МАН-ын Удирдах зөвлөл хуралдана гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө намын даргаа эрэн сурвалжлуулах шахуу болж байсан шинэчлэлийнхний шаардлагад нэг ёсны хариу барих хурал болж байх шиг байна.
Шинэчлэгчид юуг яаж шинэчлэх, тэр нь Монголын нийгэмд, бидэнд ямар тусгалтай болох талаар юу ярьж байгаа билээ. Шинэхэн нээсэн цахим хуудсыг нь орж харлаа. Хамгийн анхаарал татсан нь санал асуулгад “шилэгдсэн” 4 асуулт байна.
.
Намын дүрмийн шинэчлэл, намын удирдлагын шинэчлэл, үзэл баримтлалын шинэчлэл, системийн өөрчлөлт гэсэн байдлаар шинэчлэл хийх алхмаа дараалуулжээ. Үүнийг энэ дарааллаар “засвар” хийгдвэл намаа шинэчлэгдэнэ гэж үзэж байгаа юм байна гэж харж болох юм.
.
МАН-ын гишүүн биш иргэний хувьд дүрмийнх нь тал дээр юу нь хоцрогдоод, хуучраад байгаа талаар хэлж мэдэх, санал өгөх юм алга.
Үзэл баримтлалын шинэчлэлийн хувьд ерөөсөө МАН-ын үзэл баримтлал нь юу вэ гэдэг өөрөө байнга хэлэлцүүлэг болж явсаар удаж байгаа гэж шүүмжилдэг хүмүүс их бий. Нэрнээсээ “Х” үсгээ авч хаян цэвэрших тухай хийрхсэн шийдвэрээ гаргах үедээ Зүүн төв үзэлтэй нам болно гэж яригдсан. Энийг улс төрийн онолчид тайлбарлахдаа хуучин Н.Энхбаяр даргынхаа бодож зохиосон Нагаржунайн төв үзэл гээчээ жоохон өөрчилсөн төдийхөн зүйл, либериал нийгэмд лав “зүүн төв үзэл” гэж байхгүй, энэ намд үзэл баримтлал гэж алга болоод байна гэж ширүүхэн шүүмжлэлийг зүйж байсан.
.
Энэ талаар тус намын нэг төлөөлөл С.Бямбацогт “МАН, МАХН-ын үзэл баримтлал нэг. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэсэн зүүн төвийн үзэл баримтлалтай намууд шүү дээ. Олонхийн эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг. Ардчилсан нам бол өөр. Амь амиа бодоорой гэдэг үзэл баримтлалтай. Л.Гантөмөр гишүүн хүртэл "АН-ын үзэл баримтлал МАН-аас ялгагдахаа байлаа" гэж яриад байгаа. Үүнийг нь дэмжиж байна. Намуудын үзэл баримтлал, үнэт зүйл нь юу вэ гэдгээ ялгаруулж харагдуулж байж дэмжигчдийн тоогоо нэмэх ёстой. Гэтэл сүүлийн жилүүдэд намууд дандаа зүүн төвийн үзэл баримтлалаар явсан. Тиймээс АН, МАН хоёр ялгагдахаа байсан. Үүнээс болоод намуудын нэр хүнд унаж байна. МАН, МАХН-ын үзэл баримтлал ижил болохоор энэ хоёр нам нэгдэж болно...” гэж өгүүлж байжээ.
.
Ямартай ч одоо бол МАН бусдаасаа ялгарах үзэл баримтлалын шинэ чиг гаргах хэрэгтэй гэж шинэчлэгчид үзэж байгаа юм байна. Гэхдээ энэ нь дарааллын хувьд намын удирдлагын шинэчлэлийн дараа тавигдсан байх юм.
.
Хэвлэлд гарч байгаа МАН-ын талаарх олон үзэл санаа, шинэчлэлийг оройлон хийхээр хөдлөөд байгаа залуусын санаа бодлын илэрхийллээс МАН зайлшгүй шинэчлэгдэх ёстой гэдгийг бүгд л зөвшөөрч санал дүгнэлтээ дайж байна. Энэ шинэчлэл нь цогцоороо хийгдэж байж тусгал нь Монголдын нийгэмд эерэгээр ирэх биз. Шинэчлэлийг мөрлөн хөдөлгөх шинэ үзэл санаа, зорилтыг Их хурал нь батлана.
.
Наана нь бага хурал гэж бий. Энэ бага хурлын гишүүдийн хэд нь хэн хэний халаасанд байдаг, хэний гэх хүмүүс олонх байдаг талаар хэвлэлээр бичиж, бага хурлын бүрэлдэхүүний ирцийн мөн чанар олонд бараг ил болсон.
.
Ийм нөхцөлд үнэхээр шинэчлэгчид үү, У.Хүрэлсүх, М.Энхболд гэх зэрэг нөлөөтэй даргаасаа үл урван, үнэнч үлдэх нялх “шавь” нар нь уу гэдгээ харуулах цаг Шинэчлэгчдийн өмнө ирж байна.
.
...Н.Энхбаяр даргын үед л МАХН-ын шинэчлэл хийгдээд дуусчихсан юм биш шүү дээ. Хүрэлсүх, Батболдын үед ч дуусчихгүй. Хожим бидний хойч үе бас л шинэчилж, өөрчлөөд нийгэмдээ зохицуулаад аваад явна. Шинэчлэл бол айж эмээгээд юм уу, дургүйцэж бултаад байх аргагүй, хэн нэгэн этгээд өмчлөхийг санаархаж болдоггүй мөнх үргэлжилдэг үйл явц юм... энэ үгийг МАН-ын лидерүүдийн нэг У.Хүрэлсүх “Тэрэлжийн тунхаг”-ийг баталсаныхаа дараахан хэвлэд өгсөн ярилцлагадаа хэлж байсан билээ.
.
Шинэчлэл айж эмээгээд байх зүйл биш. Гэхдээ аргалаад хэлбэрдээд байх зүйл бас биш байх. МАН-ын Шинэчлэгчдийг “Нөлөөллөөс дээгүүр” гэдгийг нь харья гэж мушийх хүмүүс их байна шүү.
.
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |