.
“...“Шинэчлэл” нэрийн дор хуулиас гадуур авирлаж намын өмч хөрөнгийг хураах, төрийн бэлтгэгдсэн боловсон хүчнийг хоморголон халахаас гадна ард түмнээс Ардын намд өгсөн мандатыг булаан авах, намын нэрээр сонгогдсон УИХ-ын гишүүн, орон нутгийн Хурлын төлөөлөгчдийг урвуулан татах, хуулиар олгогдсон бүрэн эрхээ парламентад хэрэгжүүлэх боломж нөхцлийг хаах, “зөвхөн МАН-ынхан авлигачид” гэдэг кампанит ажлыг өрнүүлж баривчлах, хорихоор айлгах, Ардын намыг дэмжигч бизнес эрхлэгчдийг хавчиж, биднийг санхүүгийн хувьд улам доройтуулах, мэдээллийн дарангуйллыг тогтоох зэрэг бүх чиглэлээр довтолсоор байна...” гэжээ.
.
Энэ үг ортой байтугай бүр үнэн гэдгийг олон нийт өнгөрсөн нэг жилийн хугацаанд харсан. Хэтийдсэн хэлмэгдэл, өшөө авалтын хөлд түүхэндээ цөөнгүй толбо үлдээсэн монголчууд ийм улс төржсөн зөрчилдөөнөөс сэрэмжлэн дөлдөг болсон. Авилгагүй нийгмийг цогцлоож, аливаад шударга ёс ялаасай гэсэн хүсэл дээр нь улс төрийн хожоо харсан өшөө авалт, муйхарлалт явагдсаар байгааг энэ илтгэл олон нийтэд сэрэмжлүүлэн санууллаа.
.
Илтгэлд өнгөрсөн сонгуулийн явцад гарсан сөрөг үйлдлүүд тэнцвэргүй байдлын тухай дараах байдлаар хэлжээ. Ерөнхийдөө бол цөөнх болсон намын сонгуульд үзэж туулдаг зовлон бэрхшээлийг МАН ч туулж ирсэн нь харагдана. Харин энд дурьдагдаад байгаа олонхийн давуу байдлын түрэмгийллийн автороор нь МАН өөрөө олон жил ажилласнаа ч мартаж болохгүй байх.
Хоёр сонгуулийн хуулийг батлахдаа зөвхөн АН-ын нэр дэвшигчдэд ашигтай байх хувилбарыг муйхарлан зүтгүүлж санасандаа хүрэв. Ганц жишээ хэлэхэд, сонгуулийн тойрог хэсгийн хороодыг төрийн албан хаагч гэдэг нэрийдлээр хааяагүй АН-ыг хүчтэй дэмжигчдээр бүрдүүлэв.
.
“...Төрийн жинхэнэ албан хаагчдыг янз бүрийн халхавчийн дор АН-ын сурталчилгаа, зохион байгуулалтын ажилд бүрэн дайчлан ажиллуулав. Тухайлбал, арми, хилийн цэргийн бие бүрэлдэхүүний саналыг авахдаа дээрээс өгсөн тушаал удирдамжийн дагуу дарга нарынх нь хатуу хяналт дор зохион байгуулав...” эдгээр нь ерөнхийдөө бол МАН олон сонгуульд хэрэгжүүлдэг байсан л арга барил.
.
Харин “эрх баригчид МАН-д хандив өгч болзошгүй хүмүүсийг хатуу хяналтад авч, араас нь тасралтгүй мөрдөн шиншилж, харин өөрсдөө эрх мэдлээ урвуулан ашиглаж санхүүгийн илт давуу байдлыг бүрдүүлж, мөнгөний хүчин зүйлийн ид шидийг үзүүлэв” гэсэн нь анхаарал татаж байна. МАН өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар санхүүгийн хувьд сул, үнэ мөнгөн дээр итгэл муутай дуугарч оролцож байгаа нь мэдрэгдэж байсан. Сонгуулийн үеэр нам нь аваргын талд нэг л хөдлөхгүй байна. Уг нь хүчтэй мөнгөтэй нам, ганц хүнийг суга татаад, мөнгөөр зодоод гаргаад ирвэл ирнэ дээ гэж гайхах хүмүүс их байсан. МАН-ын санхүүгийн хувьд суларсан нь дээрх дарамт,шахалттай холбоотой байсан байж болох л юм.
.
Хэдийгээр сүүлийн сонгуулиудад амжилтгүй оролцсон ч сонгуульд нэр дэвшүүлдэг байсан хийгээд сурталчилгаа хийдэг, түүнийг зохион байгуулдаг байсан олон хуучирсан аргачлал, бохир технологиос салах алхмуудын хийж чадсан гэдгээ Ө.Энхтүвшин дарга илтгэлдээ онцолжээ.
“... Аливаа сонгуульд нийт сонгогчдын 20-30 хувийг эзэлж байдаг, судлаачдын нэрлэдгээр, “хөвөгч хэсэг”-ийн болон бусад намын гишүүд, дэмжигчдийг татах зорилт тавихын өмнө Ардын намынхаа гишүүд дэмжигчдийг бүрэн оролцуулах ажлыг хийх ёстой байх аа. Энэ тал дээр сонгуулиас сонгуульд ахиц гарч буйг бас онцлон тэмдэглэе.
...Шийдвэр гаргах эрхийг аль болох анхан шатны нэгж рүү шилжүүлэх, гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэх талаар зарим шинэлэг алхмуудыг хийхийг эрмэлзсэн.
.
...Сум, дүүрэг, аймгийн Хурлын сонгуульд чухам хэн хэнийг дэвшүүлэхийг шат шатандаа шийдвэрлэдэг байх, дээрээс хутгалдан оролцож чиглүүлдгийг зогсоох бодлого баримталсан. Аймгийн Засаг дарга, Хурлын тэргүүлэгчдийн дарга нарыг сонгож томилоход дээрээс тулгаагүй. Орон нутгийн ард иргэд нь чухам хэнийг арай илүү дэмжих хандлагатай байгааг л гол шалгуур болго гэж ерөнхий чиглэл өгч байсан нь буруудаагүй.
.
...Удирдах зөвлөл, Бага хурал дээр ч шударга өрсөлдөөнийг хангах, хэн нэгэн эрхтэн дархтан тухайлбал, намын дарга давуу эрх эдлэх ёсгүй гэсэн байр суурийг миний бие баримталсан. Үүнийг би өнөө яриад буй шинэчлэх гэдэгт хамаарна л гэж ойлгож байгаа” гэжээ.
.
Мөн тэрбээр намынхаа сонгуулийн алдааг хэдэн зүйлд багцлан авч хэлсэн байна.
...Гишүүд, дэмжигчдээ нийтэд нь идэвхжүүлэх, сонгогч олон түмний гүнд орж зүрх сэтгэлд нь хүрч нөлөөлөн, бодлого зорилтоо ойлгуулан татах ажил хангалтгүй байсан. Бидний зорилго болгоод тавиад байсан хөвөгч хэсэг, залуучууд, нам бусчууд урдын адил үндсэндээ гадна талд үлдсэн. Сурталчилгааны эхний өдрүүдээс ийм дүр зураг мэдрэгдсэн боловч үлдсэн 20 гаруй хоногт олигтой засч өөрчилж чадсангүй.
.
Сонгуулиудад гол үүрэг гүйцэтгэх ёстой идэвхтэн сонгуультнууд маань бүгд сэтгэлээ өгч зүтгэсэн гэвэл үнэнд нийцэхгүй, хангалтгүй оролцоотой байсан талаараа дурьджээ. Мөн намынх нь залуучуудын байгууллагын хангалтгүй үйл ажиллагаа нь ужгирч байгааг ч анхааруулж НАМЗХ, НАМОХ монголын залуучуудын олонхийг дагуулж чадах “үндсэн ажил”-аа хийхийг сануулжээ.
Ө.Энхтүвшин дарга ...Алдаа бол удирдлага буюу цөөн хүнээс үүдэлтэй, харин амжилт, ололт бол баг, хамт олон, магадгүй мянга мянган хүний бүтээл байдаг билээ... гэж ялагдлыг зөвхөн удирдлага руу нялзаах маягаар улс төр хийж байгаа нөхдүүдийг “болиорой” гэсэн байна.
.
МАН-ын даргын илтгэлээс гишүүд, олон нийт юу хүлээж байсан бэ тэр бүгдэд хариулсан гэж болохоор байна. Хүнд үед эв нэгдлийг сахиж, хэн нэгнээрээ туг тахин авилгач хэмээн цавчиж намын нэрийг цэвэрлэх зөвлөмжийг хүлээж аваагүй гэдгээ мөн хэлжээ. Мөн одоогийн үед зарим гишүүдийнх нь хүсээд байгаа шиг эрс шийдмэг алхмуудыг хийж, даварсан гишүүд нөхдөд хариуцлага тооцох гэхээр дүрмийн хүрээнд баригдаж хөдөлж чадахгүй байгаагаа ч хүлээн зөвшөөрсөн байна.
Энэ талаар “...Сөрөг хүчин болсон үеийн намын дарга гэдэг бол, ялангуяа манай намын дүрмээр хазъя гэхэд шүдгүй, мөргөе гэхэд эвэргүй, тийрье гэхэд туурайгүй юм байна шүү дээ” гэж би нэгэн удаа нөхөддөө хэлж байсан гэжээ.
.
Мөн тэрбээр МАН дүрэмдээ өргөн хүрээтэй өөрчлөлт оруулж, дотоод асуудлаа яаралтай эмхлэн сөрөг хүчний үүргээ биелүүлж эхлэх ёстой болоод байгааг хэлж, иргэдийн сөрөг хүчний хүлээлтэд хариу өгчээ.
...УИХ дахь Ардын намын бүлэг ажилдаа орж нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн холбогдох хууль, тогтоолын төслүүдээ яаралтай боловсруулж өргөн барих шаардлагатай байна. Ялангуяа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар санал, тооцоо судалгаагаа дуусгаж УИХ, Засгийн газарт өргөн барих, үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрүүдийн биелэлт, түүнчлэн 8 хувийн орон сууцны зээл яг очих ёстой эзэддээ хүрч байгаа эсэхэд хяналт тавих зэрэг асуудлууд руу анхаарлаа хандуулмаар байна...
.
Сөрөг хүчин намрыг хүлээлгүй ажлаа хийж эхлэх нь ээ гэж ойлгогдлоо. Эцийн дүнд МАН-ын дарга хэн байх нь бус ард түмний талд дуугарах сөрөг хүчин байж чадах уу гэдэг дээр олон нийт дүн тавина.
МАН-ын Их хурал ирэх аравдугаар сарын 27-нд товлогджээ. Наана нь улс орны амьдрал үргэлжилнэ. Энэ хугацаанд чухал асуудлууд дээр төрийн шийдвэрүүд хяналтгүй гарсаар байх бий дээ.
.
П.Баярхүү /тоймч/