль социализмийн гэх үеэс буудлаасаа өнгөрч уургын морь шиг зугатаж, хүнээ уралдуулж, эхний 10-т давхисан хүнийг арай гэж багтаан явдаг байсан автобус өнөөдөр 10 метрийн цаанаас алхаад ирж яваа ганц хүнийг хамаагүй тэвчээртэй хүлээж байгаад авдаг болж. Үүнийг нь нийтийн тээвэр элбэг дэлбэг хүрэлцээтэй хүртээмжтэй болсон гэж андуурч тайлбарлах түшмэдүүд байна. Битүү чихсэн байсан ч хүлээж байгаад л нэмж чихнэ. Ойлгомжтой, орлогоосоо хамаарч цалинжих системд дөрлүүлсэн жолооч кондуктор хоёрын хоршил энд ажиллаж байна.
.
Нийтийн тээврийг орчин цагийн шаардлага, стандарт хангасан түвшинд хүргэхээр ажиллаж байгаа гэсэн. Орчин цагийн шаардлага гэдэгт юуг авч үзэж байна. Эргэлтийн, хүлээлтийн зай богиносох автобус гэдэг нь сайхан цэвэрхэн тохилог дулаахан болох түүн дотор нь кондуктор нь янзын соёлтой харьцдаг болох гээд олон л зүйлийг хэлэх байх. Гэхдээ энэ орчин цагийн шаардлага, стандарт гэдэг нь огт өмнөө зүйл байгааг хаана хаанаа харах ёстой. Өнөөдрийн автобус компаниудын нэгж баг буюу одоо явж байгаа жолооч кондуктор нарыг энэ байгаагаар нь явуулаад байвал хэчнээн шинэ тансаг, бүр люкс автобус оруулж ирээд ч байдал нэг их дээрдэхгүй гэх гээд байна.
6
Нийтийн тээвэрт байх хүмүүсийг татах хамгийн эхний таатай уур амьсгал бол яг ном журмын хүрээнд зорчигч үйлчлэгчээ хүндэлж дээдэлсэн үйлчилгээ, сууж зорчиход таатай орчин. Таатай орчинг шинэ автобус бий болгож болно. Харин үйлчилгээг өөрөөр харж шийдэх учиртай байх. Үнэхээр сайхан шинэ автобус ирвэл жолооны ард хэн суух ёстой вэ.
Нийтийн тээврийн гэх үгийн утга чанар, үүрэг хариуцлага, нэр хүндийн талаар сургалтад суусан, нас болоод туршлага зан харьцааны талаараа хувийн асуудал багатай мэргэшсэн ч гэх юм уу бэлтгэгдсэн жолооч нар нийтийн тээвэрт жолооны ард суух ёстой. Ингэхдээ зүгээр л ажилласан жил, жолоо мушгисан туршлага A, B, C ангилалтай гэдгээрээ түрээ барьж, нэг зараар ирээд бүртгүүлээд ажилд орох биш олон тест, шалгуурыг даван өрсөлдөж хувийн зан байдлаа харуулж байж сая нийтийн тээврийн жолооч гэх “эрхэм” хариуцлагатай, нэр хүндтэй, өндөр цалин хангамжтай ажилд тэнцдэг байх ёстой. Өндөр шалгуурыг давсан соёлтой харьцаатай, хүн хүндлэх болон нийтийн эрх ашгийг сайтар ухамсарласан нэгэн автобусны алтан жолоог мушгидаг бол өнөөх орчин үеийн нийтийн тээврийн шаардлага стандарт гэдэгт ойртож ирнэ. Кондуктор буюу зааланд мөнгө тасалдаг ажилтан ч мөн адил.
6
Нийтийн тээвэрт тулхтай жолооч, нүд дүүрэн инээмсэглэх сайхан харьцаатай өндөр боловсролтой үйлчилгээний ажилтанг бэлдэн гаргахад тийм хэцүү биш байх. Нийтийн тээврийн чанар шаардлагыг дээшлүүлнэ гэдэгт хамгийн түрүүнд хийх ажил бол энэ. Гэхдээ ганц шийдээд л мянга мянган дипломтой малчин төрүүлж байгаа компанит ажилтайгаа үүнийг жишиж хийж болохгүй.
6
Үнэхээр үйлчилгээ, түүний соёл хэм хэмжээг ойлгох хариуцлагатай жолооч, үйлчлэгчийг бэлтгэх буюу бэлэн байгаа хүний нөөцөөс шалгаруулж авч, цалин хангамжийг нэмэх ёстой. 500 мянган төгрөгийн цалинтай машин гайгүй барьчихдаг өндөр боловсролтой залуус “баар”-нд зөөгч хийгээд л явж байна. Энэ талд бол дипломтой жолооч, кондукторын хүний нөөц манайд хангалттай. Наад зах нь гадаад улс оронд удаан хугацаанд суурьшин ажиллаж амьдарч байгаад ирсэн, нийтийн тээврийн үйлчилгээ, соёл гэж юу байдгийг мэдрээд хүртээд ирсэн залуус ажилгүй лааз өшиглөөд л явж байна. Тэд бол бэлтгэгдсэн, бэлэн байгаа нийтийн тээврийн жолооч хийхэд хамгийн ойр байгаа залуус.
Нийтийн тээврийн жолооч, үйлчилгээний ажилтан /кондуктор-энд өгчих монгол нэр одоогоор алга л байгаа бололтой /нарт тавигдах шаардлага, шалгуурыг шинэ шатанд гаргая.
6
Яг үнэнийг хэлэхэд, гэртээ амьдрал хүндхэн оройдоо 100 грамм татчихдаг, маш стресст байгаагаа өөрөө үнэлж дүгнэж чадах боловсрол мэдлэггүй, өдрийн орлогоо л өсгөх эцсийн хатуу зорилготой, нийтийн өмнө хүлээх үүргээ орлого хөөх гэж ойлгосон бухимдал стресстээ базагдсан нөхөр жолоо мушгин хүн ачиж аваар осол гаргах байнгын эрсдэлд өдөр хоногийг өнгөрөөж байна. Ард нь байгаа кондуктор ч нэг их ялгарахгүй орлого багадах бүрт уур нь хүрсээр өдрийг бардаг.
6
Ийм л нэг амьдралын асуудал ихтэй ойролцоо бүлгийн, бүгд шахуу дунд ба түүнээс доош сургууль боловсролтой “дуэт” багийн гарт явах автобус гэх унаа байна. Тэгээд энэ сайхан унаандаа ая тухтай үйлчлүүлэхийг урьж, машинаа тавьчих гэж иргэдийг ятгах Хотын дарга, түшмэдүүдийг ойлгоход бэрх байна.
Өөрсдөө болон гэр бүлийнхэн нь бол мэдээж бүх л зүйлээрээ орчин үеийн стандарт шаардлагад хүрсэн үйлчилгээ, бүтээгдэхүүн авч байгаа нь тодорхой. Иргэд зорчигчдын соёлтой үйлчлүүлүүлдэг эсэх асуудлыг дараа нь жич тавих ёстой байх.
6
Хэр таарсан үнэртэй ус үнэртүүлж аятайхан хувцас ялгаралтай, найрсаг харьцаатай хөөрхөн бүсгүй инэээмсэглэн тасалбар өгөхөд өөдөөс нь хэлээ гаргаад байдаг сармагчин шиг авираа манайхан татна. Цэвэрхэн айлд зочилсон хэн ч хөдөөний ч бай, архичин ч бай зочин л учраас гэрээс нь гартлаа хамжааргатай байж айлын дэг аяийг дагадаг. Тэгээд ч манайхан шинэ соргог зүйлд дасан зохицож хүлээж авахдаа дадалтай улс.
6
Цэлийсэн автобусанд зангиа, сахилга болсон залуу жолооч дөлгөөхөн жолоо барьж, сайхан төрх инээмсэглэлтэй бүсгүй тосон авахад манай зорчигчид биеэ бариад цомцойж соёлтой гэгч нь яваад буучихна гэдэг нь төсөөлөгдөж л байна. Үйлчлүүлэх хүмүүс ч нэмэгдэнэ.
Онгоц шиг салонтой сайхан автобус оруулж ирээд өнөөх насаараа микро барьж нийтийн тээвэрт гаршсан, архагшсан нөхдийн гарт өгчихөөд орчин үеийн стандарт хангана гэж ярих гэвэл “донгос” гэмээр байгаан. Одоо нийтийн тээврийн нүсэр хүнд дарамттай ажлыг гардан нугалж яваа жолооч, кондуктор нарын хөдөлмөр зүтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Ажлын байранд нас шүд, өндөр намаар нь ялгаж авах гэлээ гэж эсэргүүцэх хүмүүс ч гарна. Гэхдээ нийтийн тээвэрт, нийтийн эрх ашиг, шаардлага гэдэг нь нэг хүний талх хоолноос илүүтэй тавигдах ёстой.
6
Тэгэхэд одоогийн жолооч нар нь яаж байна даа. Дуртай үедээ утсаараа ярьж, халууцвал нүцгэлж шалдлан хүүхэд ичээж, стресствэл тамхиа нэрж, таалагддаг дуугаа заалаар нэг тавьж өөрөө даган дуулж, эрх дураараа хурд нэмэн, сүлжин давхих доль зохьсон гэх “өргөмжлөлтэй” жолооч нар л байна.
Тэд маань ТМС-ийн, цэргийн найзуудаа кабиндаа хань болгон суулгаж алиа хошин адал явдлаа ярин инээд алдсаар тойргоо хийх нь жирийн л үзэгдэл. 3, 4 буудал замын турш утсаа чихэндээ нааж урд орой ууж идсэн юм уу, хаа хол Баян-Өлгийд байгаа эгч дүүсийнхээ амар мэндийг асуунгаа жолоо мушгиж ур чадвараа гайхуулах бол мөн л жирийн нэг асуудал. Насаараа тээврийн жолоо мушгисан, нөр их туршлагатай эдгээр жолооч маань зорчигч биднийгээ төвөгшөөсөн муухай харцаар толиндоо харж, хурдан хөдлөөч гэж загнасаар л угтах юм даа.
6
Энэ бол өнөөгийн амьдрал дээр ил яг мөрдөгдөж байгаа, зорчигчид бидний захирагдан дагах ёстой манай нийтийн тээврийн сонгодог стандарт юм. “Автобус төсөл” эхэлж үйлчилгээ стандарт үнэхээр нийтийн жишигт хүрч мэдэгдэхүйц сайжирвал гэр-ажил-гэр гэсэн тогтсон маршруттай бид жирийн өдрүүдэд бөглөрөн байж машин унах гэхгүй л дээ.
Бөглөөнөөс биднийг “бөөндөн” гаргах хамгийн ойрын арга бол нийтийн тээврийн тоог нэмж, нүүрийг нь угааж, шинэчлэн соёлжуулах явдал юм уу даа.
6
П.Баярхүү /тоймч/