Иргэдээ орон сууцтай болгох гэж мөн ч олон төсөл хөтөлбөр санаачиллаа. Зургаан хувийн хүүтэй 100 мянган айлын орон сууц хөтөлбөр, нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах Үүл баатрын хөтөлбөр, барилгын компаниудад олгож байгаа зээлийн хөнгөлөлт гээд л бодлого шийдвэрүүд эхнээсээ биелэлээ олж эхэллээ. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр хүсч байсан үр дүндээ хүрэхгүй хүрэх боломжгүй ч болчихоод байна. Орон сууцны үнэ тогтвортой байж бүр бууна гэж төсөөлж байсан ч харамсалтай нь тэгсэнгүй. Байрны үнэ суга суга өсөөд эхлэв. Энэ хандлага намар орой болтол үргэлжлэх хандлага ажиглагдаад эхэлчихлээ.
.
Орон сууцны үнийг тав, зургадугаар сарынхтай харьцуулахад ам метр тутамдаа 200-400 мянган төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Өнгөрсөн тавдугаар сарын 20-ны байдлаар СХД-т орон сууцны ам метрийн үнэ дунджаар 1.440.000 төгрөг байсан бол сарын дотор л 100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Баянзүрх дүүрэгт баригдаж буй орон сууцны үнэ даруй 350-400 мянган төгрөгөөр өссөн байх юм.
.
Засгийн газар, Монголбанк үнийн хөөрөгдлийг бууруулахын тулд шат дараатай олон ажил зохион байгуулж буй ч энэ зохиомол хөөрөгдөлтийг хүчрэхгүй байна. Төв банкнаас барилгын материалын дотоодын үйлдвэрлэгчдэд эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл авч үйлдвэрлэлээ өргөтгөх боломж олгох, барилгын гол нэр төрлийн материалын нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 136.8, барилгын материал импортлогчдод улирлын шалтгаантай нийлүүлэлтийн хязгаарлалтыг арилгах зорилгоор 129.4, орон сууцны барилгын нийлүүлэлтийг дэмжих зорилгоор барилга угсралтын компаниудад 385 тэрбум төгрөгийг тус бүр 5.5-7 хувийн хүүтэйгээр олгох болсон. Эрэлт нэмэгдсэн, нийлүүлэлтэд чиглэсэн энэ бодлого амьдрал дээрх зах зээлийн ханшийг улам чангарууллаа.
.
Саяхан л орон сууцтай болох нь гэж хөөрч байсан мань мэт нь мөддөө энэ үнийг хүчрэхгүй нь. Барилгын компаниуд яагаад үнэ ханшийг өсгөж байгаагаа барилгын материалын нийлүүлэлт удааширсан, хил гааль дээр бөглөө ихтэй байгаагаар тайлбарлаж байна. Үүнийгээ зохицуул гэж төсвөөс хөрөнгө олгоод байхад үнэ өсгөчихөөд хээвнэгхэн сууж байгаа энэ том толгойтнуудад тооцох хариуцлага гэж байна уу.
.
Ажиглаад байгаарай. Ганц орон сууц ч биш цахилгаан дулаан, түрээсийн үнэ зуугуухан нэмэгдээд байна. Хичээл сургууль эхлэхээр бүр огцом нэмэгдэнэ. Зах зээлийн хуулийн дагуу эргээд буудаг бол бас чиг яая гэхсэн. Үгүй шүү дээ. Өссөн үнэ дээр дөрөөлөөд цаашаа талийна уу гэхээс наашаа харахгүй. Ченжүүд л зузаараад байхаас цалингаас цалингийн хооронд амьдарч буй нь улам л жижигрээд байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тэр дундаа махны үнэ 8-10 мянга хүрлээ. Дэлхийн жишигт аль хэдийн хүрчихсэн үнэ. Гэтэл бид чинь 50 саяд ойртсон тоо толгой малтай улс шүү дээ. Гурил, хүнсний ногооны үнэ ч гэсэн. Ноднинхон өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй гадагшаа гаргах бүрэн боломж байна гээд хөөрцөглөөд байсан. Дэлгүүрийн лангуун дээрхийнх нь үнэ буурах нь бүү хэл сэмхэн нэмэгдээд л байна. Зуны дэлгэр цаг хүмүүсийн амралт зугаалгын үеэр далимдуулаад нэмчихдэг энэ нөхдүүдийг хазаарлах төр засаг гэж байна уу. Ер нь энэ Монголд эрүүл зах зээл гэж байна уу.
.
Н.Бадамжав