Ард түмэн хэсэг амар тайван амгалан ахуйд засаг нөгөө сайн эрчүүдтэйгээ нийлж байгаад эдийн засгийг сөхрүүлэв. Гайтай юм шиг Нарантуулын хүнсний худалдааны төв шатаж нэг хүн амь эрсдэж нуусан бүхнийг нь ил болгов бололтой. Бөмбөгөр шатаад бөөн аюул болж байлаа. Хөөрхий Г.Алтан заримыг нь төлсөн заримыг нь өнөө хэр төлөөгүй. Лангуун дээр нь яг юу юу байсан, хэдий хэр хөрөнгөний эд бараа байсныг өнөө хэр нь тогтоогоогүй юм билээ. Авч ч болдогггүй, байж ч болдоггүй хөрөнгөнийхөө төлөөнөөс /байсан эсэх нь үл мэдэгдэх/ өнөө хэр нь тэд тэмцсээр. Ахиад л гал түймэр улалзав. Ш.Сайхансамбуу гүрийгээд төлөхгүй. Гурван сарын хугацаанд барагдуулна гэсэн гэнэ лээ. Гэхдээ тэр Алтан биш. Одоо түрээслэгчид хэнээс хаанаас энэ хөрөнгө мөнгөө олж авах вэ. Он удтал дамжсан хэрүүл маргааны суурь ингэж тавигдаж байгаа юм. Сайхан хэрэлдэнэ дээ. Маш удаан...
1
Энэ удаагийн үйл явдал манай даатгалын салбар хэчнээн доройтсныг нэгмөсөн харуулав. Хүмүүс нь ч даатгуулдаггүй, даатгуулагчид нь ч сонирхдоггүй. Сонирхдоггүйн учир манай хууль тогтоомж даатгуулагч нөхдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн ямар ч чадамжгүй байгаад хэргийн учир утга оршиж байгаа юм. Тийм хууль эрх зүйн цоорхой дээр л нөхдүүд ажиллаж байгаа хэрэг. 300 гаруй түрээслэгчдийн /аман тоогоор хэдэн тэрбум төгрөгийн/ өрийг төр хариуцах юм гэнэ ээ. Мөн горьдов оо. Төр гэдэг чинь хэн юм бэ. Ердөө л ард түмний хөрөнгийг нийтийн эрх ашгийн төлөөх томоохон хөрөнгө оруулалтад зарцуулахаас бус хэн нэгэн олиргархийн учруулсан гамшгийн төлөөсөнд явдаг юм биш.
1
Дахиад л нөгөө түүх давтагдах нь. Би хөдөлмөрлөөд төрийн алдсан алдааг төлөх юм гэнэ дээ. “Эрүүл аюулгүй орчинд үйлдвэрлэл үйлчилгээг нь явуулаач” гэж төрд бид татвараа төлдөг. Харин хэдхэн олигархиудын алдсан алдааны төлөөсөнд идэх мах, талхныхаа мөнгийг өгнө гэж та нарыг сонгоогүй юм шүү. Ер нь ингэхэд банкны хадгаламжийн 91,2 хувийг эзэмшдэг, нийт баялгийн тэн хагасыг эргэлдүүлдэг та бүхэн энэ өчүүхэн түмний төлөө юу хийсэн юм бэ.
1
Төр бизнесийн хүрээнийхэн хэрхэн хуйвалдаж нягтшиж байгааг ойрын хэдхэн сарын үйл явдлаас харж болно. Хэчнээн нөхдүүд зүүдэндээ ч төсөөлөөгүй мөнгөөр наргиж цэнгэснийг, хэдэн тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хэрхэн гацааж байгааг бэлхнээ төсөөлж л суугаа байх. Хаа байна тэр 5-дугаар станц, хаа байна тэр Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор, хаа байна тэр төмөр зам ... хаа хаа байна. Нэгнийх нь ч сураг бүү хэл босгосон шон, зам, суурь л байгаа шүү дээ.
1
Би том мөрөөдөлтэй байхыг хүсдэг гэж нэг залуу хэлж билээ. Бас том мөрөөдлийг том боломж нээдэг гэлээ гэж итгэлтэй хэлсэнсэн. Ийм орчин нөхцөлд том мөрөөдөл аюул дагуулах юм шиг. Нийгэм эдийн засгийг атгаж байгаа хэдхэн гэр бүл л /300 орчим гэдэг юм билээ/ миний чиний мөрөөдлийг нухчин дарах юм байна.
1
-Уучлаарай та татвараа төл дараа нь төр засаг чинь өрөндөө өгчихнө. Ээ хөөрхий явчихсан уу. Нөгөө нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал чинь байхгүй шүү. Ард үлдэгсэд нь яаж ийгээд аргалчих, мөнгөтэй болоод өгчихнө гэнэ. Бидний бүхэл бүтэн таван их наяд төгрөгийн татварыг ингээд л аргалчихна. Гоё байгаа биз. Ийм атлаа эх орондоо зүв зүгээр сайхан амьдар гээд уриалаад байгаа юм даа. Нэг л их ярьсан хүмүүс толгой дээр байна. Олигтойхон хариуцлага тооцчихдоггүй. Нийслэл хотоосоо энэ мэт гай гамшгийн үүр уурхайг гаргаад явуулчихдаггүй ийм ч улсын БААТАР-тай МОНГОЛ байх гэж дээ.
1
Уг нь миний эх орон Монгол омогтой, ухаантай, уужимхан түмний өлгий юмсан. ...Би энэ дээдэх нөхдүүд хэлж байна. Урьдынх шигээ та нарт толгойгоо угаалгачих эрдэм мөхөс нэгэн байхаа больсон юм шүү. Бид юм үзэж нүд тайлж байна. Улам бүр бид хөгжиж байна. Харин та нар нөхдүүд ээ. Амьд хүмүүс гэдгийг минь санаж яваарай. Эерэг сайнаар харж, чин сэтгэлээсээ бие биендээ эелдэг найрсгаар хандаж, инээмсэглэж, мэндэлж хүндэлж, урам талархлын үгийг хэлж шийдвэр гаргах нь та нарт нэг их хэцүү биш байлтай. Бидний онож алдах минь цусанд бий.
1
Уудам дэлгэр газар нутагтай, бахдаж бахархам түүхтэй, бусдаас арай л омог бардам монголчууд бид хэдий цөөхөн ч, бие биенээ хайрлан хүндэлж болно доо. Бусдын баялгийг бизнесийн хэчнээн ашигтай байсан ч хуваалцах өчүүхэн төдий сэтгэлийн гал асах нь таны үүрэг шүү. Монгол хүн болсны. Энэ газар нутагт төрж өссөнийх чинь хариуцлага шүү.
1
Н.Бадамжав