Ардчиллаар овоглосон хэдэн жилд Монгол Улсын Засгийн газар цагаасаа өмнө “хальж” байсан тохиолдол хэд хэд байх. Энэ дотроос жирийн хүмүүсийн дунд хамгийн тодорхой биш асуулт дагуулсан нь Ерөнхий сайд асан Ж.Наранцацралтын танхим огцорсон түүх юм. Шалтгаан нь ОХУ-д явуулсан нэгэн захидлаас гэж тэмдэглэгдэн үлдсэн. Агуулга нь Эрдэнэт үйлдвэрийн хувьчлалтай холбоотой. Товчхон түүх харья.
.
Ерөнхий сайд Ж.Наранцацралтыг огцруулах нэр бүхий 21 гишүүний саналыг хэлэлцэх үеэр Засгийн газрын долоон сайд Засгийн газрын гишүүнээс нэгэн зэрэг огцрох тухай санал, үндэслэлээ УИХ-д мэдүүлж байжээ. Ж.Наранцацралтын тэргүүлсэн Засгийн газрын огцрох болсны гол шалтгаан нь ОХУ-ын Засгийн газрын нэгдүгээр орлогчид Монгол Улсын Ерөнхий сайд “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар захидал илгээсэнтэй холбоотой гэх.
Монголын улс төрийн амьдралын хойморт өөрийн гэсэн хүн чанар,эр хүний жудаг,тулх сүрээ үлдээсэн Ж.Наранцацралт агсны дурсгалыг хүндэтгэе.
Өчигдөр алдарт хэдэн толгойн нэг компани “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн захирал Ц.Сэдванчигийг ажлаас нь чөлөөлжээ.
.
Оронд нь хэн байх нь яахав. Сайжруулсан л байж тараа биз. Харин халсан шалтгаан нь дээрх жишээтэй их ойр. Эх сурвалжид дурьдаж байгаагаар ”Эрдэнэс Оюутолгой”-н хувьд өмнөх захирал Ц.Сэдванчиг нь 2012 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байсан ч саяхан Засгийн газрын нэрийн өмнөөс “Оюутолгой” ХХК руу хариуцлагагүй мэдэгдэл бүхий захидал явуулсанд улс төрийн хүрээнийхэн эгдүүцэж, түүнийг халах шийдвэр гаргасан билээ...гэжээ.
Их сонин түүхийн давхцал ч гэх үү, улс төрийн нүүдэл ч гэх үү нэг юм энд байна.
.
1998 онд Ардчилсан хүчний хоёрдох Засгийн газар /Ц.Элбэгдоржийн/ унасны дараа одоогийн “Эрдэнэс Оюутолгойн” шинэ захирал Да.Ганболдыг Ерөнхий сайдад зүтгүүлж. энэ саналыг нь тухайн үеийн Ерөнхийлөгч асан Н.Багабанди долоон удаа буцаасан байдаг. Тэгээд дараа нь Ж.Наранцацралт асан Ерөнхий сайд болж байв. Гэвч түүнийг ердөө 8 сар хүрэхгүй хугацааны дараа огцруулсан. Шалтгаан нь ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа буруу байр суурь илэрхийлсэн хэмээн үзэж огцруулсан байдаг. Яг юу гэчихсэн болоод буруутсаныг нь тэр үед ард түмэн, жирийн олон сайн ойлгоогүй.
.
Оюутолгойн төсөл дээрх үл ойлголцлоос болоод өнөөдөр нийгэм хоёр талцаж зөв буруугийн туйлд хүрээд байна. Засгийн газрыг ойлгомжгүй байдал үүсгэснээс болоод Оюутолгойн бүтээн байгуулалтыг зогсооход хүргэж эдийн засгийн хүндрэл асуудал үүсгэлээ гэж хэвлэл мэдээллээр хайр найргүй шүүмжлэх болсон.Тэгвэл одоо Н.Алтанхуяг ч биш Засгийн газар ч биш зүгээр л “орондоо хууль зассан” гэдэг шиг “дураараа” захидал бичсэн нэг буруутан гараад иржээ.
Тэр нь сая огцордог Ц.Сэдванчиг юм байна.
.
Засгийн газрын нэрийн өмнөөс “Оюутолгой” ХХК руу хариуцлагагүй мэдэгдэл бүхий захидал явуулсан гэх буруутан буюу залуусын ярьдгаар нэг “мешок” төрүүлжээ.
Ноён Ц.Сэдванчигийн хэвлэлд өгсөн ярилцлагаас анхаарал татах хэдэн зүйл байх шиг.
Тэрбээр “Ерөнхий сайдын л явуул гэсэн захиа шүү дээ. Цаг хугацаа тулчихсан байсан, би явуулаагүй бол хэн нэгэн илгээх л байсан захиа. Цаг нь болохоор захидлыг задалж болно. ...төслийн нэмэлт санхүүжилтийг Засгийн газар шийдэх байсан юм бол жил гаруй хугацаанд ярьчихаад яагаад шийдэлгүй өнөөг хүрэв гэдэг асуудал сонирхол татахгүй байна уу” гэжээ.
.
Түүнчлэн “Ер нь бол Оюутолгойн асуудлыг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд УИХ нээлттэй хэлэлцсэнд “Рио Тинто” уурлаж, түүний дараахан хоёрдугаар сарын 6-нд болсон Хувь нийлүүлэгчдийн хурал дээр тэдний нөлөө бүхий дарга нь "Цаашид нэг ч ам.доллар нэмж оруулахгүй, өнөөг хүртэл оруулсан хөрөнгөө хамгаалах горимд шилжинэ" гэж албан ёсоор мэдэгдчихсэн байсан. Ийм нөхцөл байдалд дунд тэдний аргыг олж, санхүүжилтийг зогсоочилгүй Баяжуулах үйлдвэрийг бүрэн дуусгаж, ачилтыг эхлүүлж чадсан шүү дээ” гэсэн байна.
.
Эндээс манай РиоТинтогийн түншүүд тунирхлаа аль эрт эхэлсэн байжээ гэж ойлгогдож байна. Одоо болоод байгаа бүтээн байгуулалтын гацалт, зогсолт хязгаарлалт, хүн хүчээ халах шийдвэр энэ тэр бол шоуны үргэлжлэл бололтой.
Ноён Ц.Сэдванчиг бас ч гэж монгол хүний хувьд нэг зүйлийг хэлье гэж хэлсэн нэг мэдэгдэл байна.
.
Мөн тэрбээр “...Далд уурхайн санхүүжилт, барилгын ажлыг зогсоож олон хүнийг халах шийдвэрийг “Рио Тинто” дангаараа гаргасан нь гэрээний үндсэн болон ач холбогдолтой үүргээсээ татгалзсан гэж үзэх үндэслэл үүслээ. Ийм нөхцөл үүсвэл тодорхой хугацааны дараа Засгийн газар мэдэгдэл хүргүүлээд, 60 хоногт засахгүй бол гэрээ хүчингүй болох заалт бий. Гэрээгээр зохицуулагдсан манай Засгийн газрын ганц онцгой эрх нь юм. Энэ удаагийн “Рио Тинто”-гийн үйлдэл нь бидэнд гэрээнд өөрчлөлт оруулах боломжийг нээж өглөө. Түүхэн боломж олдсоныг манай том дарга нар ойлгоосой. Харин буулт хийгээд явчих юм бол олон банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн барьцаанд уг гэрээ шилжээд 15 жил ярих ямарч боломжгүй болох юм. Зээлийн нэг нөхцөл л дөө. Тэд гэрээ бол "библи", өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр сууринаас ярьдаг. Энэ удаа харин барьц өглөө.... Товчдоо энэ улсад хэдэн үе дамжсан өр ачаалж, барьцаалах нөхцөлүүд тулгаж байгаа... Засгийн газар, Риогийн хооронд гал хамгаалагч болох үүргээ найман сар гаруй хугацаанд гүйцэтгэлээ. “Рио Тинто”-гийн нөхдөд энэ улс хуультай тусгаар улс гэдгийг мэдрүүлсэн. Гэрээг сайжруулж болох үүдийг нээж өглөө. Цаашид манай тал зорилгоосоо буцалгүй, бууж өгөлгүй ажиллах нь чухал” гэжээ.
.
Уг нь бидэнд боломж байгаа талаар тэр хэлжээ. Гэхдээ Засгийн газар энэ боломжоо алгасч, бууж өгөөд Рио Тинтод тайвшруулах тариа болгож өөрийн гал хамгаалагч Ц.Сэдванчигийгаа “шатсан” байна гээд сугалчихаж байгаа юм биш биз дээ.
.
Ц.Сэдванчиг захирлыг огцруулах захиа цаг нь болохоор задрах юм гэсэн.
Ямартай ч Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өөрөө мэдээгүй “Но”-той хоёрдох захидал болж байна. Эхнийх нь өөрт нь ирж явсан орос ах В.Якуниний захидал байсан замаасаа задарсан гэдэг. Удаах нь энэхүү Оюутолгойтой холбогдох РиоТинто-д хаягласан өөрийнх нь биш захиа гэнэ.
.
Харин 1998 онд Ж.Наранцацралт агсныг унагаж байсан захидлыг одоо ч ойлгодоггүй, жинхэнэ эхээр нь хараагүй баахан л улстөрчид байдаг. Гэхдээ тэр үед тэд унагаах кноп дарсан байдаг.
.
П.Баярхүү /тоймч/