Эрдэнэт үйлдвэрээс ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр мөнгө завшсан гэж хардагдан ивээн тэтгэгч нам бүлгийнхээ нэрийг гаргаж, чихийг халууцуулдаг хүмүүс нэмэгдэх болсон.
Харин олон хүний өлөн нүд, сувьдаг санаанд багтаж мөнгө, шахаа хийх боломжийг нь олгож байдаг ган бөмбөлөг гэж яг юу вэ.
.
Ган бөмбөлгийг албан ёсоор тээрмийн бөмбөлөг гэж нэрлэдэг юм байна. Уул уурхайн баяжуулах үйлдвэрийн гол хэрэглээ нь. Уулын чулуулгийг тээрэмдэж гурил болгон баяжуулах ажлыг энэ ган бөмбөлөг л нугалдаг. Тээрмийн савандаа ган бөмбөлөг, хүдэр агуулсан чулуулгаа хийгээд цахилгааны хүчээр маш хурдтай эргүүлнэ. Тээрмийн сав доторх ган бөмбөлөг харшилдаад чулуулгийг нарийн үйрмэг болгодог. Нунтаг болсон хүдрээ усанд хийж шороо тоосыг нь гүвнэ. Хүнд металтай нунтаг хүдрийг усанд хийхэд метал нь живдэг. Хөнгөн түүхий эд бол хөвдөг байна. Үнэхээр хэрэгтэй эд юм.
.
Ганц Эрдэнэт ч бус баяжмал үйлдвэрлэж байгаа уурхай бүр ган бөмбөлөг хэрэглэж байгаа. Зэс, төмрийн хүдэр баяжуулах, цементийн үйлдвэрүүд, цахилгаан станцууд ч нүүрсээ нунтаглахдаа ган бөмбөлөг хэрэглэж байгаа. Манай оронд уул уурхай хурдтай хөгжихийн хэрээр ган бөмбөлгийн хэрэглээ нэмэгдсээр байх нь тодорхой байна.
.
Гэтэл манайд одоо болтол ган бөмбөлгийн үйлдвэр байхгүй байгаа нь гайхалтай. Магадгүй хэсэг нөхдөд хэтэвчээ зузаалах аятайхан боломж нь тул зориуд хаагаад өдий болтол ийм үйлдвэр барих талаар хүчлээгүй байх.
Хэдхэн жилийн дараа Сайншандад 10 орчим хүнд үйлдвэр ашиглалтад орно. Эрдэнэт үйлдвэр жилд 32 мянган тонн ган бөмбөлөг хэрэглэдэг. Эрдэнэтээс хэд дахин том “Оюутолгой”-н баяжуулах үйлдвэр ажиллаж бас л ган бөмбөлөг авья гээд эхэлнэ.
.
Гэтэл монголчууд ган бөмбөлгөө гадаадаас өндөр үнээр зөөсөөр л. Үндэсний гэсэн тодотголтой ганц ган бөмбөлгийн үйлдвэр нь “Ора металл” гэнэ. Жилд 7000 тонн ган бөмбөлөг үйлдвэрлэж байгаа. Тус компанийн хөрөнгө оруулагч Д.Нямхүү “Хаягдал төмөр олдоц муу байгаа учраас үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжгүй” гэж ярьсан гэнэ.
.
Тэднийх тонн ган бөмбөлгөө “Бороо гоулд” компанид 800 ам.доллараар худалддаг. Ган үйлдвэрлээд үндэсний аж ахуйн нэгжүүдэд нийлүүлээд байвал өнөө хэд нь хямд ган бөмбөлгийг баяжуулах үйлдвэрүүдэд нийлүүлээд байх боломжтой гэнэ. Гэтэл манайд гангийн үйлдвэр бас байхгүй.
Гангийн үйлдвэртэй боллоо гэхэд тэнд нь ганц хэрэг болох төмрийн хүдрээ Хятад руу зөөгөөд дуусч байгаа сураг гардаг. Гэтэл газар дороо ямар ч төмрийн хүдрийн нөөцгүй Өмнөд Солонгос гангийн магнат “Песко”-г босгож чадсан тухай учир мэдэх хүмүүс шогширч байна. Ингээд харахаар өөрсдөө үйлдвэрлэдэг, баяжуулдаг, боловсруулдаг больё гээд байдаг Женко Х.Баттулгыг уухайлан дэмжих хэрэгтэй юм.
.
Экс Ерөнхийлөгч шүүхийн хаалга татсанаар ган бөмбөлгийг хэдүүлхнээ дундаа хийн өнхрүүлж баяжсан албан тушаалтнуудын нэр сонсогдох болсон. Үүний буянд жирийн бид ч ган бөмбөлөг гэвэл “модтой чихэр” гэж байгаа юм шиг танил дотноор сонсч ашигтай бизнес гэсэн шүү хэмээн мэддэг болоод байна.
.
Аливаа авилга шамшигдуулалт бүрийн цаана, хэрвээ гэдэг асуулт, гол харлуулам тоо баримтыг үлдээж байна. Нэг сэйфнээс гарсан мөнгөөр нь төрөх эмнэлэг барих байжээ гэх юм уу, нэг дансаар угаасан мөнгөөр нь хэдэн сургууль, цэцэрлэг барихаар байжээ, нэг зээлийн баталгааны үнийн дүн нь бүрэн оношилгооны супер төв барих мөнгө юм гэх зэргээр харьцуулагдан бичигдсээр. Энэ бүрт дээгүүрээ ингээд завшаад байхаар бид яаж хөгжиж, ард түмэн дарамтнаас яаж гарахав дээ гэх иргэдийн гомдол улам зангирч байна.
.
Албан тушаалтнууд ган бөмбөлгөн дээр ч бай юун дээр ч бай “ажиллаж” завшсан байг яахав, үнэн мөн нь тогтоогдох л биз. Харин энэ нь албан тушаалтнууд, цагаан захтнуудын хэтийдсэн авилгын тор хөвөгдөх нэг үзүүр нь мөн л байгаасай гэж хүмүүс харж байна.
.
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |