Цэнхэр дээлээ өмсөөд...
2013-08-22

“Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ очно доо” гэж чихэнд наалдацтай хүүхдийн дуу байдаг. Социалист гэх нийгмийн үеийн цэцэрлэг яслийн дулаахан тухтай орчныг санагдуулна. Энэ 9 сарын 1-нд цэнхэр дээл нь байвч цэцэрлэгтээ очиж чадахгүй хүүхдүүд их байх бололтой.

.

Албаны хүмүүсийн мэдэгдэж буйгаар 2013-2014 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд 191805 хүүхэд суралцана. Үүнээс цэцэрлэгт 156648, хувилбарт сургалтад 31924 хүүхэд тус тус суралцана гэнэ.

Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа нийт хүүхдийн 160201 төрийн өмчийн цэцэрлэгт, 25438 нь хувийн өмчийн цэцэрлэгт суралцахаар байгаа гэнэ.

Энэ жирийсэн тооны цаана багтаж чадаагүй багачуул чихрээ хүлхээд гэртээ суухаар болоод байна.

Харьяаллын бус хүүхэд авахгүй гэдэг нэг том тээг дээр ирээд буцаж буй эцэг эхчүүдэд ганц л гарц байна. Хэн нэг зуучлагчийг олж хэдэн төгрөг атгуулаад нам сэм хүүхдээ бүртгүүлэх. Хэдэн төгрөг гэдэг “урамшуулал нь” 150-200 мянган төгрөгт байгаа талаар эх сурвалжууд ярьж байна. Хэрвээ энэ яриаг нь ухаж төнхөөд сурвалжлаад гаргаад ирвэл арай гэж хүүхдээ өгөх гэж байхад гай боллоо, холуур яв гэж зүхэх биз. Юун шударга бус явдлыг илчлэх, нэг өрх айл хүүхдээ цэцэрлэгт өгч асуудлаа шийдэж байхад нь гай болсон хэрэг болно.

.

Ямар ч газар эрэлт их байхад тэнд ил далд сүлжээ үүсч, мөнгө хийж эхэлдэг нэг жишиг дээр доор түвшинд тогтоод удаж байна.

Хэвлэлээр цэцэрлэгийн асуудлаар багагүй л бичиж санаа бодлоо гаргаж байна. Нийт цэцэрлэгийн насны хүүхдийн 66 орчим хувийг нь л чигжиж багтаах багцаа тоо гарсан байна. Ард нь авилгаар орох 10 хувиа нэмбэл нийт багачуулын 30-аад хувь нь лав “гэртээ ганцаараа” болох гээд байгаа юм байна. Улсын хэмжээнд 80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ үлдэх гэнэ.

.

Ерөнхийлөгчийн сонгуулиар ярьж байсан гэрээр хүүхэд асрах асуудал хэзээ вэ. Ямар ч байсан нэр бүхий гишүүд санаачлан хуулийн төсөл бэлэн болгосон гэсэн.

Нүдээ олсон энэ санал яг одоо л хэрэгжиж хүмүүст хүртээлээ өгөх хэрэгтэй байх шиг. Заавал хууль батлуулахгүйгээр эхлээд нэг журам ч болсон гаргаад, хүүхдийг гэрээр хардагтай төстэй үйлчилгээг зохих хяналтын дор, шаардлага хангасан нөхцөлд  эхлүүлмээр.

.

Эцэг эхчүүдийн ил далд атгуулчихья гээд атгаад яваа 150 мянган төгрөгийг ил болгож бөөгнөрүүлвэл овоо л мөнгө болох байх. Цэцэрлэг бүрийн хажууд ангигүй үлдэж байгаа хүүхдүүдийг нэгтгэж бүртгээд эцэг эхчүүдийн нөгөө далд өгөх гээд байгаа мөнгийг нь ил төвлөрүүлээд харвал шийдэх арга зам харагдах л болов уу. Дээр нь цэцэрлэгийн насны нэг хүүхдэд улсаас өгдөг хувьсах зардал гэж байгаа.

.

Далд хэдэн хүний халаасанд ороод байгаа мөнгө урамшууллыг боломжтой хувийн цэцэрлэгт оруулж зөрүүг төр хувьсах зардлаас нь төлдөг ч юм уу, арга гарц хайх ёстой. Зуучлагчаараа дамжуулаад 10 хүүхэд зохицуулчихсан цэцэрлэг сая таван зуун мянгатай болчихно байна. Цэцэрлэг бүрт л нэг иймэрхүү зохицуулалт явагддаг нь нууц биш болсон. Аргалаад тоо даацаа хэтрүүлэн байж хэдэн хүүхэд илүү авч байгаа цэцэрлэгээ адлаад ч яахав, арав хорин цэцэрлэг барих мөнгө гулгуулчихсан авилгачдаа зүхээд ч яахав.

Цэнхэр дээлээ бэлдээд цэцэрлэгтээ явах хөөрхөн үрс гэртээ үлдэх гээд байна. 9-р сарын 1-нээр бүх юмны хязгаар дуусчихгүй. Хүүхдүүд гэртээ үлдсэн ч цэцэрлэгээ хүлээсээр байх юм.

.

Ерөнхийлөгч ах нь нэг юм хэлсэн, тэр нь ажил болохоор миний хүү энэ дээлээ өмсөөд шинэ цэцэрлэгтээ яваарай гэж бяцхан үрсээ аргадаж, аргалж байгаа аав ээжүүд олон байгаа. Цэнхэр дээлээ эвхээд гэртээ үлдсэн үрсийг нь цэцэрлэгт нь хэзээ дуудах вэ, сайдаа.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
evii:
Eviidee. mongoor buhniig shiiddeg unuu tsagt huuhduud l dund ni hohiroh yum daa...
2013-08-23
тогосоо:
цэцэрлэгийн дарга нар цулайдаг юм биш үү
2013-08-22
зочин:
юун 150-200,0 гэж ер нь 400,0-500,0 мян бга зарим цэцэрлэг сая гэж бна
2013-08-22