Доллар томорсоор
1
Ганцхан өдрийн дотор 1.3 хувиар дээшилж 1580 хүрсэн доллар “томорсоор” нэг 7 хоногийг өөрийхөөрөө хаанчлав.
Суурь шалтгаан нь манай үндсэн эскпорт зэс нүүрсний үнэ дэлхийн зах зээлд унасан, гадаадын хөрөнгө оруулалт багассантай холбон тайлбарлагдаж байгаа. Рио Тинтогийн зүгээс Монголын Засгийн газартай Оюутолгойн төсөл дээр зарим талаар үл ойлголцсон байдал гараад байгаа гэж үзэн бүтээн байгуулалтын ажлаа хязгаарлан түр зогсоосноо зарласан.
1
Ерөнхий сайд байдлыг зөөллөх санаатай хариу илгээж ойлголцоод цаашаа явахад болохгүй зүйл байхгүй, энд ноцтой гацаа байхгүй гэж мэдэгдсэн. Энэ төдий л үр дүнтэй алхам болсонгүй. Гэхдээ яахав дэлхийн зах зээл дээр Рио Тинтогийн ханш бага ч атугай буцаад дээшилсэн гэж дуулдсан.
1
Монголчууд ид сайхан амарч найрлаж наадаж байх үед өрнөсөн тулдаа доллар өссөн энэ үйл явдал нийгмийн олонх хэсгийн анхаарлын гадна байлаа. Одоо сургууль соёл ажил бизнесийн нэгэн шинэ мөчлөгөө эхлүүлэх 8 сард долларын ханш энэ чигээр байвал иргэдийн бухимдал буцалж магадгүй.
1
Ганцхан сарын дотор 8.3 хувиар өсөөд байгааг зарим эдийн засагчид болох л байсан зүйл гэж тайлбарлаж байна. Харин Монголбанк энэ талаар нэг их тоймтой хариу үг, үйлдэл гаргаагүй байна. Ерөнхий эдийн засагч С.Болдын сонинд өгсөн ярилцлагаас харахад ерөнхийдөө экспортын түүхий эдийн суурь үнэ унасан нь зах зээлийн жамаа дагаад валютын ханшид нөлөөлсөн. Мөн сүүлийн үед хэвлэлүүдийг чимэх болсон Стандарт банкны зээл хийгээд Хадгаламж банкийг дампуурсан гэх шуугиан болон УИХ хуралдтал Оюутолгойд ямар ч ажил, хөрөнгө оруулалт хийгдэхгүй болсон мэт мэдээллүүд нь сөрөг байдал үүсгээд байгаа талаар тайлбар илгээснийг хэлж болохоор байна. Мөн тэрбээр Монгол улс одоо гадаад валютын 2.8 тэрбум долларын нөөцтэй байгаа гэж өөрөөр хэлбэл, хэвийн байгаа гэж мэдэгдсэн байна.
1
Шинэ засгийн 1 жил
1
Н.Алтанхуягийн шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын 1 жил энэ сарын 9-ний өдөр тохиолоо. Хэвлэлүүд түүний нэг жилийн ажлыг ерөнхийдөө “гайгүй” явж байгаа гэлээ. Олон ажил нь эхлэл шатандаа явж байгаа болохоор дөрөвний нэг дээр нь үр дүнг шууд хэлэхээс зайлсхийсэн байр суурьтай байх шиг байна. Сонгуульд ялангуутаа маш хурдан хөдлөж Чингис бонд гарган 1.5 тэрбум ам.доллар босгосон. Одоо Засгийн газрын хийж хөдөлгөж байгаа бараг ихэнх ажил энэхүү мөнгөний тоо “нэр сүр” дор явж буй. Зарим нэг бүтээн байгуулалт хэл амтай байгаа ч эхлүүлсэн ажлаа зогсоохгүй эцсийг нь үзнэ гэж, хэвлэлийнхний сөрөг мэдээлэл шүүмжлэлтэй үзэлцсээр л байгаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын хоёрдох жилийн минут гүйгээд эхэлчихлээ.
1
Сөрөг хүчин амь оров
1
МАН-ын бага хурал улс төр мэдэгчдийн хорхойг хүргэж бөөн таамаг болсны эцэст өнгөрөгч даваа гарагт хуралдлаа. Намын даргын илтгэлээс ташуур авсан бага хурлынхан намдуу байж амбицаа дарж Их хурлаа хүлээхээр тогтоод тарав. Дотроо юугаа ярьж, яаж тохирсон нь маньд одоо чухал биш юм. Харин энэ бага хурлаас улс орны амьдрал эдийн засгийн нөхцөл байдалд өнгөцхөн ч гэсэн үнэлэлт дүгнэлт өгч, байх ёстой шүүмжлэл, сөрөг хүчний үйл ажиллагааг идэвхжүүлсэн нь сайшаалтай.
1
МАН-ын генсек хэвлэлийн хурал зарлаж мэдэгдэл хийж, үүсээд байгаа эдийн засгийн таагүй үзэгдлүүдэд одоогийн Засгийн газрыг буруутгаж, шинэ Засгийн газар хэт улс төржсөн, бизнесийн орчныг муутгасны үр дүн гэж дүгнэсэн байхийн. Эндээс харахад, харин өөрсдөө хэт улс төржсөн байр сууринаас дүгнээд байгаа сэтгэгдэл төрж байна. Ямартай ч МАН-ынхан Засгийн газарт хандаж тодорхой шаардлага хүргүүллээ. 4 зүйлт энэхүү шаардлагад ээлжит бус чуулган зарлахыг чухалчлан оруулсан байна. Улс төрийн нам ямар үед яаж дуугарахаа жирийн биднээр заалгахгүй байх. Гэхдээ олон нийт ямар нэг оноо авах гэсэн улс төрийн тоглолтыг биш улс гэрээ гэсэн зөвд зөөлөн, бурууд хатуу, үндэслэлтэй санал шүүмжлэлээр иргэдийнхээ талд зогсох сөрөг хүчинг үгүйлсээр байгаа юм.
1
Наадмын тоос морьдын давхиа дарагдаагүй л байна
1
Нэлээн шүүмжлэл дагуулсны эцэст 10.000 морьтны жагсаал, 3000 морь уралдуулсан арга хэмжээ болж өнгөрлөө. Гиннес гэж ном шинэ амжилт бүртгэхээ больдоггүй л юм бол манайхны энэ хийрхэл зогсохгүй төлөвтэй. Үүний зөв бурууг дэнслэх гэхээсээ илүүтэй бидэнд үлдэх утга хаялгаа сайн бодмоор байгааг иргэд илэрхийлж байгааг ийм төрлийн арга хэмжээгээр мэргэшиж байгаа хүмүүс цаашид анхаарна биз дээ.
1
Бороо хур их орсноос тариланчид багагүй хохирол амсах байдал үүсээд байгаа тухайгаа мэдэгдлээ. Цаашид ийнхүү хур тунадас их байвал ургац хураалт оройтох төлөвтэй байгааг анхаарах хэрэгтэйг хүмүүс зохих яам тамгынханд хаяглаж байгааг дахин хэлье.
1
Ирж буй долоо хоног хөдөөнөөс хот руугаа “чихэлдэхээр” яарах их аяны 7 хоног болох биз ээ.
Зуны зугаа цаашилж намрын цуглаан эхлэж байна. Эргээд энэ хотдоо саяулаа түжигнэхэд дааж гарах уулзвар замууд, нийтийн тээвэр, дотуур байр, өмсөх форм, элсэх цэцэрлэг сургууль нь бэлэн үү, Хотынхоон гэж түр хөдөө байгаа хэд асуулгаад байна шүү.
1
П.Баярхүү /тоймч/