Намрын анхны ургацын дээжийг худалдаалж эхэллээ. “Бөмбөгөр” худалдааны төвд нэг кг шинэ ургацын төмс 1500 төгрөгийн үнэтэй байна гэнэ. Харин лууван 3000 төгрөг. Мэдээж намар энэ үнэ навс унана. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2000 га-д дутуу тариалсан ч эх орныхоо хэрэгцээг бүрэн хангах төмс хураана гэж мэдэгдээд байгаа. Сайхан мэдээ, гэхдээ л ногооны үнэ өсөөд л байдаг. Яагаад вэ?
.
Ургацын далайд холбогдох тоо мэдээ товч харья.
Нийт 393.5 мянган га газарт тариалалт хийж, 487 мянган тонн үр тариа хураан авч 330 мянган га-д чанар сайтай уринш бэлтгэх зорилт тавьсан ба урьдчилсан байдлаар 290 мянган га-д үр тариа, 13 мянган га-д төмс, 6.1 мянган га-д хүнсний ногоо тариаллаа. Нийт 370 мянган га-д тариалалт хийсэн гэсэн мэдээг албаны хүн өгч байна.
.
Ус цаг уурын хүрээлэнгээс энэ жил олон жилийн дунджийг бодвол тавдугаар сард хур тунадас их, зургаа, долдугаар сард олон жилийн дунджаас илүү дулаарна гэж мэдээлсэн нь үнэн болж таарч байх шиг байна. Тариалалтын бүс нутгуудад хөрсний угтвар чийгийн хэмжээ уринш болон гуурстай талбайд хангалттай сайн буюу 0-50 см-ын гүнд дунджаар 52-75 мм байгаа гэнэ. Энэ нь ургац хураалтад тааламжтай нөхцлүүдийн тухай мэдээ.
.
Харин хүн хүч, техник, шатахууны, цаг агаарын гээд бусад хүчин олон зүйлүүдээс ургац хураалтын дүн өөр гарах нь бий. Манай үр тарианы аж ахуйнууд олон жилийн нөр хөдөлмөр, хуримтлуулсан туршлагаараа энэ салбартаа нүүр бардам. 2010 онтой харьцуулахад бид 40 орчим мянган га-гаар үр тариа ахиу тарьсан гэж байгаа. Харин төр, чиглэлийн яам тэднийгээ дэмжихээр төлөвлөсөн ажлаа эхлүүлсэн болов уу.
.Ерөнхийдөө орон нутгаас ирж байгаа мэдээллээр ургацын болц сөөм болцны дунд үед, зарим газруудад сөөм болцны төгсгөл, аарцан болцны эхний үе шатандаа орсон байгаа. Тэгэхээр болц харьцангуй гайгүй байгаа аймаг, орон нутгуудаар наймдугаар сарын 25-даар ургац хураалт эхэлнэ гэж байна.
.
Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний ургац хураалт улсын хэмжээнд эхэлсэн байна. Одоогийн байдлаар өргөст хэмх 80 тонн, улаан лооль 18 тонн, гүзээлзгэнэ 500 кг, төрөл бүрийн навчит ногоо 32 тонныг хураан зах зээлд нийлүүлжээ.
.
Харин нөгөө хадгалах зоорь сав байдаггүйгээс одоо зах дээр 1500 гэж ташаа тулж байгаа төмс, сар хүрэхгүйн дараа 500 болтлоо доошоо орж улмаар өвөл огцом үнэ нэмэхээр ченжүүдийн гарт дарагдана.
.
Ногоочид маань Хятадын юугаар борддог нь үл мэдэгдэх төмсийг харахгүй байхаар хангалттай төмс ногоо тариалж байгаа ч зоорь савгүйгээс болж мөнгө олж чадахгүй, хөдөлмөрөө үнэгүйдүүлж байгаадаа сэтгэл дундуур явсаар байна. Үүнээс үүдэн ногоочдын ногоо тариалах хэмжээ жилээс жилд буурсаар байгаа мэдээ байна. Өнгөрсөн жилээс 2000 га-аар буурсан гэнэ. Тариалалт ийн байдлаар хурдацтай буурна гэдэг бол өнөө Хятад төмс буцаад ойртож байгаагийн шинж.
.
Телевизийн сурталчилгаан дээр гардаг шиг эх орныхоо хөрсөнд болсон шинэ ногоо, шимтэй бүхнийгээ хадгалах хөргөгч айл бүрт л байна. Харин ногоочдод “хөргөгч” алга. Энэ намар гэхэд ногоочид 130 мянган тонн ногоогоо муудахаас нь өмнө үнэ бууруулан уралдан зарах болоод байгаа гэнэ. 300 мянган тонн төмс тариалахад 170 мянган тонныг нь л хадгалах зоорь байна.
.
Төр, ногоочиддоо олон том хөргөгч, зоорь бий болгож дэмжих хэрэгтэй байна. Тэгвэл иргэд эх орны төмсөө ногоочдоос хямд үнээр айвуу тайвуу авч чадна.
Яамныхан 2016 онд гэхэд 100 гаруй мянган тонн ногоо хадгалах агуулах нэмж барих төсөөлөлтэй байгаа гэсэн. Төсөөлөл бус шийдэл хэрэгтэй байгаа л харагдаж байна. ХХААХҮЯ энэ зоорь, агуулах хадгалалтын асуудлыг яаралтай хүч хаян шийдэх шаардлага байгааг ногоочид жил бүр хэлдэг.
.
Үүнийг шийдэхгүй бол “ургацын далай”-д ногоочдын завь живэх гээд байна.
.
П.Баярхүү /тоймч/