Улсын төсвийн хөрөнгийг хамгийн их уудаг салбаруудын бол Боловсролын салбар. Ингэхээс ч өөр аргагүй юм. Ингэж их зарцуулдагийнхаа хүчинд ч хүн амд ноогдох бичиг үсэг тайлагдсан хийгээд боловсролын ерөнхий мэдлэгээрээ дэлхийд монголчууд толгой цохьдог. Харамсалтай нь манай боловсролын төвшин гадаадын битгий хэл дотоодынхоо хөдөлмөрийн зах зээл дээрх энгийн шаардлагыг ч бараг гүйцэлдүүлж чадахгүй байна. Аль нэг их дээд сургууль төгссөнийг гэрчлэх учиртай "диплом" хэмээх баримтат хавтасыг "боловсрол" гэж эндүүрээд байдаг үзэгдэл, "диплом"-ыг шүтэх гаж тогтолцоо, энэ хийрхэлийг өдөөгөөд байгаа юм даа.
,
Саяхан хоёр танил маань ярьж байна. Нэг нь “Би хүүгээ МСҮТ-ийн сургуульд сургаж байгаа” гэсэнд нөгөөх нь ихэд гайхаж “Яасан миний найзад мөнгө нь олдоогүй юм уу” гэж гайхан харж байх юм. Нөгөөх нь ичихдээ чихээ хүртэл улайж суулаа. Бид боловсрол мэргэжлийг ингэж л хүлээж авч байна. Дээд боловсролтой өндөр үнэтэй сургуульд хүүхдээ сургаж л байвал ирээдүй хойч нь Ильичийн гэрлээр явчих шиг санах. Хүүхдийн ямар авьаяс мэдлэгтэй огтоос ч хамаагүй. Ингэж л дипломгүй гудамжинд лааз өшиглөгсдийн 92 оноос хойш хэдэн мянгаар нь бэлтгэлээ. Өөх ч биш булчирхай ч биш нөхдүүд төд мөдгүй улс гэрийн хөгжлийг тодорхойлох болж байна. Бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ цаг үед хамгийн их дутагдаж байгаа зүйл бол мэргэжлийн боловсон хүчин. Хадаас аятайхан хадчихдаг, өрлөг эвтэйхэн хийчихдэг, хоёр төмөр нийлүүлээд ганачихдагаас авахуулаад техник технологи дээр ажиллачих боловсон хүчин, мэргэшсэн ажилчид хэрэгтэй байна даа. Яахав муусайн ч соц нийгмийн үед Монгол оронд шаардлагатай боловсон хүчний жагсаалтыг дор хаяж таван жилээр гаргаж, их дээд, ТМС-д хэчнээн оюутныг яаж бэлтгэж хөдөлмөрийн зах зээл дээр гаргахаа нарийн төлөвлөдөг байсан. Ингэж төгссөн нэг ч оюутан ажилгүй болдоггүй байлаа.
.
Яахав их дээд сургууль төгсөгчид нь том жижиг дарганцар болдог болохоор эцэг эхчүүд ямар ч үнээр хамаагүй үр хүүхдээ их дээд сургуульд оруулахын мөн болж байсан бол аз дутсан нэг нь ТМС-д бүүр дордоод хар ажилчин болдог байлаа. Энэ сэтгэлгээ маань өнөөг хүртэл бидэнд хадгалагдсаар байна. Хуучин цаг шиг төрийн шахалтаар бус зах зээлийн журмаар “цагаа захтнууд” 170 шахам их дээд сугргуулийг мянга мянгаараа төгсч эхэлсэн. Хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт ханачихсан болохоор дипломтой зөөгч, угаагч, харуул хамгаалалтын ажилтны бүхэл бүтэн арми бий болов. Өнөөдөр "мөнгөтэй" л бол, хэн дуртай нь таалагдсан их дээд сургуулиа, "хүссэн" дүнтэйгээ төгсөх болж дээ. Дээд боловсролтой л бол "дарга" төрхтэй, амьдралын "баталгаатай" болдог гэсэн бодол, ухаарлаасаа салж амжаагүй нэг хэсэг нь, "диплом" хэмээх баримтыг "боловсрол" гэж эндүүрэн, мунгинасаар...
.
Их дээд сургууль төгсөгчдийн чанар муу байгаа тухай, тэд сурах ёстой зүйлээ сурч дадлагажаагүй байгаа тухай, өөрийн ирээдүй болон хүсэл мөрөөдлийн ямар ч тэмүүлэлгүй байгаа тухай олонтой шүүмжлэн яригддаг. Аргагүй шүү дээ! Тэд дипломтой л болохыг хүссэнээс, боловсролтой болохыг хүсээгүй юм. Тоо бодохгүй толгой амар гэж сэтгүүлч, хуульч, түүхч, орчуулагч болж тоо бодож чаддаг нь эдийн засагч, нябо, менежер, программистаар суралцаж байлаа. Өнөөдөр дор хаяж 50 мянга орчим ийм мэргэжилтэн ажилгүй гул аранжиндаж явааг Боловсролынх нь яамнаас гаргасан судалгаа харуулж байгаа юм.
.
Эцэг эхчүүд ч хашрахгүй дараа дараагийнхаа хүүхдийг өр зээл тавин байж төгсгөнө. Үүний цаана асар том бизнес, мөнгөний урсгал нуугдаж байна. Ашгийн бус гэж их дээд сургууль өөрсдийгөө тодорхойлдог ч жинхэнэ цэвэр ашгийн эх үүсвэр дээ. Боловсролын яамны олон түшмэд эрх мэдлээ ашиглан их дээд сургуулийн зөвшөөрөл олгодог үүгээрээ гаршсан бизнесменүүд болсон шүү. Нэг хэсэг УИХ-ын эрхэм гишүүдийн дийлэнх нь ардаа ямар нэгэн их дээд сургуультай байсан юмдаг. Манай Лүндээ даргаас эхлээд Оюунхорол гишүүнээр удаалаад явж өгнө дөө. Гаргаж байгаа бүтээгдэхүүн нь даанч халагламаар. Бөөн л дарга нар төгсөнө. Яг бүтээн байгуулалтад гар биеэ зориулчих нэг ч боловсон хүчин, мэргэжилтэн ажилтан байхгүй. Орноос нь хятадууд, вьетнамчууд, оросууд гэхчлэнгээр харийнхан ажиллана. Нөгөө хөрөнгө мөнгө тэднээр дамжаад гадагшаа гарч өгнө дөө.
.
Хэн нэгэн эрх мэдэлтэн сургууль байгуулах нэрээр, хичээлийн байрны зориулалтаар олон барилга байгууламжийг хямд үнээр хувьчлан авсан, эсвэл байрлал сайтай газар шинээр барилга бариулсан байгаа. Сургуулиа дампууруулахад л барилга байгууламж нь тухайн хүний хөрөнгө болон үлдэнэ. Жил бүрийн намар их дээд сургуулиуд, оюутнуудаасаа "Төлбөр" нэрээр хураан авч буй асар их бэлэн мөнгө, бизнесийн эргэлтэд орж, "угаагдан" гарна. Оюутнуудын дотуур байрны төлбөр, шалгалт, бас шалгалтын төлбөр, багш нарын шахааны номны үнэ гээд байнга бэлэн мөнгө эргэлдэж, эзэддээ арвин их "ашиг" өгч байдаг газар бол их дээд сургуулиуд. Ашгийн бус гэж сайхан нэрлэгдсэн их дээд сургуулиудын муугүй бизнесийн мөнгөн урсгалыг тооцвол хэдэн тэрбумаар хэмжигдэнэ.
.
Боловсрол ингэж л мөнгөний шоронгийн шалан дээр амь тавьж байна. Харгалзагч нар нь захирал, хичээлийн эрхлэгч, дотуур байрны комендантууд. Төр энд тэндхийн ацан шалаанд орж магадлан итгэмжилдэг болсон ч, ижил төстэй улсын чанартай сургуулиудыг нэгтгэн хураан хумих гэж оролдсон ч үр дүнд хүрэхгүй байна. Төдөн хүн дээд боловсролтой болж дүүргэсэн гэхээсээ илүү хэд нь ажил албатай болов гэдгээр хэзээ ажлаа дүгнэх улс вэ энэ боловсролын салбарынхан. Боловсролын сайд Л.Гантөмөр уг нь залуу хүн. Японд боловсрол дүүргэсэн гадны боловсролын шилдэг систем хэрхэн ажилладгийг сайн мэднэ. Даанч нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхэв гэдгийн үлгэр болж байна даа.
.
Н.Бадамжав
Уншиж байна |