Найр наадам шувтарлаа. Улс төрийн холион бантан ч хийгдэж дуусав. Одоо төрийн нөхдүүдийн мөнгө хийх улирал эхэлж байх шиг. Жилийн жилд л ийм байсан хойшид ч ийм л байх биз. Хүмүүс амарч баярлаад сэхээрээгүй байхад хамаг нарийн нандин бантангийнхаа жорыг тааруулж хужрыг тунгаадаг хойно. Одоо би та нарт хэлэх үү ямар төрийн бизнес цэцэглэж байгааг. Энэ бизнес Боловсролын яаманд хаяглагдана. Түрүүчийн сайд нь гэр бүл, ахан дүүс, фракцаараа энэ бизнест гаршаад шорон оронгийн хаалга татаад эхэлчихсэн. Сурагчийн дүрэмт хувцас, сурах бичгийн тендер бол төрийнхний хамгийн ашигтай бизнес. Дуртай үнэ тогтооно. Ёстой амандаа орсноо хэлнэ дээ. Дүрэмт хувцас өмсөөгүй, ном сурах бичгээ аваагүй бол хичээл сургуульд нь суулгахгүй байх арга хэмжээг сургуулийн удирдлага, багш нар хүлээнэ. Бас хөөрхөн урамшуулалтай гэж байгаа.
.
Өнгөрсөн долоо хоногт сурагчийн дүрэмт хувцасны жишиг загварыг Боловсрол Шинжлэх ухааны яам гаргажээ. Монгол хонины ноосны хольцтой манай цаг агаарт зохицсон, харшил үүсгэхгүй, эрүүл мэндэд хоргүй, агаар нэвтрүүлнэ, цахилгаанжихгүй, бөөгнөрөхгүй зэрэг давуу талтай гэж сурталчилж байх юм. Нэг метр ч даавуу үйлдвэрлэдэггүй манайх монгол хонины ноос оролцсон гэхчлэн сурталчилж байх юм. Юу ч мэддэггүй гэж боддог юм байх даа. Тэр даавууг нь тэгээд хаанаас олох болж байна. Мэдээж ноосоо үнэгүй шахуу гаргадгаар нь Хятадаас авах болж байна. Хятадууд мөн ийм даавуу өгнө дөө. Ноосоо өгнө. Оронд нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн авна.
.
Мөн чиг гоё цэвэрхэн бизнес хийж байгаа юм шүү. Бүүр төрийн нэрээр шүү. За тэгээд цаашаа хараад байхад бүүр инээд асна даа. Дүрэмт хувцас нь бага, дунд, ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй гэсэн зургаан янз бөгөөд иж бүрдэл байх юм. Иж бүрдэл бүр үндсэн болон нэмэлт гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Тухайн сурагч үндсэн иж бүрдлийг заавал авах ёстой. Үнийн хувьд ангиасаа шалтгаалан үндсэн иж бүрдэл 37300-98714, нэмэлт нь 84100-129514 төгрөг. Тодруулбал, ахлах ангийн эмэгтэй сурагчийн үндсэн хувцас 89809 төгрөг. Харин нэмэлт иж бүрдэл болох цамц 12000, майк 18800 төгрөг. Ахлах ангийн эмэгтэй сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас 120609 төгрөг болно. БШУЯ дүрэмт хувцасны загварыг шинэчлэхдээ нийгмийн ялгаа гаргахгүйн үүднээс гэж ичихгүй тайлбарлаж байгаа юм аа.
.
Мөн ярив аа. Нэмэлт иж бүрдэл чинь жинхэнэ ялгаа заагийг гааруулдаг юм байгаа биз дээ. Нэмэлт иж бүрдэлгүй нэгнээ хүүхэд л болсон хойно гоочлоод эхлэх нь тодорхой шүү дээ. Зүгээр мөнгө олж чадахгүй бас үр хүүхдүүдийг минь хагаралдуулна аа. Мөнгөнөөс өөр толгойд нь юм орохооо больсон энэ нөхдүүдэд хэлье. Та нар битгий давар. Судлаад үзсэн чинь монголын хүүхдүүд дүрэмт хувцасгүй болчихсон юм огт алга. Ноднингийн дүрэмт хувцаснаас 50 гаруй мянган дүрэмт хувцас компаниудын агуулахад хэвтэж байна гэнэ. Дээр нь дахиад 200 гаруй мянгыг үйлдвэрлээд энэ жилийн хэрэгцээг бүрэн хангачихна. Нямбай хүүхэд бол өнгөрсөн жилийнхээ хувцсыг эвтэйхэн засч янзлаад дүүдээ шилжүүлчихнэ. Эгч, ахынхаа хувцсыг янзлаад л өмсчихнө. Бидний хүүхэд ахуйд ийм л байсан. Жил жилийн солигддог энэ хар бизнесээс болж хэчнээн олон гэр бүл санхүүгийн хүндрэлд орж байна даа. Нөгөө олон хүүхэдтэй байхыг төрөөс дэмжинэ гэсэн яалаа. Дөрвөн хүүхэдтэй айл сая гаруй төгрөг дор хаяж зарцуулж гэмээн хүүхдүүдээ хүний хүүхдээс нүүр улайлгахгүй явуулах нь. Дээр нь жил бүр солигддог сурах бичгийн үнийг нэмээд нэг тооцоорой. Ахиад сая гаруй төгрөг элбэгхэн гарна шүү.
.
Дүрэмт хувцас үйлдвэрлэхтэй холбогдоод ноосны холбоо санаачлан хонины ноосоор даавуу үйлдвэрлэх санал дэвшүүлжээ. Нөгөө л “Чингис” бондоос 45 сая ам.доллар гарч хонины ноосон даавууг үйлдвэрлэх төслийн тоног төхөөрөмжид зарцуулах шийдвэр гарч. Тэгээд яасан гээч тоног төхөөрөмж нь өнөө хүртэл алга. Даавуу нь ч сураггүй. Солонгос, Хятадын аль нэгэнд хийлгэх юм гэнэ лээ гэсэн зуйгуул хариулт албаны зүгээс нисч явна. Учирзүйн дарааллаар хөөгөөд тунгаавал энэ сайд дарга нар манийгаа сэтгэн бодох чадваргүй илжиг мэтийн амьтан гэж боддог юм биш байгаа гэж эрхгүй бухимдахад хүргэх юм.
.
Н.Бадамжав