Бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэхээр хямдхан. Мах гурилхан төдий. Ингээд л асуудал гүйцээ. Хонины мах харин тэртээх үед 1014 төгрөгийн үнэтэй байлаа. Балар эртний зүйл яриагүй гэдгийг минь таамаглаж байгаа байх.
.
2003 шүү дээ. Тэр жил бид 25.3 сая толгой мал тоолуулсан. Жил жилүүдийн махны үнийн өсөлтийн графикийг ажиглаж байхад 2003 он манай улсын махны үнийн ид өсөлтийн эхлэл үе байсан бололтой.
.
2006 он гэхэд бид 34.8 сая толгой малтай болов. Монголчууд хүн, мал, нохой, шувуугаа тоолж чаддаггүй л гэдэг. Гэхдээ огт хийсвэр тоо биш байх. Тэр жилдээ махны үнэ киллограмм нь 2084 төгрөг болтлоо өсөөд амжсан байв. Махны үнийн өсөлтийн гол буруутан нь ченжүүд болж байгаа талаар хэвлэлүүд тэр үеэс түлхүү бичиж байсан нь ажиглагддаг. Мөн Хөдөө аж ахуйн биржийн талаар учир мэдэх хүмүүс нь ярьж эхэлсэн үе байв.
.
2008 онд мал сүргийн тоо 40 сая давжээ. Махны үнэ 2800-3000 төгрөг болов. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 108 мянга. “Хотод амьдарна гэдэг түрийвчинд байгаа мөнгөө шатааж байгаагаас ямар ч ялгаа байхгүй. Битгий наашаа ир хөдөөнийхөөн” хэмээн хотын мэр, одоогийн Ерөнхийлөгч зэрэг төрийн зүтгэлтнүүд хэлж байсан үе.
.
Зурагтаар хэдэн нөхөр зах зээлийн зүй тогтол, эдийн засаг ярьж (гол нь үйлт махныхаа үнийн талаар маргаж байсан гэх үү дээ) байв. Үнийн зохицуулалтын талаар янз бүрийн санаа дэвшүүлж “Зах зээлийн нийгэмд үнийг төрөөс татварын бус аргаар зохицуулна гэж үгүй. Тэгж сүрхий зохицуулмаар байгаа бол ченжүүдээ буудчихгүй юу” гэж тэдний дунд суусан Б.Баабар эрхэм элэглэж байсан цаг. Малын тоо буурч 32 сая толгойд дөнгөн данган хүрч байв. Өвөлжилт хүндэрчээ. Малчдад туслах аян өрнүүлэв. Дунд сургуулийн сурагчдаар лаа, шүдэнзээ даалгасан санагдаж байна.
.
2010 онд махны үнэ инфляци хоёр найзлаад алга болж өгч байгаа талаар нэгэн шог зураач зурсан шиг санагдаж байна. Мөнгөний бодлогоос илүү махны бодлого хэрэгтэй талаар иргэд ярив. Хүнсний захаас мах, ногоо цуглуулж яваа эмээтэй уулзахад “Аль телевизээс яваа юм, хүүхээ” гэж ирээд дуртайяа яриа өгөв. Зовлонгоо тоочив. Учир нь 2010 оны эхэнд киллограмм нь 2688 төгрөг байсан бол оны эцэс гэхэд 3686 төгрөгт хүрчээ. Яг тэр үед “Монголын бүх малчин зуданд хамаг малаа алдаж амьжиргааны төвшин нь доройтсон тул байгаа хэдээ үнэд хүргэхийн тулд бүгд сэм хуйвалджээ” хэмээн хэн нэгэн фельетондоо дурдаж байв. Олон нийт ченжүүдийг буруутгаж “Адгийн панзчин”-аар нь дуудаж эхэллээ. Ядаж байхад хятадууд ирж мах бөөндөж аваад махчин монголчуудыг олон улсын сүлжээ цагаан хоолны ресторан руу зүглэхэд хүргэсэн гэх үү.
.
Энэ жилийн хувьд нэг хэсэг 10 мянга даван галзуурч байсан үнэ наадмаас хойш овоо л буурч байх шиг байна. Махны үнэ цаашид хэр буухыг таашгүй. Сургууль соёл эхлэх дөхөж оюутан сурагчид хот хүрээ бараадах цаг ирж буй энэ үед хэсэгтээ л махны үнэ хямд байх болов уу. Юутай ч байсан махны үнэ өсөхдөө зуун төгрөгөөр, буурахдаа 20 орчим төгрөгөөр урамгүйхэн урууддаг болохыг манай статистикчид бидэнд харуулсан. Гол нь махны үнэ өслөө ч малчдын амьдрал дээшилсэнгүй. Мах, малчин, махчин гурвын ирээдүй ирэх онд хэрхэн эргэх бол доо.
.
Эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүд 2020 он гэхэд ямар байх талаар “төсөвчид”, “банкчид”, “үндэсний хороо шинэтгэгчид”, “мах холбоожуулагчид”, “гурил тээрэмдэгчид”-ийн өмнө нэгэн тооцоо судалгаа үзүүлж тайлан, илтгэл бэлтгэж харуулж байна. Мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ёстой гэнэ. Мал аж ахуйг эрчимжүүлнэ гэдэг нь махны үнэ буурна гэсэн үг юм уу, өснө гэсэн үг юм уу. Бүү мэд. Магадгүй мал аж ахуйг эрчим хүчээр хангах юм байлгүй. Тэгээд л энэ дулааны тавдугаар цахилгаан станцыг бариад байгаа байх нь.
.
Н.Бадамжав