1
Олон яриа шүүмжлэлд нам дуугүй байсан Засгийн тэргүүн Н.Алтанхуяг зарим тайлбар өглөө. Тэрбээр ерөнхийдөө бүх юм ОК байгаа гэлээ.
Тэрбээр “...Шинэчлэлийн Засгийн газар тоогоор хөөцөлдөхгүй. Худал хуурмаг зүйлд хариулт өгөхгүй. Үндсэн гурван зүйл дээр хэрхэн ажиллах вэ гэдэг л бидний гол зорилго. Одоо бид ирэх есдүгээр сард Засгийн газрын нэг жилийн тайланг тавина. Юу болоод байгааг нээлттэй тайлагнана. Бидэнд ард иргэдээсээ нуугаад байх зүйл байхгүй. Харин үүсч байгаа зарим зүйл дээр дөрөөлж Засгийн газрыг унагах гэсэн оролдлого бүтэхгүй гэж хэлмээр байна. Валютын ханш нэмэгдсэнээс болж нэг яриа гарч байгаа юм. Энэ юу гэхээр “Засгийн газар хүнд байдалд орчихсон байна. Үүнээс болж Монголын эдийн засаг сөхөрч эхлэх нь. Татвараа нэмж эхлэж байна. Татварын хуульд өөрчлөлт оруулах журмаар татвар нэмж хөрөнгө хуримтлуулах гэж байна” гэсэн яриа гарсан. Энэ бол үндсээрээ худлаа. Дээр нь валютын ханш нэмэгдсэнээс болж шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн яриа газар авлаа. Ийм зүйл байхгүй. Өнгөрсөн намар бид бөөн хэл ам болж байж орон нутгийн сонгуулийн өмнө нефтийн компаниудтай учраа олсон. Тэгэхээр шатахууны үнэд ямар ч өөрчлөлт орохгүй. Найман хувийн орон сууцны зээл мөнгө нь дуусаад тасарна гэж ярьж байна. Тийм зүйл огт болохгүй. Гэхдээ Засгийн газар валютын ханшийг яаж тогтвортой болгох вэ гэдэг дээр Монголбанктай хамтраад ажиллана” гэж мэдэгдлээ.
1
Энд хамгийн гол авч үлдэх амлалт ч гэмээр зүйлийг хэлсэн нь ямарч байсан шатахууны үнэ өсөхгүй гэж Засгийн тэргүүн түс тас мэдэгдсэн явдал юм. Энэ нь доллар өссөнөөс далим авч шатахуун тээврийн зардал өснө гэж сенсаацлан юмны үнийг нэмэхээр шуугиан дэгдээж байсан нөхдүүдийн ам руу алгадсан цагаа олсон хариулт байлаа.
1
Архийг журамлах хууль санаачлав
1
Ж.Эрдэнэчимэг нарын эмэгтэй гишүүд намрын чуулганаар архины хяналтын хууль боловсруулан оруулж, хуулийн төслийг тун чамбай чанга, архи үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн эздийн нөлөө оруулахгүйгээр чуулганд оруулахаар болсон талаар мэдээлэл гарлаа.
Уг хууль батлагдаж гарвал ирэх хавраас хэрэгжиж эхлэх бөгөөд жижиг дэлгүүрүүд архи худалдах эрхгүй, тухайн дүүрэг, хороо, аймаг сумын иргэдээс асууж, санал асуулга авсны үндсэнд ганцхан дэлгүүрт эрхийг өгч худалддаг байхаар хуульчлах юм байна.
1
Түрүүний тамхины хууль санаа зорилго зөв боловч хэрэгжүүлэх тал дээр нь өөрийн орны онцлогийг сайн харгалзан үзээгүй, зөвхөн хотын хүний нүдээр харж хийсэн гэсэн шүүмжлэл гарч байлаа. Тухайлбал, аймаг сум зэрэг газрын хувьд тамхи зардаг дэлгүүр төвөөсөө гараад явчих гээд байгаа талаар дурьдсан байдаг.
Өөрөөр хэлбэл, энэ хууль нь сумд зэрэг жижиг суурин газар нэг мөр хэрэгжих нь бололцоо муутай талаар шүүмжлэл юм. Гэхдээ энэ хууль хорт тамхины хүрээг хумьж өгсөн хууль байсан гэж олонх иргэн ам сайтай байгаа.
1
Одоогийн яригдаж буй энэхүү архины хяналтын тогтолцооны зохицуулалт нь хэт нэг талыг барьсан хууль болж дээр үеийн шиг архитай нь тэмцэж байж далд эдийн засгийг хөхиүлж, өнөөх хулхи архи ил далд хямд зарагдах нөхцлийг үүсгэх вий гэдгийг иргэд анхааруулж байна.
Аливаа зүйлийг хорьж хаах тусам далд бохир бизнес ихэсдэг гашуун сургамж манайд хангалттай бий.
1
С.Ганбаатар гишүүний ээлжит захидал
1 Оюутолгойн хөрөнгө оруулалт, монгол болон гадаад ажилчдын цалин хөлс, нийгмийн асуудал гэх мэт олон зүйлийг анхнаас нь Монголын талд нааштай шийдвэрлэхийг зорьж ирсэн С.Ганбаатар гишүүн Оюутолгойнхонд дахин нэг захидал илгээж олны анхаарлын төвд орсон талаар хэвлэлээр мэдээллээ.
Тэрбээр уг захидалдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын хэмжээ Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаас яагаад өөрчлөгдсөн талаар болон уг төслийн санхүүжилттэй холбоотой мэдээллийг нэг мөр болгохыг хүссэн юм байна.
1
Рио Тинто Оюутолгойг тойрсон олон яриа байгаа ч өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг Оюутолгойн төсөл явдгаараа явж байгаа. Гаргах юмаа гадагш нь гаргаж байгаа. Асуудал байхгүй. Хоёрдох хөрөнгө оруулалтын асуудал тавигдсан түүнийг хэлэлцэнэ гэж өндөр авсан нэгэн шуугианыг намжаах үг хэлсэн. Үүгээр харвал Оюутолгойн энэ “шантааж зогсолт” нэг их удаан үргэлжлэхгүй гэж найдаж болохоор байна.
1
Галт утааны гашуун сургамж
1
Өнгөрөгч баасан гарагийн үүрээр олон сэтгүүлчийг Нарантуул зах утаагаар даллан хар үүрээр ажилд нь дуудлаа.
Олон улсын гэх тодотголтой Нарантуул худалдааны төвийн хүнсний захын байранд гал гарч олон иргэн хохирсон харамсалтай хэрэг гарлаа. Нийслэлийн онцгой байдлын 120-оод гал сөнөөгч өдрийн турш ажиллаж галыг цааш дэгдээж даамжрахаас нь өмнө дарж авлаа.
1
Энэ түймрийг тойрсон шуугиан дуулиан шинэ долоо хоногоо ч даахаар байна. Түймэр дарагдаж эхлэх үед нэгэн цогцос олдсоноор хүний амь эрсдсэн нь тодорхой боллоо. Урьдчилсан байдлаар шинжээчид хохирогчийг хүүхэд байсан гэж тогтоосон мэдээ байна.
Зам тавиулахгүй гэж жагсаал бослогодоо хүрч олны анхааралд орох гэж оролдож байсан Нарантуул зах ийн нэг мөр төрийн болоод түмний анхааралд ороод байна.
1
Телевизээр өгч буй мэдэгдлүүдийг харахад анх гал дэгдэхийг харж мэдсэн, хажууд нь зах дотор нь байсан гэх хүн олон байгаа ч галын дуудлагыг гаднаас өөр хүн өгсөн байгаа нь хууль хүчнийхний гайхширлыг нэлээн төрүүлж буй бололтой.
Гал юунаас гарсныг тогтоох байгууллага нь тогтооно. Одоо түрээслэгчдийн хохирлыг яаж тогтоож хэрхэн байрагдуулах вэ гэдэг дээр бүх анхаарал зангидагдаж байна.
Албаны хүмүүсийн мэдэгдэж байгаагаар ерөнхийдөө энэ асуудал гарт орсон цэгцтэй, шийдэгдэхээр болж байгаа бололтой. Түрээслэгчдийн зүгээс төлөөлөгчид гарч зохих албаны хүмүүстэй хамтран хохирлыг тогтоох барагдуулах ажил явагдах гэнэ.
1
Өмнө нь гамшиг дагуулсан “Бөмбөгөр”-өө бодвол зах ба түрээслэгчдийн гэрээ болоод түүнийг дагалдаж байгуулсан даатгал нь жигд хийгдсэн байсан гэнэ. Хэрвээ үнэхээр даатгал нь хийгдсэн байгаа бол асуудал арай нааштай тайван замаар явж болох юм.
Эндээс даатгалын гэрээ байгаа бол “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу цагт дэргэд минь байж татаж авна” гэж рекламддаг даатгалынхан одоо хэрхэн бяраа үзүүлж дааснаа төлөхийг харах алтан боломж гарч магадгүй байна.
Хохирлыг хэрхэн байрагдуулах талаар иргэдийн санаа бодол их л дуулдаж байна. Заавал Ш.Сайхансамбуу гэж хүн төлөх ёсгүй, хууль журмийн дагуу даатгалаараа болон гал гаргасан буруутан хариуцлагаа хүлээж хохирлыг барагдуулах ёстой гэсэн иргэдийн байр суурь хүчтэй сонсогдож байна.
1
Нэгэнт нэрээр нь овоглогдсон болохоор эзэн ноён Ш.Сайхансамбууг хэрхэн дуугарахыг олон нийт чих тавин чагнаж байна. Одоогоор түүний зүгээс албан ёсоор ямар нэг тайлбар мэдэгдэл, амлалт өгөөгүй байна. Хэдийгээр сайтаар түүнийг 3 сарын дотор бүх хохирлыг төлнө гэж мэдэгдсэн мэдээлэл гарч байгаа ч үүнийг Ш.Сайхансамбуугийн албан ёсны мэдэгдэл биш ба энэ мэдээлэл хаанаас яваад байгаа эх сурвалжийг мэдэхгүй байна гэж захын төлөөлөл албаны хүн нь телевизээр мэдэгдсэн.
Гэхдээ асуудал таамаг мухарлагдаж, гал гарсан болон цаашид үүсэх нөхцөл байдал тодорхой болоод ирэхээр түүнийг дуугарах байх гэсэн хүлээлт олны дунд байна.
1
Гал гарснаас хойшхи өдрүүдийн хүмүүсийн яриа таамаг дүгнэлтийг сонсоход ерөнхийдөө галын аюулгүй байдал муу хангагдсан байсан хийгээд их хөрөнгө агуулсан газар гэхэд сайн дурын манаач хоног төөрүүлэгч ихтэй, товчхондоо сахилга хяналт султай байдал нь ужгирсан байсан нь гал дэгдэх нэг суурь нөхцөл байсан болов уу гэж хэлж болохоор байна.
1
Ирж буй долоо хоногт гал гарсан обьект дотор нас барсан хохирогч хэн байв, гал гарах үед орсон уу, эхнээсээ дотор нь үлдсэн байсан уу, яагаад гал гарахад тэр олон хүн харж байсан хэрнээ гал команд руу хэн нэг нь эхэлж утас зохисонгүй, гаднаас хүн дуудлага өгөв, хохирол үнэн зөв тогтоогдох уу, түрээслэгчид шударгаар хандаж шатсан бараа тооцоогоо үнэн зөв гаргаж өгч, авах ёстойгоо авч ажил амьжиргаагаа үргэлжүүлж чадах уу зэрэг олон асуултын хариулт нэг тийш болж эхлэх юм.
1
Хаана хаанаа хэнэггүй, хариуцлагагүй, төр захиргаагүй, хяналтгүй мэт байж дотоод зохицол, ахуйн дүрмээрээ амаараа тохиролцон яваад болоод байдаг гэх ЗАХ хэмээх их хөлийн газарт анхаарч цэгцлэх асуудал их байгааг энэ галын гашуун утаа хэлж өглөө.
Хэнэггүй хариуцлагагүй бусдад нь аз эзэндээ найдаж ажил явуулдаг бусдад нь ч хатуу сануулга, анхааруулга болж чадсан байгаасай даа.
1
П.Баярхүү /тоймч/