Өглөө эрт 6 цагийн үед утсанд дуудлага ирлээ. “Хөөш хө, Нарантуул зах шатаж байна, хүнсний захын байр нь гэнэ. Эндээс утаа нь харагдаж байна, манай нэг эгч тэнд лангуу түрээслэдэг байсийн, түрүүн уйлаад л залгаад байна. Яанаа баахан хүмүүс баларлаа даа” гэсэн дуулиантай мэдээг нухацтай хэрнээ тайван ч юм шиг өгүүлэв.
6
Яг үүнтэй адил нэгэн хар мэдээг 5 жилийн өмнө Бөмбөгөр худалдааны төв шатлаа гэсэн лидтэйгээр телевизээр харж цочирдож байлаа.
Давхардсан тоогоор 700 гаруй түрээслэгч, худалдаа эрхлэгч хохирсон байдаг. Дараа нь албаныхны мэдэгдлээр татварын албанд бүртгэлтэй 403 лангуу түрээслэгч, 19 аж ахуйн нэгж байсан гэж мэдэгдсэн. Тухайн үед тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой гэж яригдаж байсан.
6
Алтан авхай эхний өдөр бүх хохирлыг барагдуулна гэж ТВ-ээр мэдэгдэж амьдарлынхаа эх үүсвэрээс салсан түрээслэгчдийн гомдлын нулимсийг арчиж, найдвар төрүүлж байсан бол дараа нь “амжихгүй нь” болоод явчихсан. Үзүүр үл баригдах зарга маргаан, үргэлжилсээр эцийн эцэст түрээслэгчид гэх энгийн иргэд л хохирч үлдсэн. Энд хамгийн хэцүү нь иргэдийн хэдий хэрийн бараа хөрөнгө тухайн өдөр байсан бэ гэдгийг тогтоох асуудал байсан байдаг. Ядахад хатагтай Алтангийн хуучин Бөмбөгөрийг улсын комисс хүлээж аваагүй байсан гэдэг. Тухайн үед нийслэлийн төрийн сангийн хэлтсийн дарга “Улсын комисс уг обьектыг албан ёсоор хүлээж аваагүй болохоор түрээслэгчдийг даатгалд хамруулах ямар ч үндэслэл байхгүй” гэж байв. Хотын дарга асан Ц.Батбаяр “Хотын төсвөөс иргэдийн хохирлыг барагдуулна гэсэн юм байхгүй. Харин иргэдийн хохирлыг тухайн компани барагдуулахад хотын зүгээс иргэддээ тусална” гэж байсан. Нэг түрээслэгч нь 3х2 метр хэмжээний лангуу эзэмшдэг бөгөөд ийм хэмжээний газарт хэдий хэр хөрөнгө байж болохыг барагцаалж тооцох мэтийн аргаа барсан аргачлал хэрэглэж урьдчилсан тооцоогоор 20 гаруй тэрбум төгрөгийн хохиролтой гэж мэдэгдэж байлаа.
Одоо энэ галаас учирсан хохирлыг хэрхэн тооцох юм бол доо.
6
Нарантуулд дэгдсэн энэ галын ард ямар гээч хожоо харсан улс төржүүлэлт явагдаж, хэн хэн нь ард түмэнд хайртайгаа яаж илэрхийлэхийг одоо таашгүй. Өглөө дэгдсэн галыг дагаад одоо хүмүүсийн яриа Нарантуул захын сэдэв дээр халж эхэллээ.
6
“Байнга л түрээсээ нэмж түрээслэгчдийнхээ халаасыг тэмтэрч байдаг энэ том захын эрхмүүд одоо шатсан түрээслэгчдээ яаж хандахыг харах ёстой” гэсэн хэсэг байхад “арай ч дэндүү байсийн, хөхөө өвөл -25 хэмд хүнийг гадаа зогсоодог ийм зах одоо хаана байна, ядаж ганц дээвэртэй битүү зах нь шатчих юм” гэж гаслах хүн ч байна. “Ш.Сайхансамбуу бол “мужик”. Г.Алтантай адилгүй түрээслэгчдийн хохирлыг бараг л бэлэн тоолоод өгчих биз дээ” гэж мушийн ярих нь ч байна.
6
Юунаас болоод гал гарав гэдгийг шалгах тогтоох ёстой байгууллагуудын хийх ажил. Тэд ажлаа аль хэдийнэ эхлүүлсэн байгаа. Харин өчигдөр оройхон бараагаа нэмж татаад хэдэн төгрөгөө шавчихсан түрээслэгчдийн хохирлыг яаж тогтоож хэрхэн барагдуулах вэ гэдэг асуудлыг цаг алдалгүй тогтон яриасай.
6
Урьдын Бөмбөгөр ба Алтан хатагтайн холбоо үлгэр шиг сунжирсан түүх болж галд хохиросон түрээслэгчид хохирохгүй байх баталгаа байна уу. Хүн нь гайгүй юм даа гэдэг шиг Ш.Сайхансамбуу эр хүн, бидний хохирлыг шууд л бэлэн төлчих байх байх гэсэн түрээслэгчдийн найдлага биелээсэй дээ.
6
Унтарч байгаа галыг шуугиан болгон хөөрөгдөж, сэжиг таамгийг дэвэргэж, ямар нэг ашиг хонжоо, улс төр болголгүйгээр олон хүний хөрөнгө хохирлыг шударгаар яаралтай барагдуулах ёстой.
6
П.Баярхүү /тоймч/