Хөл хөдөлгөөнтэй их хоттой хаяа нийлүүлэн нэгэн чимээгүй хот оршдог. Жар гаруй жилийн настай энэ хот өдрөөс өдөрт чимээгүйхнээр хаяагаа тэлсээр. Энэ бол “Самбалхүндэв”-ийн буюу нийслэлчүүдийн хэлж заншснаар Далан давхарын оршуулгын газар юм. Дэлхийн улс орнууд оршуулгын газрыг хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэг гэж үздэг. Тиймээс оршуулгын газрыг хүн ам суурьшсан газраас аль болох хол байршуулахыг зорьдог байна. Гэтэл манай улсад энэ байдал эсэргээрээ байгаа юм.
.
“Самбалхүндэв”-ийн буюу Далан давхарын оршуулгын газрыг 1987 онд албан ёсоор хаасан байдаг. Гэвч иргэд одоог хүртэл бурхан болоочдыгоо сул талбай олж, оршуулсаар байгаа гэж албаны хүмүүс хэлж байлаа. Одоогийн байдлаар уг оршуулгын газар нь 137 га талбайг эзлэн, гэр хороололтой зэрэгцэн оршиж буй. Уг оршуулгын газарт 250 мянга гаруй шарил байдаг ч 150 мянга гаруй нь эвдэрч тоногдсон, хөшөө чулуу нь нэр хаяггүй болж, ар гэр нь эргэж очихоо больсон гэж албаны хүмүүс мэдээлж байна. Одоогийн байдлаар оршуулгын газартай хаяа дэрлэн оршин сууж байгаа айл өрхийн тоо 25 мянга давсан гэсэн тооцоо гарчээ.
.
Эдгээр иргэдийн эрүүл мэндэд оруулгын газраас үзүүлэх сөрөг нөлөө их байдаг гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Нийслэл хотын захирагчын албанаас санаачлан чимээгүй хотыг өөрчлөн, шинэчлэх төслийг боловсруулжээ. Тодруулбал, уг оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ хуучин шарилуудыг мэргэжлийн багаар ухуулан гарган авч, чандарлаад суваргад залахаар төлөвлөжээ. Энэ төслийг хэрэгжүүлэхээр нийслэлийн захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Эдийн засгийн хөгжлийн газар хамтран ажиллаж байгаа юм байна. Төслийг хэрэгжүүлснээр байгаль экологийн аюулгүй байдлыг сэргээж, тухайн нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төсөл санаачлагчид мэдээллэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхээр урьдчилсан тооцоогоор 70 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм. Оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох саналыг анх 2010 онд гаргаж, энэ онд дуусгахаар төлөвлөж байжээ. Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэдэн хашаа хатгахаас өөр ажил хийгдсэнгүй. Хэрэв тухайн үед төлөвлөж байснаар хэрэгжүүлсэн бол өнөөдөр эвдэрч сэрийсэн хашаа, үхсэн нохдын сэг зэмээр дүүрсэн газрын оронд цэцэг навчаар бүрхсэн цэцэрлэгт хүрээлэнтэй болчихсон байх байсан.
.
Бид бурхан болоочиддоо ихээхэн хүндэтгэлтэй ханддаг. Тиймээс шарилыг ухаж, чандарлахад иргэдийн зүгээс нэлээдгүй эсэргүүцэлтэй тулгарах нь мэдээжийн. Гэр бүл, дотныхоо хүний шарилыг бусдаар ухаж сэндчүүлж, гар хүргүүлэхийг хүсэх хүн олон байдаггүй. Оршуулгын газрын оронд орон сууцны хороолол барина гэдэг санаачлагыг анх гарахад ч зарим иргэн ихээхэн эсэргүүцэж байсан. Тиймээс шарилыг чандарлаж, суваргад хадгалах асуудалд иргэдийн санал хүсэлтийг харгалзан үзэхэд цаг хугацаа шаардлагатай. Гэхдээ энэ нь уг ажлыг гурван жилээр хойшлогдох шалтгаан болохгүй л болов уу. Өнгөрсөн хугацаанд иргэдээс санал асуулга авч, тэдний хүсэлтийг харгалзан ажиллаж болох байсан. Санал асуулгыг саяхнаас эхлэн нийслэлийн иргэдийн дунд явуулж эхэлсэн билээ.
.
Энэ төслийн мэргэжилтнээс хэрэв иргэд уг санаачлагыг дэмжихгүй бол ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар тодруулахад “Иргэд маань энэ асуулгыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэдгээс өөр хариулт хэлээгүй юм. Тэгэхлээр хэрэв иргэд уг санаачлагыг дэмжихгүй бол Далан давхарын оршуулгын газар дахиад хэдэн жил хог, шороондоо дарагдан, хэдэн төмөр хашаан дунд үлдэх нь. Иргэдийн саналыг харгалзан үзэж байна гээд эвдэрч, хагарсан булштай оршуулгын газрыг хэвээр орхих нь ухаалаг шийдвэр биш гэдгийг мэргэжлийн байгууллагын судалгаанаас харж болно. Тодруулбал, оршуулгын газар дахь шарил ялзрах явцдаа 40-50 жилийн турш 20 гаруй төрлийн хорт хий ялгаруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Түүнчлэн ШУТИС-ийн эрдэмтэд нийслэлийн гэр хорооллын гүний худаг, усан сангуудын усанд шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний дүнгээс үзэхэд, Нарангийн энгэр, Далан давхартай зэрэгцэн оршдог Дэнжийн мянга, Дамбадаржаа, 100 айл орчмын ундны уснаас химийн хортой бодис нитрит илэрчээ. Асуудал зөндөө байгаа биз.
.
Н.Бадамжав