Хуулиар бол 18-35 насны хязгаарт багтаж байгаа бол Залуучууд гэдэг бүлэгт ороод явчихаж байна.
Хүний биологийн энэхүү нас оюун сэтгэхүй болоод биеийн хамаг л сайхан эрч хүчтэй үе нь болохоор бид залуучууд хэмээн ам дүүрэн хэлдэг.
Үүнийгээ ч харуулж үеийн үеийн 18, 20, 25, 30 настнууд тухайн цаг үеийнхээ манлайлагч байх төдийгүй ачааны хүндийг мөрлөн зүтгэж гэр бүл, улс орноо он цагийн хоймор руу авч ирсэн байдаг.
.
Ардын хувьсгал ялсны дараа харанхуй бүдүүлгээс салах мэдрэмжийг хамгийн түрүүнд залуус л соронздон авч Бөмбөгөр ногоон театртаа задгай цагаан, хүмүүн төрөлхтнөөр соёлын довтолгооны салхийг хагалж байж. Хөнгөн дээл, хэлтгий малгайнаас өөр гоёогүй ч хотын бүсгүй болж улсаа чимэх залуу нас нь тэдний гоёл нь байлаа.
.
Нагаан буугаар дэгжирхсэн ногоон малгайтнууд хань, хайртыг нь буудаж байхад ч тэдний сэтгэл хөрөөгүй. Эх орныхоо төлөө, нийгэм журмын төлөө залуу насаа зориулж, нанчид хүртэж наадаж, цэнгэх завгүй хөдөлмөрлөж байлаа.
.
Аж үйлдвэрийн комбинатыг улаан шороон дээр нүцгэн гараараа босгож тэндээ гутлаа оёж өмсөөд түүнийгээ дэрлэж унтаж, маргааш ажилдаа очих гэж дэгэлздэг байжээ.
Сэлэнгийн хөвөөнөөс улсын нийслэл хүртэл төмөр замын хэлхээсийг нүцгэн мөрөн дээрээ мөрлөж явахдаа, түүх бичиж байна гэж хөөрсөнгүй, хөгжлийн зам энэ тэр ч гэж сүржигнэсэнгүй. Зүгээр л залуу насаараа гоёж, даруухан инээж зурганд мөнхөрсөн 40-өөд оныхон байна.
.
Сурах чигийг эрхэм болгосон анхны оюутнууд бүгд жигд хувцастай, адил гангараатай бүгдээрээ ганцхан зүйлд хайртай. Тэр нь Монгол эх орон нь. Тэд сургуулиа төгсөөд “эх орны хаана би хэрэгтэй байна” гэж асуухаас “би тийшээ явахгүй” гэж туньдаггүй байжээ.
.
Уудам талыг сэрсэн тал болгож явсан Атрын залуус цалингаа асуудаггүй, төлөвлөгөө биелсэн үү л гэдэг байж. Хөөрүү баяндаа биш, өнөөх галтай залуу нас нь манлайлал руу тэмүүлж байсан болохоор нойр нь хүрдэггүй байж.
.
Бурхантын хөндийд, Эрдэнэтийн бэлд, Хөтөлийн өртөөн дээр хот байгуулна гэсэн залуус модон хайрцагтай орос бакалтайгаа бууж байж. Одоо тэнд нь хот босоод Эрдэнэт л гэхэд Монголыг тэжээж байна.
.
90-ээд оны Хонхны дууныхан бүгд л залуучууд. Оюутан халимагтай, социалист боловсролтой ч халуун эх орончид. Тэдний жагсаалыг нийгмийн шилжилт Ардчилсан хувьсгал болтол нь залуусын олонх л тууштай дэмжиж байлаа. Энд үе үеийн хувьсгал оройлсон залуусын дотроос хамгийн их материаллаг хувь хүртсэн үеийнхэн гэдгээрээ Ардчиллын залуус бас ялгарна.
.
Бараг олонх нь төр барилцаж, бизнес хийж боломжийн баяжиж хөлжсөн.
Шинэ зууны залуус. Цахим ертөнцөд дэлхийгээр нэг тэнээд эх орондоо байгаагаа, нэг юм хийх ёстойгоо сэхээрэх завгүй, РС-гээр пиг.
Тэдний дурлах нь хүртэл бусад үеийнхнээс арай өөр. Парагматик болохоороо материаллагаар их дурлана. Тэдний хүсэл биелэх маш амархан, мөнгө л байхад болдог. Энэ үеийн залууст эх орон нь үйлчлэх ёстой. Тэгэхгүй бол тэд бүгдээрээ гомдоно, архи ууна, гадаадад явна. Үе үеийн залууст байсан бүх сайхан чанар, хүсэл тэмүүлэл тэдэнд мөн адил бий.
.
Тэдэнд мэдэхгүй байгаа нэг зүйл бий. Эх орондоо яг юу хийх ёстой юм бэ. Аав ээж, ах эгч бүгдийг нь хийчихсэн байна ш тээ гэдгийн. Тэдний өдөр, Монголын залуучуудын өдөр энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ гэсэн. Тэдэнд зориулж төр нь ийм урт халамжийн өдрийг зарлаж байгаа юм. Энэ өдрүүдэд залуусын төлөө хийх зохиох ажил маш их, зарцуулах мөнгө ч тоймгүй.
.
НҮБ, Швейцарийн хөгжлийн агентлаг гэдэг нь манай залуусыг “хөгжүүлэхэд” туслаад 11 сая ам.доллар яг өгнө гээд гарын үсэг хүртэл зурчихсан гэж байна.
14 хоног үргэлжлэх залуусын өдрийн уриа нь “Залуучуудын хөгжилд хамтдаа” гэж байгаа.
Харин залуучуудад нь “Хамтдаа эх орондоо ...” гэсэн уриа ажил бол байхгүй.
Дээр хэлсэн тэд эх орныхоо төлөө юу хийх ёстойгоо мэдэхгүй яваад байгаа юм.Тэдэнд тайван юм бодох ч зав өгөхгүй “халамжлаад” байгаа нам, төр буруутай биз.
.
“Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн” хэмээн Д.Сүхбаатар 1921 он
“Тэтгэлгээ нэмэхгүй бол, цаашид суралцаж чадахгүй. ...Амласнаа билүүлэхгүй бол дараагийн сонгуулиар саналаа өгөхгүй гэж шийдвэрлэсэн” Оюутан 2013 он
“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” С.Зориг 1998 он
“Харин би Залуусаа л халамжлаад байвал ямарч сонгуульд ялна гэдэгт итгэдэг. Манай улсын хүн амын 70 хувь нь залуус, 18-35 насныхан байдаг юм” Улстөрч 2013 он
.
Залуусын өдөрт зориулав.
.
Б.ШҮХЭРЧ
Уншиж байна |