![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/5tolgoi1.jpg)
Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хамтарсан Засгийн газар ханцуй шамлан ажилдаа орсон. Иргэд улстөрчид хамтарч байгаа дээрээ үүцээ задалж бидэнд хувь эзэмшүүлж үе удамдаа дамжуулан эзэмших хувьцаа, хөрөнгөтэй болгох нь гэж их л баярлан хүлээн авсан.
Ингээд 2010 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Цанхын баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагчийг тодруулах тендер зарласан ч өнөөдрийг хүртэл эцэслэн батлагдсан хэлэлцээр, хөрөнгө оруулагч алга. Монголын баялагт харц унагаж шүлэнгэтсэн харийн хөрөнгө оруулагчид тендерийн сургаар харц нь зальжин болж, ааш нь наашилж хувь хүртчих санаатай ирээд наалдчихсан. Ямар ч болзол хэлсэн биелүүлэхэд бэлэн гэх тэд тэнгээс од шүүрээд ир гэсэн ч чадна гэж байсан. Нийт 15 консерциум саналаа ирүүлснээс зургаа нь тунаж үлдсэн.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар баруун цанхын нийт хувиас Хятад, АНУ, Монголын эзэмших хувь тодорхой хэмжээгээр багасч, ОХУ-аар ахлуулсан Япон-Солонгосын хамтарсан нэгдлийн эзэмших хувь өсөх юм байна. Өмнөх хувилбар болох Хятадын 40, АНУ-ын 24, Монголын 18 хувь багасч, Оросын 18 хувийг нэмэхээр хэлэлцэж эхэлжээ. Эндээс харахаар Монголын талын хувь хэмжээ улам багасч таарч байна.
Энэ хэмжээгээр иргэн бидэнд оногдох 10 хувийн үнэлгээ буурна гэсэн үг. Хэдий 10 гэж сонсогдож байгаа ч баруун цанхын 10 гаруйхан хувийн 10 хувь гээд бод. Анх УИХ-аар Тавантолгойг хэлэлцэн 39 дүгээр тогтоол баталж байхад энэ ордыг хэсэглэн хуваахгүй гэж байсан бол өнөөдөр хуваах нь байтугай монголчуудын хувь эзэмшил гэж нөгөө Оюутолгойгоос дор болчихоод сууж байна.
Яагаад Хятадын тал 40 эзэмших болчихвоо гэж Н.Алтанхуяг сайдаас асуухад “Өмнө нь Хятадын талд танай хувь 40 байна гээд хэлчихсэн. Тохирсон, ярьсан зүйл ийм л байсан. Одоо буцаагаад буулгана гэдэг хүнд” байгаа гэж байх юм. Хэлсэн ярьсандаа хүрдэг Засгийн газар юм бол ард түмнийхээ өмнө амласнаа биелүүлж Тавантолгойн ордыг хуваалгүй бүхэлд нь ашиглаад 10 хувийг нь ард түмэндээ өмчлүүл л дээ.
Монгол Улсын эзэмших хувийг багасгаж татвар, хураамжаас шархаа нөхнө гэж эрх баригчид тооцоолж байгаа гэх. Ямар боловч Эрдэнэс Тавантолгой компани нэг ч шанага нүүрс олборлоогүй байхад орд газрын нь хуваагаад хүртчихсэн.
Монголчууд нүүрсний шавхруун дээр нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцах нь
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/images-12.jpg)
Харин одоо эндээс үлдсэн жаахан шавхруун дээр нь монголчууд хөнжилдөө хөлөө жийлцэж байна. Монголын талын эзэмшлийн 10 гаруйхан хувийн 10 хувийг ард түмэнд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ.
Нөгөө 10 хувийн хувьцааг аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь олгоно гэсэн. Дэлхийн тавцанд хэлсэндээ хүрдэгээрээ алдартай Монголын улстөрчид ард түмэндээ амласнаа няцааж сурсан.
Аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх гэж байсан 10 хуьийн нэрлэсэн үнийн хувьцааг хүчингүй болгож иргэн бүрт 1072 хувьцааг эзэмшүүлэх нь зөв. Гэхдээ аж ахуйн нэгжүүдэд худалдах гэж байсан 10 хувийг иргэдэд олгоё. Гэхдээ үнэгүй өгөхгүй нэрлэсэн үнээр гэж байна.
Үүнд нь бухимдсан бизнес эрхлэгчид бухимдаж хувийн хэвшлийг боож хаадаг УИХ-ын гишүүдийг нэр цохон шон дүүжлэхэд бэлэн байна. Хэвлэлээр нэр хоч өгөн матарлаж суугаа. Гадаадын гэх хөрөнгө оруулагчдын өмнө байдгаа бариад туучихдаг атлаа алгын чинээ жаахан хувиасаа худийн хэвшлийнхэнд оногдуулахад яагаад болохгүй гэж.
Гадныхан ногооноор тооцоо хийдэгч бид тэр хэмжээний үнийн дүнтэй тэнцэх төгрөгөөр тооцоо хийнэ гэж даналзах. Улстөрчид нь зөрүүлээд иргэдэд нэмж олгох гэж байгаа 10 хувийг нэрлэсэн үнээр авна. Тэгэхээр иргэн бүр авч чадахгүй болохоор бизнес эрхлэгч нар албан хаагч, ажилтнаараа дамжуулан худалдаж авах бүрэн боломжтой гэж учирлах. Энгийн юм шиг хэрнээ их зүйлийг өгүүлэх энэ маргаан харийнханд харин эмгэнэлтэй харагдаж байгаа. Бидний үлдээсэн жаахан шавхруун дээр монголчууд зодолдож байна хэмээн хөх инээд нь хүрч байгаа даа. Энэ мэт Тавантолгой гэх үүцээ ашиглаж эхлээгүй шахам байхдаа талаар нэг тарааж байгаа нь алаагүй баавгайн арьсыг арав хуваана гэгчээр юм болж байна.
Б.Ургамал