Эдийн засгийн хямрал, улс төрийн будилаан самуун, хөрөнгө мөнгөний гачаал, гэмт хэргийн өсөлт энэ тэр гээд... хэвлэлийн хуудас эргүүлэх, сайт ухах, телевиз радио сонсохоос ч айдаг болов. Соц нийгмийн үеийн хөрөнгөтөн орнуудын тухай хэрхэн хараар будаж байсан үзэл суртлын мэдээллүүд шиг.
1
Ингэхэд бид чинь хэнсэн билээ. Африкийн орнууд шиг алалдахгүй, Арабын орнууд шиг гудамжнаа нэг нэгнийгээ огтоос тоохгүй нухаж, Америк, Мексик, Орос шиг мафидаа эзлүүлчихэлгүй зүлгэн дээр гэрээ бариад зүв зүгээр амьдарч байгаа монголчууд. Аянчид нь овоон дээрээ дөрөө мултлан мэнд амраа мэдэлцэж, нутаг орны сонин сайхныг дэлгэж, ерөөлийн дээдийг хэлэлцэж, мэнд сайхныг бие биедээ хүсдэг ард түмэн. Дэлхий дээр арав гаруйхан нүүдэлчид үлдсэн юм гэнэ лээ. Тэдний хамгийн сонгомол нь ердөө монголчууд. Яагаад бид бие биендээ ингэтлээ өсөрхдөг байна аа. Хаанаасаа урссан цус, хэдийгээсээ цацарсан яс гэхээр ингэж бие биенээ химлэнэ вэ.
1
Ерөнхийлөгчид Хонинхүү ижий нь “Жавар ордоггүй жалга гэж хаа байсан” гэдэг. Их л алсын үг шүү. Бид алив муу үгийг өнгөрөөж чадахаа больжээ. Өөд болохын сацуу хуучин Ерөнхийлөгч Н.Энхбаярт өршөөл үзүүлээдэхсэн чинь ам уралдаад муу хэлээд унасан. Монгол хүний уужуу тайван ухаан олонхид маань байсан болоод хаданд хашгирсан цуурай болгоод өнгөрсөн.
1
Өнөөдөр эдийн засаг муужраад ирэхээр мөнөөх Ерөнхий сайдаа хэл билүүдээд л хяргаж байна. Буруу юм хийсэн бол буруугаа хүлээгээд огцорч болно. Гэхдээ цаад утга учир бий гэдгийг олон нийт харзнаад байгаа юм. Магадгүй өчигдрийн шидсэн чулуу өнөөдрийн энэ нөхөр дээр унаж ч болох шүү дээ. Угаасаа тэгсээр ч ирсэн. Төрийн өвгөн томчуул Ерөнхийлөгчтэй хуралдаад гарч ирэхдээ их л тулхтай жинтэй үгс хэлж байгаа харагдсан. Монголын буурал түүхийн төрийн түшээ нар ийм л байсныхаа хүчинд өнөөдөр хэрэлдэж хэлэлцсэн ч элэг бүтэн, газар нутаг бүрэн бүтэн байгаа юм.
1
Бид өөрсдийгөө хүндлэхгүй бол хэн биднийг хүндлэх болж байна аа. Үнэндээ сэтгэл минь хиртэх тусам бид бие биендээ итгэх итгэлээ алдаж, бие биенээсээ эмээж болгоомжилж эхэлдэг. Ичих булчирхайгүй, эрээ цээргүй авиртай хүмүүс энэ цаг дор далдаас хэн нэгний сэтгэл рүү "ус цацаж", итгэл рүү нь заваан цэрээр "нулимж" сууна. Уг нь тэднийг яг олж харах юм бол тэд даанч өрөвдмөөр өчүүхэн л дээ. Гэхдээ тэд монголчууд бидний эв нэгдлийг, сайхан сэтгэлийн дэмжлэгийг, ирээдүйн сайханд итгэх итгэлийг "хугалж" чадаад л байгаа юм даа.
1
Монголчууд бид гайхамшигтай ард түмэн. Тийм олон зуун жилийн хоцрогдол, үгүйрэлээс өндийн босч эрх чөлөөнийхөө сүлдийг тахисан нүүдэлчид. Өнөөдөр мянга мянган залуус маань дэлхийн дайдад гарч "юм үзэж нүд тайлах" тусмаа өөрсдийгөө таньж мэдэрч байна. Бас бусадтай харьцуулан цэгнэж, "бид юугаараа илүү, бас дутуу болох"-ыг мэдэрч байна. Харин сэтгэл зүрхэнд минь бугшсаар байх энэ хир буртгаасаа хэзээ салах вэ.
1
Энүүхэн цаг зуурт хиртэж болно, ирээдүй хойчоо хиртээж боломгүй санагдана. Амьдрал мөнх биш шүү дээ. Бид тэдэндээ ийм амьдралыг өвлүүлж үлдээх гэж үү. Хүн юун дээр ч алдаж болно. Хүн өөрөө төгс төгөлдөр амьтан биш шүү дээ. Харин хүний алдааг уучлах шиг эрхэм зүйл гэж үгүй. Маргалдаж болно оо. Гол нь ямар нэг явцуу эрх ашгийн төлөөнөөс биш чин сэтгэлээсээ хүнээ хүн гэдэг утгаас нь харж, мэдэрч басхүү хайрлан хүндэтгэж маргалдах нь нүүдэлчин бидэнд угаас байсан ёс суртахуун. Өвөг дээдэс маань ч ингэж сургасаар ирсэн. Өөрөө заавал бусдад таалагдах гэж, өрөөл бусдыг өөртөө таалагдуулах гэж оролдох тусмаа бид өөртөө улам их зовлон хураана.
1
Үнэндээ бие биенээ хүндлэх нь бахархахын эхлэл. Басхүү үндэстний сэргэн мандалтын эхэн байх. Олон ч нийтлэлийн маань доорх комментүүдэд дайрсан давшилсан, гутаасан гомдоосон, үзэн ядсан үгс олонтаа тохиох бүрт “Би зүгээр шүүмжлээгүй шүү. Гарцыг нь хэдүүлээ ольё” гэсэн чин сэтгэлтэйгээр хандаж өөрөөсөө бурууг хайж байлаа. Хүн хүнээ дээдлэхийн тулд өргөн хорвоод цөөхүүлхнээ өндөр дээд язгуурыг атгаж төрсөн монголчууд шүү дээ. Буруу зөрүү алин болохыг мэргэн та шүүгтүн.
1
Н.Бадамжав