Төрийн гурван өндөрлөгөөсөө авахуулаад орон гэргүй гудамжаар гэр хийж яваа иргэн бүр маань “Эрдэнэс Тавантолгой”-гоос 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг. Цаасан дээрээс харахад их л хөрөнгө мөнгөтэй улс шиг харагдаж байгаа биз. Даанч энэ хувьцаа ямар үнэ цэнтэй юм гэдгийг бид мэдэхгүй. Энэ ямар учиртай компани юм, санхүүгийн ашигт ажиллагаа, үйл ажиллагааны зардал нь гээд мэдэх юм даанч алга. Байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг ийм хөрөнгөтэй 2,9 сая иргэн гэж энэ дэлхийд л лав байхгүй биз. Нөгөө ягаан цэнхэр тасалбарын орчин цагийн хувилбар.
1
Үнэт цаасны зах зээл хөгжиж Хөрөнгийн бирж дэлхийн томоохон биржүүд дээр манайхан үнэт цаас хувьцааны том том наймаа үсэргээд байгаа гэх. Энэ үнэт цаасны зах зээлийг сонгодог утгаар нь хөгжүүлж гэмээнэ бид жинхэнэ утгаараа хувьцаа эзэмшигчид болно. Учир нь эдийн засгийн өсөлтийг иргэд шууд хүртэх санхүүгийн боломж нь үнэт цаасны төгөлдөр зах зээл шүү дээ. Эдийн засаг нь ингэж хурдацтай өсч байгаа орны эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байгаа үндэсний компаниуд хувьцаагаа бирж дээр гаргаж, банкны өндөр хүүтэй зээлээс өөр урт хугацааны санхүүгийн эх үүсвэр татах, нөгөө талаасаа ард иргэд үндэсний компаниудынхаа хувьцааг эзэмших боломжийг цаг алдалгүй бүрдүүлэхгүй бол нийгэмд баян хоосны ялгаа улам гүнзгийрэх бодит эрсдэл аль хэдийнэ бий болчихсон.
1
Өнөөдөр эдийн засгийн өсөлтийг бүрдүүлж байгаа 200-хан компани байна. Тэдний ард 400 орчим өрх эзэмшиж байна гэсэн үг. Бусад нь цалингаас цалингийн хооронд арайхийн бэдэрч яваа дундчуул, хоногийн хоолоо арайхийн залгуулж суугаа ядуучууд. Хувьцаа нэртэй хэдэн эрээн цаас гаргаад нийгмийн баялгийг тэгш хуваарилчихаж чадахгүй шүү дээ. Төрийн өмчит компаниуд л гэнэ. Тэдний санхүүгийн тухай мэдээлэл жирийн иргэнд алга. Уг нь энэ чинь нийтийн өмч шүү дээ. Мэдээлэл хаалттай учраас МИАТ-ийн хуучин удирдлагууд хэдэн тэрбумаар хөрөнгийг нь завшиж, Эрдэнэс Тавантолгой дампуурах дээрээ тулж, Эрдэнэт банкны өрөнд тавигдаж байна шүү дээ. Нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу Хүн ам, нийгэм хамгааллын сайдын баталсан журмаар аравдугаар сарын 1-нийг хүртэл 700 мянган хүн Нийгмийн даатгалын дэвтрээ бөглүүлэхээр уртаас урт дараалал үүсгэн зогсч байна.
1
Яахав төр нэг удаа ийм арга хэмжээ авч болно оо. Гэхдээ тогтолцоог нь өөрчлөхгүй бол мянга ийм арга хэмжээ аваад ч байдал засрахгүй. Өнөөдрийн нөхцөлд үнэнийг хэлэхэд, Засгийн газар нь хулгайч болчихоод байна шүү дээ. Таван их наяд төгрөгийг мань мэтэд хэлэхгүйгээр зүгээр л хулгайлчихлаа. Хүний юмыг зөвшөөрөлгүй авсан нэгнийг хулгайч гэдэг биз дээ. Насан өндөр болохоороо авч хэрэглэнэ гэсэн мөнгийг маань хулгайлчихаад хээвнэгхэн “Та нар өршөөлөө хоосон дэвтрээ бөглүүл” гээд сууж байдаг ямар цайсан нөхдүүд гэхээр ийм байдаг байнаа. Гадныхны туршлага байна. Өөрсдөө төгөлдөржүүлж чаддагүй юм бол эвтэйхэн хуулчихаач. 1960 онд төрсөн хүмүүс удахгүй тэтгэвэрт гарна. Өгөх мөнгө байна уу. Албан бус секторт ажиллаж байгаа 400 мянган хүн бас яах болж байна. Улайсан данстай тэдний өтөл насны амьдрал ямар байх бол. Мэдээж татварын орчин сайн байж гэмээнэ зөв гольдролдоо орно.
1
Хэчнээн татварын өршөөл үзүүлээд ч далд эдийн засгийг ил болгож чадахгүй байгаагийн буруу эрхэм төр таны буруу. Аль хэдийнэ татварын таатай орчноо бүрдүүлчихсэн бол эдийн засаг маань эрүүлжээд өсөлт нь ард иргэддээ жинхэнэ утгаар мэдрэгдсэн авилгал хээл хахууль, түмний хөрөнгийг улайм цайм луйвардаад сууж байхгүйсэн.
1
Татварын орчингоо тогтвортой энгийн ойлгомжтой болгомоор байна шүү дээ. Томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа үндэсний томоохон компаниудтайгаа салбар харгалзахгүй татварын тогтвортой байдлын гэрээг хийдэг, жижиг бизнес эрхэлдэг компаниуд заавал тайлан баланс тушаадаг ийм систем рүү хэзээ орох юм бол. Тунгалаг төр л гэж ярих юм. Хаана байна, тэр тунгалаг төр чинь.
1
Н.Бадамжав