Аавуудын өдөрт зориулав
Холын нэгэн жижигхэн тосгонд аав хүү хоёр амьдардаг байжээ. Аав нь ганц хүүгээ хойд эхийн гар харуулж амьдруулахыг хүсээгүй болохоор эхнэрээ бурхны оронд очсоноос нь хойш зөвхөн хүүгийнхээ сайн сайхны төлөө бүхнээ зориулна. Гэхдээ хүүгээ эрхлүүлж амттан шимттэнд хэт умбуулаагүй ч хэрэгцээтэй бүхнийг нь ямар нэгэн байдлаар олоод л өгдөг байв. Тиймдээ ч хүү бүр багаасаа л тосгоны хамгийн баян хүүхэд гэгдэж байлаа. Аав нь өдөржин өртөөн дээр өнжиж, нааш цааш хурдлан давхих галт тэргийг өнгөрөхөд нь дохионы гэрэлт самбараа барин жилийн дөрвөн улиралд даарч хөрөн, наранд борлож харласаар. Цаг хугацаа ээлжлэн өнгөрсөөр ганц хүү нь нэг л мэдэхэд эрийн цээнд хүрсэн том эр болсон байв.
.
Хүү нь тосгоны овгор гэгдэж багачууд хүүхдүүдэд эрэлхүү загнасан, охид бүсгүйчүүдийг айлгаж ичээсэн, үеийнхээ хэдэн залуустаа ахлагч нь гэж онгирсон ахмад настаныг үл тоогч нэгэн болсон байхыг анзаарчээ. Тэр ч бүү хэл хүү нь заримдаа халамцуу, согтуу гэртээ ирж аавдаа дээрэлхүү ааш гаргах болж. Хөөрхий аав нь ганц хүүгээ л гэж ирсэн болохоор эрүүл болсон хойно нь үнэн сэтгэлээсээ харамсан сургаал ном айлдана. Гэвч хүү нь үл тоон хаалгаа тас хийтэл шидээд яваад өгөхөд эхнэрийнхээ зурагны өмнө бохирон сууж сэтгэлээ уудлан ярьдаг байв.
.
Ингэж хүү эцгийн их хайрыг үл ухааран явсаар нэгэн удаа санамсаргүйгээр хүний аминд хүрч, шүүхээс арван жилийн ял сонсон түүнийгээ эдлэхээр явжээ. Нэг жил хоёр жил гэсээр нэг л мэдэхэд арван жил болсон байв. Хүүгээ санасан эцэг наснаасаа эрт өтөлж, цал буурал толгойтой намхан жаахан өвөө болсон байлаа. Нэгэн өдөр өвгөний нэр дээр захидал иржээ. Арван жил хүлээсэн хүүгээс нь захидал ирснийг хараад өвгөний гар нь чичирч, нүдний нулимс аяндаа асгарч хэсэг догдлон суугаад түүнийг задлан уншлаа.
.
“Сайн байна уу? Хайрт аав минь. Таныгаа гомдоосон хүүгээ уучлаарай. Хүү нь энд жинхэнэ эр хүн болсоон. Ухаангүй тэнэг загнаж таныхаа хүүгээ гэсэн сайхан сэтгэл, хайрыг үл ойлгож, онгирч сагсуурч явсандаа ичих юм, ааваа. Ааваа, хүү нь долоо хоногийн дараа эндээс суллагдаад гэртээ харина. Таныгаа маш их санаж байна. Би эндээс галт тэргэнд суугаад буцна. Галт тэрэг манай өртөөн дээр зогсдог болсон гэдгийг дуулсаан. Хэрвээ та хүүгээ уучилж хүлээж авна гэвэл өртөөний зогсоолийн дэргэдэх гурван модны нэгнээс нь цагаан даавуу уяарай. Уяа байвал би буугаад таньдаа очно. Гэхдээ ааваа, та хүүгээ уучлахгүй ч байсан болноо. Та тийм эрхтэй. Хүүгээ уучлахгүй гэвэл би гомдохгүй. Би уяа алга байвал шууд цааш явж хот орноо. Тэнд очоод амьдралаа цоо шинээр эхэлнэ. Таны сонголтыг хүү нь ойлгоно. Хүндлэнэ. Хайрт хүүгээс нь...” гэсэн байлаа.
6
Хүлээж догдолсон өдрүүд өнгөрч хүү галт тэргэнд суун нутгийн зүг явж байхдаа замд таарсан залууст өөрийн алдаа оноотой амьдралын түүхээ ухаарал нэмэн ярьж явсаар тосгоны ойролцоох өртөөнд ирсэн байв. Түүний сэтгэл догдлон цонхоор харах гэсэн ч нүдэнд нь нулимс бүрхээд бас зориг дутаад хажууд яваа залуугаар харуултал “Та өөрөө харсан нь дээр байх аа” гэхээр нь модонд уяа байхгүй болохоор л санаа нь зовж дээ гээд өндийн хартал нүдэндээ ч итгэхийн аргагүй ажээ. Уг нь аавдаа модноос ганц цагаан уяа л уяарай гэж захисан. Гэтэл гурван моддын мөчир бүрээс нь цагаан тууз уясан байх нь яг л цасан ширхэг шиг. Галт тэрэг зогсонгуут залуу гүйхээрээ хаалгаар гарахад аав нь томоос том цагаан даавуу бургасанд уян туг адил намируулан зогсож байлаа.
6
П.Наран