![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/index54.jpg)
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын сар тутам төлөх 4 хувь байлгахаар Засгийн газар шийдвэрлэсэн билээ. Тодруулбал аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан сар бүрийн орлогынхоо 2 хувьтай тэнцэх төгрөгийг эрүүл мэндийн даатгалд заавал төлдөг байсан нь ийн нэмэгдсэн.
Мөн төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагч, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын сарын шимтгэлийн хэмжээ 500 байсныг 670 төгрөг болгон өсгөсөн байна. Мөн гадаадын иргэн, харъяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувьтай тэнцүү буюу 8424 төгрөг байхаар баталжээ. Тэгэхээр баян хүн луувангаа ч иднэ үү, лаагаа ч иднэ үү бидэнд падгүй хэрэг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэнээс хэдэн төгрөг татах нь асуудал биш. Харин ахиухан авчихвал бид л хожино.
Гэхдээ дээр дурьдагдсан төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг даатгуулагч, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмснээр юу өөрчлөгдөх вэ.
Тэдний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг өсгөснөөр, бас төрөөс өгснөөр Монголчууд бид юу ХОЖИХ билээ. Тэгвэл шимтгэлийн хувийг өсгөж байгаа ТӨР хийгээд бас эрүүл мэндийн байгууллага л БИЗНЕС-ийн ашиг хонжоо олно. Харин эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлдэг эгэл жирийн БОРЧУУД наалдах зүйл юу ч байдаггүй гэдэг нь амьдрал дээр нотлогдсон.
Өнөөдөр дүүрэг бүрт байрлах эрүүл мэндийн нэгдлүүдэд өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэгийг тэд лав мэдэхгүй. Харин тэдний хэд нь эрүүл мэндийн даатгалаараа эмчлүүлж байгааг бүр ч мэдэхгүй. Мөн тэднээс хэд нь эрхээ эдэлж эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй хорвоог орхиж байгааг бол бүр сонсоо ч үгүй суудаг байх.
Тэгвэл эрүүл мэндийн даатгалын тогтолцоо хийгээд эмнэлэгт үйлчлүүлж байгаа иргэдийн бодит байдлын талаар зах зухаас нь өгүүлье.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/ages4.jpg)
Эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлж байгаа иргэд шинжилгээ өгөхийн тулд өглөө 06 цагт эмнэлэгийн гадаа ирсэн байх албатай бөгөөд хэн нь түрүүлж ирсэн бэ гэдгээ бусаддаа заавал “мэдэгдсэн” байх ёстой. Хэрэв эрт ирсэн тухайгаа мэдээлэхгүй бол дарааллаа алдах “аюултай”. Бас хэт хойгуур зогсвол эмнэлэгийн багаж хийгээд шинжилгээ авах хүмүүсийн тоо гүйцчихдэг учраас маргааш өглөө эртлэн босч дарааллын дайнд зогсох асуудал үүснэ. Тиймээс өглөө эртлэх нь чухал. Гэхдээ эрт босвол нэгнийг үзнэ гэдэг учраас өглөө эртлэн босох нь асуудал биш гээд тооцчихож болно.
Харин шинжилгээнийхээ хариуг авсны дараа жинхэнэ асуудал үүсдэг. Энэ нь эмчтэй хөөцөлдөж “тоглох”. Өөрөөр хэлбэл шинжилгээнийхээ хариуг барьж бас гайгүй шиг эмчид үзүүлчих санаатай эмнэлэгийн ажилтан шиг л хэдэн өдөр эмнэлэгээр явна. Зарим нь өглөө эртлэн ДУГААР гээч зүйл олгочихдог учраас бас л эртлэхгүй бол болохгүй.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/emch1.jpg)
Дугаар олгох үйл явдлаас хоцорчихвол үдээс хойш үнэ төлбөртэй үзүүлнэ. Гэхдээ эмч нарын зэрэг зиндаа, мэдлэг чадвараас шалтгаалан үнийн ялгаа их. Саяхан нь төгссөн, олон уилийн туршлагагүй залуухан эмч дор хаяж 4500 төгрөгөөр үзнэ. Харин ахлах эмчид 5 мянга, тэрүүлэх зэрэгтэйд үзүүлбэл 5500 төгрөг, доктор 7500, доктор профессорт 10 мянган төгрөгөөр үзүүлнэ. Бас үүн дээрээ нэмээд хэдэн төгрөг өгвөл арай өөрөөр хандаж аашлахгүй шиг үзэж, эмчилгээг нь сайн бичиж өгнө. Бас ахииухан өгвөл эмнэлэгт ч очер дугааргүй хэвтэж мэднэ. Бүүр ихийг нэмбэл эмчилгээгээ хийлгэж дууссаныхаа дараа дахин ирж үзүүлэх эрх авах төдийгүй эмчтэй нь танил болж утасныхаа дугаарыг солилцох боломж бүрддэг тогтолцоо эрүүл мэндийн салбарт аль хэдий нэвтэрсэн. Хөгжил дэвшил нь ахиц хурдацтай явж байгаа энэ гауиг тогтолцоог доктор профессороосоо эхлээд асрагч нь хүртэл нэвтрүүлсэн нь аяга цайнаас эхэлдэг. Сахиургүйгээр эмнэлэгт хэвтэж байгаа өвчтөн үйлчлэгчийг орж ирэхэд аяга цай хийж өгөөд араас нь хэдэн чихэр шоколадхан өгвөл эргэлтийн цай хоолыг хурдан авчирч өгөхөөс гадна ойр зуурыг эд зүйлсийг нь дөхүүлж өгөх, босгож суулгах, цай хоолыг нь аягалж өгөх гээд наад захын нарийн ширийн зүйлдээ туслуулж болно.
Харин эдгээр зардалаас гадна эмнэлэгт хэвтсэн хоногийнхоо тоогоор ор хоногийн мөнгө төлнө. Дундуур нь эм тариа тасарсан манайд гэх шалтгаанаар өөрсдөө эм тариагаа гаднаас авчруулах гэхчилэнгээр эмнэлэгийн зүгээс ирэх татаасны дарамт дуусахгүй. Энэ нь хөдөө орон нутгаас ирсэн болон амьдралын боломж хэр тааруу хүмүүсийн нийтлэг төрх.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/%D0%BEages.jpg)
Олон шат дамжлага дамжиж бас очер дараалал, хүнд сурталаас залхсан нэг нь шууд л хувийн эмнэлэгийг сонгодог. Мөнгө төгрөг л байвал хувийн эмнэлэгүүдэд хүнд суртал, очер дараалал гэх зүйл байгүй. Эргэлтээр ирж байгаа хүмүүс ихэвчлэн өрөөнд нь нэвтэрч болдог учраас салхи сэнгэсэн хүйтэн хонгилд зогсохгүй гээд давуу тал их. Энэ нь боломжийн амьдралтай хүмүүсийн үйлчилгээ.
Харин Монголын нийгэмээс ТАСАРСАН нөхдүүд шууд л гадагшаа нисдэг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд зөвхөн шинжилгээ өгөхийн тулд Солонгосыг зорьж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл зэрэг эмчилгээний үр нь шууд харагдах хэмжээний үйлчилгээ хийдэг өндөр өртөгтэй бас өндөр хөгжилтэй орнууд руу нисч хэдхэн хоногт л эрүүл саруул болж эх орондоо бууна. Гэхдээ цаашид хийлгэх эмчилгээ болон эм тангаа гаднаас авчирдаг гэх.
Мөн өглөө хичээллэдэг оюутнуудын хувьд эрүүл мэндийн байгууллагуудын хаалга сахина гэдэг бүр асуудал.
Тэгэхээр эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн хэдий ч түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа иргэд даатгалын тогтолцоог үгүйсгэдэг. Тэгэхээр оюутнууд хийгээд малчдын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмж байгаа нь хэн нэгний бизнес болохоос бус биед наалдах хэрэгтэй зүйл биш. Өөрөөр хэлбэл шимтгэлийн шимийг, шимтгэл төлж байгаа иргэд бус шимж байгаа ХУВАЛЗНУУД хүртэж байна гэхээс өөр тайлбар үгүй юм.
Ж.Хулан