Шийдвэр нь тодорхой бага хурал
2013-08-05

Даваа гарагт МАН-ын Бага хурлын 310 гишүүн Тусгаар тогтнолын ордонд хуралдана.

Энэ нам яах нь маньд хамаагүй болсон гэх хэсэг байгаа бол дангаараа шахуу төр барьж байгаа АН-д олигтойхон сөрөг хүчин хэрэгтэй байна. МАН хурдан сэхээ ч гэсэн иргэдийн хүлээлт нөгөө талд нь байна.Энэ нь шуудхандаа сөрөг хүчний маш сайн Лидер хэрэгтэй байна л гэсэн хэрэг.

Тийм болохоор энэ бага хурлаас хэн намын дарга болох вэ гэдэг том бооцооны сэдэв болоод байна.

.

Би явлаа баяртай, битгий намайг дуудаарай... гэх дууг аялах шахуу явсан У.Хүрэлсүх нь ирж таарсан болохоор намын дарга горилогчид хийгээд, намаа шинэчлэгчдийн талаарх хов живийг баяжуулж өгч байна. Хэчнээн явлаа ч дуртай юм, ажлаа хийе гээд гараа өргөөд ороод ирж магадгүй гэж У.Хүрэлсүхээс хаширлаж дөлсөн хэсэг байгаа бололтой. Хүрэлсүх дахиад ачаа авч даах уу гэх маягийн сөрөг бичлэгүүд цөөнгүй харагдлаа.

Сүүлийн өдрүүдэд хэвлэлүүдээр энэхүү бага хурлыг тойрсон сэдвүүдээр гарч буй ярилцлага нийтлэлүүдийг харахад одоогийн удирдлагаа ивээсэн, тойрон хүрээлсэн ярилцлага зонхилж байна. Бас дотор нь талцуулсан хатгасан юм ч цөөнгүй л байна.

.

Нэлээн шүүмжлэлтэй ярилцлага өгсөн Э.Мөнх-Очирын ярилцлагад эмзэглэж хариу барьсан нийтлэл сэтгэгдэл зэргийг харахад энэ нам дотоод хуваагдал тэмцлээ нуугаад байх хэрэггүй болсон юм шиг харагдана. У.Хүрэлсүх ирсэнтэй холбогдуулан Шинэчлэгчдийн “гарвал үүслийн” талаарх жиг жуг яриа олны сонирхлын төвд байлаа. Одоогийн шинэчлэгчид гэх өрх гэрийнхний ихэнх нь У.Хүрэлсүх ахаараа хөтлүүлж гарч ирсэн, ач санадаггүй юм аа гэхэд үгүй гээд “пээдийгээд” байж чадахгүй нөхдүүд гэнэ. Хэрвээ шинэчлэгчид гэж байгаа нөхдүүд энэ бага хурлаар юманд хүрвэл У.Хүрэлсүх л хийлээ гэсэн үг болно гэсэн яриа хүчтэй явж байна. Үүнд өнөөх хэвлэл бүхэнд ярилцлага өгөөд байсан шинэчлэгч нар Л.Оюун-Эрдэнэ тэргүүтнүүд шийдвэртэй тийм, үгүй гэсэн хариу ч байхгүй таг сууж, их л төлөв даруу болсон нь анхаарал татаж байна.

.

Намын дарга болох “амбиц”-ийн тухайд ирээдүйн сайдын суудлаар харж шүлс залгиж байгаа хөнгөмсөг нөхдүүд их байгаа нь ойлгомжтой.

Бараг л 4 жил тутамд нэг шинэчлэгддэг онцлогоороо бусад намуудаа хол хаяж чадах энэ намын бага хурлаас хэн нь дарга болж, уруудаж яваа намынхаа ясыг барих уу, тугийг өргөх үү гэдгийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Хэвлэлээр үг санаа дайгчдын санааг харах ахул одоо оройлон цойлье гээд байгаа шинэчлэгчид л “лав биш ээ” гэдэг дээр сүрхий эв нэгдэлтэй дуугарч байгаа харагдана. Дараагийн намын дарга хотын фракцийн гэгддэг М.Энхболдыг л болов уу даа гэсэн таамаг дээр бооцоо тавих хүмүүс 7 хоногийн сүүлчээр нэмэгдэж байх шиг. Үүний цаана бүлгийн дарга Н.Энхболдын нэр ч нэг дэвшээд гараад ирвэл бужигнуулна гэж байна. Бас дараагийн дарга болох хүн мөнгөтэй нөлөөтэй хүн л биш бол бурхан байгаад ч нэмэргүй болсон гэх гутранги үзэлтнүүд ч байгаа бололтой. Гэвч цаад хүний таалал гэдэг шиг үнэхээр С.Баяр, У.Хүрэлсүх нарынх нь далд оролцоо нөлөө их байгаа бол Ө.Энхтүвшин даргын түвшин хэрнээ эрс шийдмэг шийдвэр яаж ч эргэж гарч мэдэх юм. Түүний илтгэлдээ хэлэх намынхаа ялагдал уруудлын талаарх дүгнэлт нь бидний энэ хурлаас сонсох “юм”-ны оргил нь болох юм.

.

Энэ илтгэлээс МАН гэсэн улс төрийн том намын доторх хөрс суурь ямар байгааг бид харж чадах юм. Бодвол амралтын өдрүүдэд бөөн яриа тохироо явагдаж байгаа байх. Дахин нэг “Тэрэлжийн тунхаг” төрж байхыг ч үгүйсгэхгүй.

Уг нь намын даргын асуудлыг Их хурал нь шийдэх ёстой гэдэг юм билээ. Гэхдээ бага хурал бол Их хурал гэсэн үг, ялгаагүй гэж үздэг жишиг тогтоод удаж байгаа юм шиг байна.

_

МАН-ын бага хурлын өмнөхөн Н.Энхбаяр “наранд” гарлаа. Одоогийн МАН-ын бага хурлын олон гишүүний хувьд одоо ч дарга асан хэвээр байгаа “number one” бага хуралд нь шууд бус нөлөөлөх магадлалтай. Учир нэхвэл одоогийн энэ арчаагүй байдлаас гарах ойр харагдаж байгаа нэг гарц бол МАХН-тай нэгдэх явдал гэж үзэж байгаа хэсэг бага хурал дотор ч, гадаа гишүүд дэмжигчдийн дунд ч байгаа. Хэрвээ энэ хувилбараар яваад үзье гэвэл энэ нэгдлийг хөтлөн хийж чадах хүн хэн бэ.

.

Энд одоогийн намын дарга Ө.Энхтүвшин, дараа нь М.Энхболдыгоо нэрлэх байх. Хэдийгээр их мөрөн шалбаагт цутгахгүй гэж томорч байсан үе байгаа ч, цаг өөр болоод байгаа тул энэ үг арай уянгалаг болж өөрчлөгдөж болох юм. Нэг ундаргаас эхтэй хоёр гол яагаад нийлж том мөрөн болж Засгийн газар гэдэг их далайд цутгаж болохгүй гэж гэх маягтай хувирч болох юм. Гэхдээ энэ бол одоогийн бага хурлаар хараахан шийдэгдчих асуудал биш. Гэхдээ намын шинэ дарга хэн болохоос дээрх нэгдэх хувилбар яригдах эсэх нь хамаарч болох.

.

Удирдах зөвлөл нь хуралдсан, Э.Мөнх-Очир шинэчлэлийнхнийг “шанаадсан” ээлжит ярилцлагаа өгсөн, амралтын хоёр өдөр дамнуулаад бага хурал зарлагдсан, ярих хөөрөх тохирох цаг гаргасан гэсэн дарааллаар бага хурлын өмнөх оршил сценар нь явагдлаа. Ингээд харахаар бага хурлаас нь гарах шийдвэр бараг бэлэн болчихсон ч юм шиг.

Орост ерөнхийлөгчийн сонгуулиар “Путин биш бол өөр хэн гэж” гэсэн асуултаар сөрөг хүчнээ таг болгож байсан бол, МАН-ынхан бага хурал дээрээ М.Энхболд биш бол өөр хэн гэж асуугаад намын даргын асуудлаа шийдчихэж магадгүй л юм.

.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дуулианд 2012 оны сонгуулиа мартах шахсан хүмүүс ингэхэд МАН хэдэн суудал авлаа. Энэ парламентад сөрөг хүчин бий билүү гэж асуух дээрээ тулаад байна. Ийм болохоор МАН-ын энэ бага хурлыг соотойж сонирхохоос аргагүй болоод байна.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
МАН-иргэн:
М.Энхболдоос өөр лидер даанч алга гэж үү арай үгүй байлгүй дээ.Газрын наймаачин биз дээ. С.Баяр,Хүрэлсүх, М.Энхболд , Батболд , Энхтүвшин гээд цагтаа лидер байсан ч одоо ард түмэн ,намын ихэнх гишүүд хүлээж авахгүй. Шинэчлэе л гэж байгаа бол өөр хүн намын даргад дэвшүүлээч
2013-08-05
qwertyuio:
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-08-05
amar:
M.Enhbold dargiig demjij bna
2013-08-05
доржоо:
өнөөгийн МАН бол монголын түүхийг бүтээж халуунд халж хүятэнд хөрч явсан хуучны МАХН бишээ. Хариэ энэ л сайхан намын нэрээр олигархийн үүр уурхай болгож энэ намаар тоглож тартагт нь тулгасан С.Баяр Хүрэлсүх С.Батболд М.Энхболд мэтийн өөрсдийгөө баяжуулсан ноходын нам болчихсон шүү ард түмэн мимнь. Өвөө эмээ нар минь өнөөгийн МАН бол таны гардаж босгосон нам чинь биш шүү.
2013-08-05