Хөрөнгө оруулалт хаашаа урсаад байна вэ
2013-08-21

Сая дахь иргэнээ аль эрт хүлээгээд авчихсан метрополис хот Улаанбаатар. Гоё байна уу. Хүн амынхаа тоогоор томоохон хотуудын эгнээнд орчихсон энэ хот маань ч жил жилийн зуны гурван сар их бүтээн байгуулалтад орсоор бүр дадал болж. Нийслэлийн хөгжлийн, бүтээн байгуулалтын энэ бодлогыг цаг хугацаагаар нь хоёр янз тодорхойлоход болмоор. Эхнийх нь төр солигдох 4 жилийн хугацаа, харин удаах нь улирал эргэж жил тойрох нэг жилийн хугацаа. Гэхдээ удаах тохиолдол эхнийхдээ багтчихмаар ч юм шиг. Зуны энэ их бүтээн байгуулалтын цаана мөнгөн дүн тооцогдож, бидний татварын мөнгө эргэлдэж л байгаа. Нийслэлийн хөгжил бүтээн байгуулалтад зориулан 30 гаруй тэрбум төгрөгийг зарцуулж байна. Харин нийслэлийн 218,786.2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалт ид өрнөсөөр. Энэ мөнгөн дунд таны миний хөдөлмөрийн хөлсний тодорхой хэсэг явж байгаа. Нэг хорооны барилгын хэд хэдэн хадаас таны халааснаас гарсан гээд бодчиход нэг их буруудахгүй. Гэхдээ нийслэлийн хөрөнгө оруулалт үнэхээр загатнасан газрыг маань маажиж чадаж байна уу? Улс, нийслэлийн хөрөнгөөр тэдэн км замыг тэгэж заслаа л гэнэ. Зассан зам нь бороо ус даахгүй дараа жил нь ашиглах нөхцөлгүй болчихно. Шалтгаан нь ус зайлуулах шугамаа санаатай мартчихсаных. За тэгээд орон сууцны хороолол дотор автозам тавиад явган хүнийхээ замыг бас ор тас үлдээчихнэ. Энэ бол нийслэлийн иргэн бүрийн нүдэн дээрх жишээ. Үүнийг тайлбарлахдаа хариуцсан байгууллагууд хөвөрсөн урт зүйл ярина. Шалтаг шалтгаан хөвөрсөөр. Гэхдээ иргэн бидний нүдэнд харагдах үр дүн л чухал.

6 Чанаргүй, үр бүтээлгүй хөрөнгө оруулалтын тод илрэл нь Сэлбэ голын урсацыг сайжруулах төсөл. 2012 оны 6 сард хүлээлгэж өгөх гэрээтэйгээр 1.2 км-т Сэлбэ голын урсац сайжруулахад 7.8 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа юм. Гэтэл түүний ердөө 350 метрт л төслийн ажил хийгджээ. Ажил удаашрах шалтгаан нь өнгөрсөн жилийн үер, мөн дээр хуучин дарга нарын аман байдлаар тус төслийн гүйцэтгэх явцад оролцсоны улмаас гэж тайлбарлаж байна. Төсөлд заагдсан материалыг аман байдлаар солисноос нэмэлт хөрөнгө зайлшгүй шаардаж. Нэгэнт эхэлсэн ажлыг эцсийг нь үзэхээр зүтгүүлээд байгаа. Өнгөн хэсгээс нь харахад ажил үнэхээр хийгдээд байгаа мэт боловч хийсний дараах үр дүн, хэсэг хугацааны дараах үр дагаврыг харвал зарим тохиолдолд дүндээ дүн болон хувирч байгаа юм.

6 Шалтгаан нь юу вэ гэж Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас лавлавал Судалгаа муутай, бодит байдлаас тасарсан зураг төсөл гэнэ. Зураг төсөл нь тооцоо муутай, алдаатай бол хундаам цутгалгүй байшин барихтай л адил. Гэтэл нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын гүйцэтгэгч байгууллагууд геологийн дүгнэлтээсээ эхлээд л буруу тооцоотой. Хад чулуун дээр байшин барьж, намагтай газар бүхэл бүтэн байшин барихаар цаасан дээр төлөвлөчихөөд ирдэг. Энэ бүх алдаа нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар эцсийн байдлаар шүүгдээд засварлагдаад нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай бол түүнийг нэмж олгох гээд ээдрээтэй бүхий л асуудалд тэнд өрнөдөг байх юм. Үүний нэг нь Баянзүрх дүүргийн 27-р хорооны барилга. Бүх зүйл бэлэн болсон барилга. Гэтэл анх зураг төсөл хийхдээ геологийн дүгнэлтээ буруу гаргачихсан. Булгийн эхэнд байшингаа барьчихсан яаж ч инженерийн шийдэл гаргаад дийлэхгүй, насжилтгүй болчихсон барилга байна. Тухайн компаниуд газар дээр нь очиж өрөмдлөг хийдэггүй. Зургийн компани нь түүнийг хянадаггүй бас газар дээр нь очиж үзэлгүй баримжаагаар зураг төсөл гаргачихдаг.

6 Хариуцлагыг яаж тавьж байна вэ? Энэ мэтчилэн ажлыг халтуурдаж хийдэг гүйцэтгэгч байгууллагуудыг хар дансандаа оруулах, тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлт гаргах, тухайн компаниудаас тендерийн материал авахгүй байх гэсэн  хариуцлагыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тооцдог байхым. Эцсийн байдлаар хариуцлага тооцох эрх бүхий субьект нь Барилга хөгжлийн төв. Тиймээс Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар найдваргүй, чанаргүй гүйцэтгэгч компаниудыг Барилга хөгжлийн төвд уламжилж хариуцлага тооцуулахад анхаардаг. Үнэхээр нийслэлийн хөрөнгийг үрэн таран хийж чанар муутай гүйцэтгэл хийж хохирол учруулсан хэд хэдэн компанийг шүүхэд өгөхөөр зэхэж байгаа гэнэ.

6 Харин цаашдаа хөрөнгө оруулалтыг яаж үр бүтээлтэй, зөв зарцуулах вэ? Үүний тулд нийслэлийн хэмжээний ложистикийн бодлоготой болох хэрэгтэй. Ирэх онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлууд бүгд төлөвлөсөн тодорой байх. Нэгэнт тодорхой байгаа тохиолдолд шаардлагатай материалыг тооцоход асуудалгүй. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдал нь ид эрэлттэй үеэр, үнэ өссөн цагаар барилгын материалаа хангадаг. Үүнийг зохицуулах ложистикийн бодлого нь шаардлагатай чанар сайтай материалуудыг ченжийн гар дамжуулалгүй татан төвлөрүүлэх. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдвэрлэгчтэй нийслэл гэрээ байгуулж норм, стандартын дагуу материалаа бэлтгэх гэсэн үг. Үүний тулд тендерийн хууль, ложистикийн бодлогыг томоор гаргаж ирэх ёстой гэдгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас хэлж байгаа юм. Бодох л асуудал шүү. Заримдаа бодсоор байгаад бодын шийр гэдэг шиг цаг хугацаа дэндүү алдах юм даа.

6

Ц.Золзаяа

Shuud.mn
Сонин хачин
х а а ш а а:
сэтгэгдэл х а а ш а а а л г а болоод хориотой үг болчоод байна аа????? Ш У У Д АААААА А Л Г А гэж хориотой үг үү
2013-08-21
х а а ш а а гэж үү:
х а а ш а а гэж үү х а л а ас руу гэхдээ мэдээж дарга нарын
2013-08-21