Дэлхийн зах зээл хөрөнгийн бирж дээр Оюутолгой маань нэрээ гаргаж, учир мэдэх хэд нь “Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханшийг ширтэж унтахаа байсан бол, наадмаас өөр ярих юмгүй уйдсан улсууд “Н.Энхбаяр ирлээ ш тээ” гэж нүд нь сэргэсэн 7 хоногийг товч тоймлоё.
.
Хөрөнгө оруулалт гацлаа
РиоТинто Монгол улсад хэрэгжүүлж буй Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтаа тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа өнгөрсөн даваа гарагт мэдэгдэв. Монголын Засгийн газар зөвшөөрөх хүртэл 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлаа зогсоожээ. Үүнээс “Turquoise Hill Resources” хувьцааны ханш нь 20 орчим хувиар бууж, манайд ам.долларын ханш огцом өслөө. Монголд сүүлийн хорин жилд хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50 хувь нь 2011-2012 онд Оюутолгойд хийгдсэн талаар эдийн засагчид хэлж байна. Одоо гацаад байгаа энэхүү 5,1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шийдэгдэж эхний ээлжинд ядаж тэрбум ам.доллар нь манай эдийн засагт эргэлдээд эхэлбэл одоогийн эдийн засгийн олон хүндрэлүүд хөнгөрөх талаар мэдэх хүмүүс нь хэлсээр байна.
:
Оюутолгойн тойрогт ярьж байгаа энэхүү бүтээн байгуулалтын цаана 34 хувийг эзэмшигч Монголын Засгийн газар болон УИХ-ын хэмжээнд эргэж харах нягтлах зүйл байгаа юм билээ. Гэхдээ гол гацаа нь УИХ-аас өнгөрсөн жил батлаад буй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд их асуудал байгаа юм шиг байна. Намрын чуулганаар энэхүү хуулийг эргэн харж хэрхэн засч өөрчилснөө гадаадынханд олигтойхон зарлаж сурталчлахаас хамаарч ганц Оюутолгой бус бусад олон гадаадын хөрөнгө оруулалт наашаа юу, цаашаа юу гэдэг нь шийдэгдэх бололтой. Наашаа л байгаасай даа. Бид чинь эдийн засгийнхаа өөдлөх уруудахыг уул уурхайгаас харж суудаг улс юм байна шүү дээ. Ирэх долоо хоногт мөн “Turquoise Hill Resources”-ийн ханшийг нүд салгалгүй ширтэж, ноён долларыг аргадсан өдрүүд үргэлжлэх бололтой.
:
Жолооч нарыг 10 мянгаар торгоно
Улаанбаатарт Замын хөдөлгөний хяналтын камерт бүртгэгдсэн зөрчилд хариуцлага тооцох журам анх удаа хэрэгжиж бусад хөгжсөн хотын жишиг рүү бид нэг алхам урагшиллаа. Сохор азаар жолоондоо тэнцэж, хөдөөнөөс гэнэт шилжин ирсэн жолооч нараар эгнээгээ “чанаржуулсан” манай жолооч нар замын хөдөлгөөнд дэндүү бүдүүлэг оролцдог байдал энэ арга хэмжээний дүнд хумигдах болов уу гэсэн найдлага байна. Цагдаа л байхгүй бол хамаагүй гэж дураараа явдаг нөхдүүд эрх биш хардаг хянадаг, бүртгэдэг камер гэдэг юм толгой дээр нь ажилладаг болсныг ойлгож ядаж л ногоон гэрлээр орж ирж дайрчих гээд байдгаа болих байгаа гэж иргэд харж байна. Одоогийн байдлаар 480-аад бүртгэгдсэн зөрчилд торгуулийн хуудас хаягаар хүргэгдээд байгаа гэсэн. Хэрвээ үнэхээр хамрах хүрээ сайтай камер ажиллаж, хэрэг зөрчил нарийн бүртгэгдэж байгаа бол өдөрт дор хаяж 10 удаа гэрэл дохио зөрчиж урсгал сөрж, эгнээ байр дайрдаг алдарт “Микро”-нууд өдрийн 50 мянга, 5 өдрийн дор хаяж 250.000 төгрөгийн торгуулийн хуудас авч байж магадгүй л болоод байна.
.
А/726 тоот захирамж хэрэгжиж эхэлжээ
Жанжин Д.Сүхбаатарын хөшөөгөө төв талбайгаасаа шахах мөрөөдлөө биелүүлсэн Хотын дарга Э.Бат-Үүлийн гаргасан нэгэн захирамжийг /А/726 тоот/ энд харалгүй орхиж боломгүй санагдлаа. Энэ захирамжаар 2013 оны 5 сарын 30-наас хойш хөдөө орон нутгаас шилжин суурьшсан иргэдэд гэр хорооллыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлж дуусах хүртэл гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Энэ нь хүн амын төвлөрлийг бууруулах гэсэн тодотголтой захирамж юм байна. Ингээд НИТХ өнгөрөгч сард 1921 оны хувьсгалч Д.Сүхбаатар талбайгаас нэрээ тат, баяртай гэсэн бол 5-р сарын 30-наас хойш нийслэлд шилжсэн “азгүйчүүд” газар байхгүй, буцдаа гэдэг дээрээ болоод байгаа бололтой. Яг хэдэн өрх одоогоор энэ хязгаарлалтад ороод байгааг хэлж мэдэхгүй байна. Хэд ч байлаа Монголын л иргэн газар өмчлөх эрхээ түр хасуулж байх шиг байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт ингэхэд хэзээ дуусах билээ дээ. Хэсэг иргэдийг 2013-2016 он хүртэл газар авах эрхгүй болгосон энэ шийдвэр хүүхдүүдийн хэлдгээр нэг л “шог”, хүний эрх зөрчөөд байгаа юм шиг санагдаад байгаа талаар анхаарахыг зарим иргэд хэлж байна.
.
Уучлалт хүсээгүй Н.Энхбаяр, уучлагдлаа
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж хоригдол Н.Энхбаяр эрх чөлөөт иргэн боллоо. Нийгэмд нэгэнт хүлээлт байсан болохоор энэ шийдвэр тийм их гэнэтийн сюрприз биш байлаа. Ерөнхийлөгчийн уучлалын талаар иргэд зөв, буруу гэсэн янз янзын л байр суурьтай байна. Харин уучлагдсан Н.Энхбаяр болон түүний намынхан цагаатгалыг л хүлээн авах байсийн, гэхдээ одоо яахав дээ гэж дүүхэлзэв. Энэ нь хугацаанаасаа өмнө суллагдаж байгаад нь баярлаж доголон нулимтай байсан зарим нэг цагаахан сэтгэлт иргэдийг “сонин” болгоодохов. Тохиролцоогоор суллагдлаа гэдгийг бол ёстой үгүй гэж МАХН-ынхан эрс няцаалаа. Энэ нь үнэн ч байж болно. Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудал ноцтой болсон талаар дүгнэлт прокурор дээр яригдаж байх үетэй давхцан Ерөнхийлөгчийн уучлал үзүүлэх зарлиг гарсныг энд харахгүй өнгөрч болохгүй. Үнэхээр эрүүл мэнд, амь насанд нь аюултай байдал үүссэнийг Ерөнхийлөгч тооцсон байж болох. Тэрнээс Н.Удвал сайдын нэр дэвшиж чангаасан 7 хувийн саналд баярласандаа уучлал үзүүлсэн нь юу л бол. Гэвч энэ асуудал одоо чухал биш. Харин Н.Энхбаяр гэдэг энэ хүн намаа шоронгоос биш албан тасалгаанаасаа удирдах болсноор цаашид бий болох улс төрийн амьдралын өрнөлийг таамаглах гэсэн улс төр мэдэгчдийн хэл загатнаад хэцүү байх шиг байна. Их хуралд суудалтай, Засгийн газарт сайдуудтай МАХН-ын даргад улс төрд лавхан хөл тавьж, Их хурал Засгийн газарт ойртох нь лав эхний ээлжинд тийм хол биш.
.
”Хэцүү нэрт”-ийнд явахад нь нэлээн ташуур өгч хойноос нь нулимаад байсан хуучин намын нөхөд рүүгээ харж нүд ирмэн, “нэг уулзанаа хөө” гэх бол эрх чөлөөтэй болсон түүнд сайхан л мэдрэмж төрүүлэх байх. Харин хавирганаас нь хазаж нозсон нөгөө хэдэд нь ямар мэдрэмж төрөхийг хэлж чадашгүй нь.
Н.Энхбаяр ирснээр улс төр учиргүй бужигнаад унахгүй ч үйл явдлын өрнөлд нөлөөлөх нь дамжиггүй. Энэ хүн чинь суухынхаа өмнө алдаа гэмээ ухаараад эхэлчихсэн, авилгачдыг хашраая /цаагуураа урвагчдыг гэсэн байж ч болох/ гэж байсан хүн. Одоо нөгөө авилгачдыг нь ид намнаж байх үеэр л нэг уулзанаа хөө, би хэрэг хийгээгүй шүү гэж сануулсаар гараад ирлээ дээ гэж хүмүүс жуумалзан шивнэлдэж байна.
.
Энэ үнэн шүү дээ. Ядаж л У.Хүрэлсүх, Ц.Нямдорж руугаа яаж нүд ирмэх нь сонирхолтой байна гэж дэмжих хүмүүс ч мөн их л байна. Н.Энхбаярыг хурдан эдгэж тоглолтоо эхлүүлээсэй гэсэн “том” хүмүүс ч, бас жирийн иргэд ч олон байгааг бид өнгөрөгч долоо хоногт хэвлэлийн хуудаснаас хангалттай харлаа. Гадаадад байгаа хэдэн залуус маань яахав, цагаахан “Hello! Enkhbayar, үзүүлээд өгөөрэй" л гэж байна.
Өнгөрөгч 7 хоногт оргилдоо хүрсэн ойн наадам томоосоо бол нугарч дуусч байх шиг байна. Тэгш тоотой ойн наадмуудыг олон хурд, хүчтэнүүд зорьсоноос хоймор нутаг Хөвсгөлийнхөн одтой нааджээ.
.
Хөвсгөлийн уяачид Засгийн газрын тогтоолт бүсийн наадмуудаас гурван түрүү, найман айраг хүртэн, аймгийнхаа хурдан морины түүхэнд нэгэн шинэ амжилт тогтоосон гэнэ.
Хотын иргэдийн тал нь шахуу хөдөө аялаад эзгүй хэвээр. Таагүй мэдээ сэрэмжлүүлэг дайхад, авто замд болон усанд осолдож цөөнгүй хүн алтан амиа алдсан талаарх мэдээ өдөр бүр шахуу дараалан цацагдаж байна. Зөвхөн өнгөрөгч 7 хоногт авто ослоор хот болон орон нутгийн замд 6 хүн амиа алдаад байгааг анхаарч, алсын замд ууж идэхээ тааруулан, уул усандаа залбирч, аядуу тогтуун явахыг та бүхэндээ нэмж сэрэмжлүүлье.
.
Ирж буй 7 хоногт Засгийн газар жинхнээсээ ажилдаа орж жигдрэх байх гэсэн хүлээлт иргэдэд байна. Энэ Рио Тинто, Оюутолгойгоо яахийн, өөрийн үнийхээ 80 хувьтай тэнцэх далд уурхайн ажил 5.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаа зогсоочихлоо. Бид чинь 10 сар хүртэл тоолох долларгүй шахуу болчих гээд байна, юу бодож байна гэсэн эдийн засагчдын ширүүхэн асуулт тэднийг ээрэх нь дамжиггүй.
Даваа гарагт ч юм уу, мягмар гарагт МАН-ын дарга тодрох байх. Эндээс Н.Энхбаяраар эхэлсэн намрын улс төрийн амьдралын шуугиан өндөр авч эхлэх биз дээ.
.
П.Баярхүү /тоймч/