Хэдэн толгой ба Төр
2013-08-15

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь, Оюутолгойн 34 хувь Монголын буюу манай төрийн мэдэлд байна.

Тавантолгой маань 350 сая ам.долларын өрөө яая гэж сөхөрч яваа талаар албаныхан “илчиллээ”.

.

Төрийнхөн үнэхээр сайн амлалт сонгуулийн сайн менежер бас үнэхээр муу бизнесийн менежер болохоо энэ хэдэн “баян толгой”-г олгой болгосон түүхээс нь харж болохоор байна.

.

МИАТ, Эрдэнэт гээд төр л оролцсон бол бүгд л алдагдалтай, тэгсэн хэрнээ хэдэн тэрбумаараа улстөрчдийн бялуу болж хэдэн хүний халаас түнтийлгэж байдаг.

Эрдэнэтийг хэн нэг нөлөөтэй эрхмүүдийн тэрбумын шахааны талбар болгосноос өөрөөр өөд нь татсан юм алга гэж дүгнэхээс өөр үггүй. Одоо бүр барьцаанд байгаа болоод байгаа. Ерөнхий сайдын ойрын найз нь Эрдэнэтээр баталгаа гаргуулаад гадаадын банкнаас 109 сая ам.долларын зээл авчихсан байгаа юм.

.

Хэрвээ хувьд байсан бол хэдэн үеэрээ идэх ийм том саалийн саванд өтгөрөх цөцгийгөө хүний өмнө тавьчихаад энэ зээлээ төлөхгүй бол энийг хусаад хамаад аваарай гээд баталгаа гаргаад сууж байхгүй.

.

Ард нь Монголын төмөр зам сонсогдож байна. Мөн л төрийн өмч байсан учир хайр харамлалын гадна үлдэж зээлийн баталгаа болоод явж байж. Баталгаа гэдэг бол энэ амжихгүй бол би төлнөө л гэсэн үг. Барьцаанаас нэг их  ялгарах юм үгүй.

.

Стратегийн ордын 34 хувийг төр эзэмшинэ гэсэн хуулийн заалт 34 хувиар нь төр тоглож болно гэсэнтэй агаар нэг болж ирж байна.

.

800 сая ам.долларыг зээлж аваад эх орны, уул уурхайн хишиг гээд тараасан бүгдээрээ л идсэн, одоо төлж байна, энэ үнэн гэж Засгийн тэргүүн мэдэгдэж байна. 800 сая долларын зээлийг юугаар барьцаалж авав. Өнөөх хэдэн толгойд байгаа эрдэнэс нүүрсээр.

Ингэхдээ тэнэг хүн шиг зүгээр ч зээлчихээгүй, өнөөх гадагшаа гаргадаг нүүрс зэсээрээ төлөөд дуусгана л гэж тооцоолсон гэнэ.

.

Биднийг хэдэн доллартай болгодог уул уурхайн эрдэс нь манай мах биш болохоор дандаа үнэн нь өсч байна гэж байхгүй. Зах зээл дээр олон хүчин зүйл нөлөөллөөс үнэ өснө, унана. Уг нь төрийн толгойд суугаа хэд байтугай эдийн засгийн ухаанаар сурч, нэг ном уншсан оюутан ч энийг багцаална.

.

Харин манай улстөрчид бол өөдрөг хүмүүс болохоороо, өсөлттэй байхаар тооцож аваад л төлчихнө гэсэн тооцоог хурдхан гаргуулж аваад хөрөнгө оруулагч нараа хулхидах шахуу боломж баталгаа амлаж байгаад зээл авч сонгуулийн амлалтаа биелүүлж баатарласан байдаг.

.

Ингээд зогсохгүй мөн араас нь сонгууль дөхсөн тул эх оронч байх хэрэгтэй байна гээд Стратегийн хөрөнгө оруулалтын тухай нэртэй Монголыг шулж байгаа гадаадын хөрөнгөтнүүдийг шахах хууль санаачлаад батлуулчихаж. Сонгууль дөхөж байхад ямар тэнэг нь ийм эх оронч хуулийг эсэргүүцэхэв, бүгдээрээ дэмжээд нэгэн зэрэг кноптоод баталчихаж.

.

Бараг маргаашнаас нь хөрөнгө оруулья гэж хэдэн доллараа манай банкинд байршуулчихаад тэрнээсээ манай зах зээлээс зайрмаг хиам авч идээд, ресторанд минь хооллоод, буудалд хоноод, надад хэдэн доллар байна тэрийг чинь нэг ухаад үзье, энийг чинь өрөмдөөд үзье гэж  уул уурхайн хэдтэй хошуу холбож байсан шар толгойтой нөхөд цуваад гараад явчихсан. Өнөө зайрмаг хөлдөөгчиндөө гэсч, ресторандаа зөвхөн бид л хааяа хооллож, харин хөдөөд уурхайнууд хаалгаа барьж, өрмүүд зогсч залуус халагдах тушаалаа өвөртөлж, гэртээ ирж сонгуулиа өгчихөөд, архидаж эхлэв.

6

Монголын зах зээлд эргэлдэх хэдэн сая ам.доллар европ руугаа буцах “марш” хийв.

Энэ эх оронч гэх хуулийг санаачилсан, баталсан бүгд л одоо тэр л хууль хөрөнгө оруулагчдыг үргээчихлээ. Мөнгө тараасан популист арга хэмжээ л ийм байдал руу хөтөллөө. Үүнийг чи, танай нам хийсэн. Би мэдээгүй, тэр үед ханиадтай байсан гэх маягийн юм ярьж олны инээд, зэвүүцлийг хүргэж сууна.

6

Үнэхээр цаашдынх нь үр дагавар чирэгдлийг тооцож чадахгүй хууль баталж  байсан бол цаашид төрд гарч дөвчигнөх хэрэггүй. Мэдсээр байж улс төржөөд хийсэн бол уучлалт гуйгаад алдаагаа засцгаая гэх ёстой.

6

Ганц энэ түүх ч биш Ураны /Цөмийн энергийн тухай хууль/, Гэнэтийн ашгийн 68 хувийн гээд хөрөнгө оруулагчдыг цаашлуулсан, далд эдийн засгийг дэмжсэн хуулиуд гаргаснаар өнөөдрийн эдийн засгийн савалгааг эхлүүлсэн гэдгийг эдийн засагчид хэлж байна.

6

Уг нь нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээ 50 мянган ам.долларт хүрч байгаа бол гадаа­дын хөрөнгө оруулагчдад хатуу хууль хэрэгжүүлж болно гэдгийн байна лээ. Гэтэл бид юусан билээ. Нэг хүнд ногдох ДНБ 3000 ам.долларт хүрлээ гэсэн тоо нэг харагдаж байсан. ҮХШХ-ны тооцоолсноор бол ойрын хоёр жилд 7800 ам.долларт хүрч болох юм гэж үзэж байгаа гэсэн.

6

Товчхондоо, төр оролцоод авч яваа бараг бүх обьект компаниуд хамгийн их алдагдалтайгаараа он оны Алтан сарнай хүртэхээр байна. Энэ бол төр оролцож хутгасан зурвасхан самралт.

Овоо юмтай гэж доллар атгасан бүхний хорхойг хүргэж байсан “хэдэн толгой” маань шууд утгаараа хэдэн жилдээ юм өгөхгүй, өр дарна гэсэн бараан мэдээг мөлжиж дайрсан мэдээлэл, нийтлэл их гарч байгаа нь анзаарагдаж л байна.

6

Гэхдээ эндээс төр үнэхээр муу менежер гэдгээ зөвшөөрч аль болох хурдан олон толгойгоос бохир гар, муйхар оролцоогоо авч жамаар нь явуулах талаа харвал том ололт болох байх шүү.

6

Эрдэнэтийн 51 хувь, Оюутолгойн 34 хувийг нэгтгээд нэг компани болгож хувьцааг нь олон нийтэд зарах тухай яриа эхэлсэн байна. Энэ хэдий хол сонсогдож байгаа ч Төр үнэхээр муу менежер гэдгээ ойлгосны шинж болов уу гэж бодогдуулж байна.

Эс бөгөөс бүр сайн менежердэж дахин сенсаацлах гээд байна уу.

 6

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин