Төрийн банк болсон Хадгаламж банкийг ямарч “но”-гүй байсан гэлээ.
Энэ нь сонин хэвлэлийн ямар нэг таамаг бичлэг, гаргалгаа дүгнэлт биш банкийг авч явж ирсэн Жастын захирал асан Ш.Батхүүгийн албан ёсоор хийсэн мэдэгдэл юм. Захирал асан гэх нь энэ эр бүх компаниа, бизнесээ зарсан, шилжүүлсэн ба би ямар ч бизнесгүй, жирийн иргэн болсон гэж өчигдөр хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.
.
Зорьсондоо хүрэхийн төлөө далайцтай хөдөлдөг нэг эр бизнесээ орхиж байгаа юм болов уу гэж бодлоо. “Жаст ойл” компаниа Магнай трейд компанид өгч, “Жаст агро” компаниа татан буулгаад бүгдийг нь махны хөтөлбөрийнхөнд тушаасан, үнэлгээгээр л шилжүүллээ гэжээ. Харин эндээс Төрийн банк их л азтай байж тоосон дундаас хөл гэдэг шиг орон нутгийг хамарсан маш том сүлжээтэй 1.7 сая хэрэглэгчтэй банкийг өөртөө нэгтгэж авсан ашигтай алхам хийж чадсан болов уу.
.
Ш.Батхүүгийн хийсэн мэдэгдлээс анх дампуурлын эрмэгт байсан “Хадгаламж” банкийг авч өдгөө 200 тэрбум төгрөгийн активтай болгосон. Өөрөөр хэлбэл, анх авсан үеэсээ активыг 12 дахин өсгөж чадсан гэж харагдаж байна. Тэрбээр мөн “Одоо Төрийн банктай нэгдээд байгаа “Хадгаламж” банкийг би дампууруулчихсан юм биш. Ер нь “Хадгаламж” банк дампуураагүй шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Хүмүүсийн яриад байгаа шиг “Хадгаламж” банкийг улсын мөнгөөр авраад байгаа зүйл байхгүй. Бид Төрийн банкинд 1,1 их наяд төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн” гэж юм хийсэн хүн шиг дуугарчээ.
.
Харин одоо өөрийнх нь онож хэлсэнчлэн хаданд хавчуулсан мэт болоод байгаа нь үнэн байх. Стандарт банкнаас зээлсэн 109 сая ам.долларын асуудал нь ханхайгаад байж байгаа. Гэхдээ ямартай ч 1.7 сая хэрэглэгчтэй банкаа эрсдэлгүй үлдээж төрийн банкинд өгсөндөө сэтгэл өндөр байгаа юм байна. Хэрэг явдлын эргэн тойронд дахиад л Ц.Мянганбаяр гэдэг хүн яваад ороод ирж байна. Мань эр Олон овоотыг олон банкинд барьцаанд тавьчихаад байснаа Жастад зарчихсан овтой ч гэмээр овлигогүй ч гэмээр нөхөр аж. Үүнээс болж Зоос, Анод банкууд хямарч байхгүй болсон гэдэг. Олон овоотыг зарахдаа бас л балаг дагуулсан бололтой. 25 тонн нөөцтэй сайхан орд гээд байхаар нь авчихсан чинь 4 тонн ч хүрэхгүй нөөцтэй байсан гэнэ. Итгэж ядсан Ш.Батхүү гадаадаас баахан үнэтэй шинжээч мэргэжилтнүүд авчруулаад дахин шинжүүлж, тулгаж шалгатал шавхаад 4 тонн алтны нөөц байна гэсэн аж. Захын нэг ноолуурын ченж шуудайндаа хог шороо холиод хэдэн грамм өсгөөд нэгийгээ шулаад байдаг шиг Мянганбаяр гэх эр Жастийн Батхүүг тонгорчихсон бололтой юм. Үүнийг одоо алтны магнатын араншин гэх үү жудаггүй эр гэх үү. Гадуур түүнийг “Хүүхний эрлэг банкны эрлэг болжээ” хэмээн ярьцгааж байх юм.
.
Хэрвээ Олон овоотын алт ядаж 20 тонндоо хүрсэн бол Жаст групп бүх өрөө төлөөд өдийд үндэсний зангарагтай компанийн суурин дээрээ өөдрөг явж болох л байж. Харамсалтай.
Монголд ер нь юм хийх гэж зүтгэсэн хүн хамгийн их муу үг сонсч, хамгийн их хатуу хавчлага хардалтыг үүрч зүдэрч өгсдөг юм уу даа гэж бодогдоно. Тухайн үед 80 тэрбум төгрөгийн активтай, өөрийн хөрөнгөгүй 40 салбартай, 200 ажиллагсадтай орон сууцны мөнгө хурааж авдаг касс төдий байсан банкийг Жаст авч 2009 оны эцэс гэхэд 200 тэрбум төгрөгийн активтай болгож чадаж байж. Дараа нь Монгол шуудан банктай нэгтгэж авах үедээ хадгаламж эзэмшигчидийн 300 тэрбум төгрөгийн эрсдлийг өөртөө авч, улсаас нэг төгрөг гаргалгүй хөл дээр нь босгон авч ирсэн Жаст групп, Ш.Батхүүд талархах ёстой болов уу. Ш.Батхүү эр хүн шиг дуугарч Хадгаламж банкаа авсан шигээ өгч Төрийн банкинд нэгтгэхийг дэмжсэн байна. Тэрбээр Хадгаламж банкийг нэг удаа аварч өөд нь татаж өөрийнх нь хэлснээр “арилгасан сонгино шиг” болгоод Төрийн банкинд өглөө. Эндээс харахад “Хадгаламж”-ийн заяа буян нь их гэлтэй. Нүд ирмэхийн зуур актив болоод харилцагчаа өсгөж цэлийтэл томорсон Төрийн банк ч бас амны хишигтэй л юм.
.
Ш.Батхүү гэдэг хүн бизнесээс гарч байх шиг байна. Түр хугацаанд юм уу, бүр мөсөн үү гэдгийг хэлэх эрт байна. Төр юм хийж яваа хүнээ төнхөөд зовоогоод байхгүй байлгүй дээ. “Хадгаламж”-ийг хадгалаад өдий зэрэгтээ болгоод аваад ирсэн энэ эрд хол явах чадал бас бизнес хүний жудаг байна.
.
П.Баярхүү /тоймч/