Эдийн засгийн өсөлт өндөр гарлаа л гэнэ. Дэлхийг гайхуулж байгаа нь үнэн боловч энгийн маньд хүртээлгүй тийм өсөлтөөр яах болж байна. Эдийн засаг өслөө гээд миний халаасан дахь цалин цавуу нэмэгдсэнгүй, улс орны дотоодын нийт бүтээгдэхүүн гавьтай ахисангүй. Үнэндээ дийлэнх орлого маань газар нутгаас авсан байгалийн баялаг л байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид халааслаад явчихна. Үгүй бол баахан мөнгө нэхэж айлгана. Эдийн засаг маань ийм л эмзэг болчихсон.
.
Хүн харахад нэг их өндөр үзүүлэлттэй хөөсөн бөмбөлөг. Жаахан салхи дэврэхэд л нөгөөх нь хагарахад юу ч үгүй агаарт замхарчих жишээтэй. Хэзээ бид улс орон ард иргэддээ наалдацтай баргийн салхинд нураад уначихгүй эдийн засгийн байшинтай болох вэ. Гурван торойны үлгэрт гардаг шиг чоно ирээд л үлээчихэд хийсээд явчихдаг сүрлэн, модон урц бүхий эдийн засагтай хэдий хүртэл байх юм бэ.
Эдийн засагчдын ёрлож байгаагаар энэ онд төсвийн алдагдал их наяд төгрөгт хүрнэ гэнэ. Сүүлийн улиралд бүсээ чангалвал шүү дээ. Эдийн засаг уул уурхай гэсэн нэг хөлтэй байсны гор шүү дээ. Сүүлийн жилүүдэд уул уурхайгаас олох орлого гэсэн төсвийн багананд хэдэн зуун сая ам.доллар бичигддэг байлаа. Хэдэн том уурхайгаа барьцаалаад мөнгө зээлнэ, алдагдалтай гэрээгээр хамтран эзэмшинэ. Зах зээл л болсон хойно түүхий эдийн үнэ ханш чангарч сулрана. Манайхан болохоор өндрөөр нь тооцоод төсөвтөө тусгана. Ялангуяа алт, зэс, нүүрсний үнийг дэндүү өндөр тавьсан. Уг нь бол хамгийн багаар тооцдог олон улсын жишиг байдаг юм л даа. Үүнийг мэдэхгүй төрийн сэнтийд сууна гэж байхгүй. Харин түшээд маань бодит эдийн засгаас илүүтэй ард түмэнд таалагдахыг илүүд үздгийн гай ингэж гарч байгаа юм.
.
Нүүрс унахаар ашигт малтмалаас олохоор тооцсон хөрөнгийн талаас илүү нь сох дутаад ирж байгаа юм даа. Дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ буураад ирэхээр Рио Тинто хөрөнгө оруулалтаа татаад эхэллээ. Манайхны хийсэн хуудуутай гэрээний согогийг их сүрхий мэдэрч байгаа юм даа. С.Баярцогтын огтоос ойлгомжгүй аргачлалаар хийсэн гэрээний хуудуу ингэж бодит амьдрал дээрээ биелэлээ олсон. Гадныхан бол гадныхан шүү дээ. Яаж ашиг олох вэ гэж орж ирж байгаагаас биш хөөрхий энэ ядарсан монголчуудад туслая гэж хэзээ ч бодохгүй шүү дээ. Тэгэхээр ийм хүнд байдалд орсны гол гай барцадыг Монголын талын гэрээ байгуулагчид л үүрэх ёстой.
.
Хоосон хүний хоёр чихийг авах биш гэж тавлацгаах л байх. Гэхдээ төрийн хууль түүний өмнө хүлээсэн үүрэг хариуцлага гэж бий. Гэрээ муу хийгдсний цаана улс төрийн тодорхой бүлэглэл фракцууд гадаадынхантай үгсэн хуйвалддаг гэх хардлага үнэний ортой нь харагдаж байгаа юм. Чуулганы, Засгийн танхимд лоббидог, хавсайддаг, нударган дороо панз үсэргэж хийгдсэн бодлогын гайг эцсийн бүлэгт бид л үүрч байна.
.
Ганцхан зах зээлээр шахуу ашигт малтмал маань урсч байна. Хятад найтаавал Монгол ханиад хүрч бүүр халууран дагждаг болсоор удлаа. Уг нь үүнээс гарахын тулд шинэ гарцын төмөр зам барихаар Чингис бондоос 400 тэрбумыг гаргасан. Дотоодын аж ахуйн нэгжүүд хийгээд өгчихье гэхээр Засаг нь бид хийчихнэ ээ гээд гэдийчихдэг. Одоо хар. Баахан овоолсон шороо. Дутуу гуцуу олон арван км үргэлжилсэн далан шуудуу. Ингэсгээд байж байтал гадны хэсэг нөхөд орж ирээд жаахан ажил хийсэн болоод амандаа багтсан тоо хэлээд хэвтчихнэ. Өгөхгүй бол гараад л явчихна.
.
Монголын хөрөнгийн 90 гаруй хувийг 300-хан гэр бүлийн хүмүүс эзэмшдэг юм билээ. Тэдний л эрх ашгийн төлөө л миний Монголын баялаг урсч байна. Өнгөн дээрээ нэг л их том том тоонууд тайлан бланс дээр харагдаж төрийн халаасыг түнтийлгээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Сонин л байна даа. Нөгөө шувуу хүртэл буруу дэвээд байна уу даа гэдэг чинь л болж байх шиг байна.
.
Н.Бадамжав