Бүтээн байгуулалтын цагийг телевизээр дамжуулж байна. Хурал бол биш юм. Шийдвэр энэ тэр онц юм гарахгүй. Уулзалт л юм уу даа гэхдээ бас л биш, тийм найрсаг бус. Үгүй ээ, би хэлсэн биз дээ, тэгээд чи яасийн ..тэгээд хэн мэдэхийн гээд ёргио асуулт байнга тавигдахыг нь харахаар таарамж муутай ах дүү нарын уулзалт ч юм шиг. За энэ яахав, юм хийх гэж яваа нэгийгээ больё.
.
Харин уулзалтын явцыг харахад нэр нь бол ёстой биш юм аа.
Бүтээн байгуулалтын цаг гэж. Эх орон даяар өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажлын явцыг гүйцэтгэх засаглалын тэргүүн оролцон өөрөө удирдан асуудлуудыг тавьж холбогдох хүмүүсээс тайлан тайлбар авч байгаа том арга хэмжээ гэдгийг би ойлгож байна л даа.
.
Шууд үзэгч ба иргэд бидэнд ажил нь яваад байгаа болон явахгүй байгаа саад бэрхшээлийг зэрэг л харуулж хөлсөө арчиж зүтгэлээ дүгнүүлэх маягаар хэлбэржүүлсэн засгийн үйл ажиллагаааны сурталчилгаанд том хувь нэмрээ оруулах хэлбэр юм уу даа.
Харин энийг нь хоолой засан бүлтэгнэж, гацсан саатсан шалтгаанаа тайлбарлах нөхдүүд бол нурааж байна. Хараад уур хүрэх юм. Нэг нь ажил хийх гээд л зүтгээд байдаг, энэ хэд нь байхгүй.
.
Ерөнхий сайдын толгой сайн, аль намар хайчилсан туузаа хэдэн метр байсныг ч санана.
...Өнөө тэр ажил яагаав, бид нөгөө тууз хайчлаад байсан. Баянзүрх дүүргийн ажил, тэр яасан билээ.
Аан тэр зүгээр гэхдээ нөгөө зураг зурдаг, баталдаг нөхдүүд юу яагаад удаад байна аа, тэгээд гэхдээ яасан өчигдөр орой баталчихсан, одоо бол гацахгүй шууд л бариад бариад эхэлнэ...
.
За за гэхдээ л та нар нэг л биш ээ, за цааш нь гээд л Ерөнхий сайд нээрээ өрөвдмөөр юм аа. Ганцаараа хаана юу ухаад бариад тэрийг нь хэн хийгээд байгааг бүгдийг нь мэдээд асууна.
.
Өнөө хэдэн түшмэд нь байхгүй, өөрийн хариуцсан ганц юмаа олигтой хийчихгүй зурагтын өмнө баг алаад л, өчигдөр орой тендер шалгаруулалт дууссан, уржигдар орой зураг нь батлагдсан гээд л дөнгөж амжсан юм яриад л, өнөө хоолоо идээд амрах гэж байсан иргэдийн юмыг хөдөлгөөд л ногооны ханш нэмж өсгөөд л яалтай.
Гэхдээ Ерөнхий сайд бас азтай юм. Хэрвээ өнөөдөр энэ бүтээн байгуулалтын цаг гэдгээ хийсэн бол бүр юу ч хийгдээгүй баахан тендер эзэнгүй, зарим ажил яг дуусах гээд мөнгө нь шилжээгүй, маргааш бол яг ОК болно гээд л нөгөө хэдэн албан хаагчид нь шилээ маажаад л бүр балрахгүй юу.
.
Яах вэ нээрээ. Засгийн газрыг ч яахав бөөнөөр нь огцруулаад ордноос хөөж болдог юм билээ. Харин яам тамгын энэ аятайхан хувцасласан хэрнээ ажлаа мэддэггүй ногоон нойлуудыг чинь одоо яалтай вэ. Бөөнөөр нь халахын бол туршлага мэдлэгтэй төрийн мэргэшсэн албан хаагчийг халлаа гээд бөөн хэвлэлийн хурал, байлгаад байхаар баг алаад. Мэдлэгээ байя гэхэд мэдрэмжтэйхэн ажиллаж бас болноо доо. Тэр тендер гэдэг дээрээ хурдан шударга ойлголцоод дээрээс дарга нарынхаа өгч байгаа чиг “хандыг” зөв аваад бушуухан явуулчихгүй, буруу зөрүү нөхдүүдтэй нь хоол унданд орж, яриа хөөрөө хийж явж байгаад оройтож цаг алдаж бүтээн байгуулалт нурааж байгаа байхгүй юу.
.
Ерөөсөө энэ яамныхан ажлаа хийж чадахгүй байна аа. Маш тодорхой зүйлийг ерөөсөө ойлгохгүй. Жишээ нь, одоо тэр Насны зам гээд, маш ойлгомжтой насаараа зам барина тендер авна гээд нэрээрээ ойлгуулаад байхад л болохгүй байна аа болимоор байнаа гэж Ерөнхий сайдын нервийг барж байгаа байхгүй юу. Сайд бүр уурлаад би очоод шалгаад, хэдэн төгрөг аваагүй байгааг нь өг гээд шийдээд ирсэн нөхөөр. Чи одоо надад итгэхгүй, төрийн нарийнаа өнөө орой дахиад явуулах гээд байгаа юм уу гэж зурагтаар уурлаж гарлаа ш тээ. Ингэж тэвчээрийг нь барж байгаа байхгүй юу.
.
Өнөө арай гайгүй айлын том гээд байдаг Үүл дарга бас зовоолоо. Нөгөө нисэхийн хаалга гэж бүтээн байгуулалтад үнэн гай болсон шавар байна. За тэрийг чинь буулгалаа шүү гэж Ерөнхий сайдыг маань айлгадаг байна. Н.Алтанхуяг сайд зоригтой, чи өөрөө мэд за гээд нам болгосон. Үүл дарга түрүүнд нь Сүхийн талбайг дур мэдэн өөрчилж өвөөгийн нэрийг өгсөндөө бас юм бодож явдаг болсон юм шиг харагдлаа.
.
Эцэст нь хэлэхэд, манай Ерөнхий сайд мундаг хүн ч гэсэн бүтээн байгуулалтыг бол ганцаараа хүчрэхгүй. Бусад нь давраад байна шүү.
Та нарыг бас баасан гарагтаа ууж идээд яриа хөөрөөгөө сайн хийгээд ажлаа гацаанаас гаргаад тендер энэ тэрээ эцэслээд ирэх боломж өгөөд нэг дэх өдөр цуглуулаад байхад. Юу ч шийдээгүй бахь байдгаараа хий дэмий идэж ууж ирээд л хурал унагаад л, өчигдөр тохирчихсон шийдчихсэн ч гэх шиг баг алсан юм зурагтаар нэг яриад л. Тэгээд байвал чинь 5 дахь өдрийн баасанг чинь бүтээн байгуулалтын өдөр болголоо шүү.
.
Одоо хүмүүс ярьж байна ш тээ. Энэ бүтээн байгуулалтын цаг биш, “Амжсан уу” гэдэг нэртэй асуулт хариултын цаг байна гээд. Арай ч дээ. Цаашдаа бодмоор, болимоор юм гэж байна шүү.
.
Б.ШҮХЭРЧ