Хотын шинэ дарга шинэчлэлийг хурдацтай хийж байна. Гэхдээ энэ нь ард түмэнд хэрэгтэй зүйл огт биш юм. Хоногийнхоо хоолтой арай ядан залгадаг иргэд нийслэлд цөөнгүй. Хийж байгаа ажил бүхнээ иргэдийн төлөө л гэх. Яах вэ замын түгжрэлийг бууруулах, ТҮК-ийн ажилчдад дэмжлэг үзүүлэх, зарим нэг газар шинээр авто зам нэмж тавьж байгааг нь иргэдийн төлөө хийсэн гэж хэлж болох л юм. Сүхбаатарын талбайн нэршлийг өөрчилж Чингисийн талбай болгох асуудал дахиад сөхөгдөж байна. Бид арай л тулхтай асуудалд хандаж баймаар санагдах юм. Уг нь хуучин бүхнээ сэргээж байгаа өнөө цагт хуугаар нь өөрчилчих бодол бий л байх. Гэхдээ энэ арай хэтэрнэ ээ. 200 гаруй жил харийн гүрний эрхшээлд байж 100 орчим жил бусдаас хараат байсан Монголын тусгаар тогнолын үндсийг тавьсан баатруудынхаа алдар сүрийг арай л ингэж хиртүүлмээргүй.
Одоогоос 11 жилийн өмнө сэтгүүлч Амарсайхан Сүхбаатар жанжны хүү Галсантай уулзан ярилцаж эцгийнх нь тухай яриулж байжээ. Тухайн цаг үед Галсан Сүхбаатарын хөшөөг өдөр болгон тойрдог байж. Тэрбээр сэтгүүлчийн асуултанд “Аавын минь хөшөө рүү халдаж зүрхлэхгүй гэдэгт би бат итгэж байсан. Учир нь харийн түрэмгийлэн эзлэгчдээс эх нутгаа чөлөөлсөн Монголын хувьсгалчид, Ардын хувьсгалын партизанууд, нийт Монгол түмний зүрх сэтгэл энэ хөшөөнд шингэсэн юм” гэж хариулсан байдаг. Харин одоо бид түүнд нэрнээс нь эхлэн халдаж байна. Хүний нэр төрд халдана гэдэг улсын дархан хилд халдаж байгаатай ижил. Хөшөө, талбайн нэр зэргээр ажлын цагаа аргацааж байгаа Нийслэлийн удирдлагууд цаашид юу хийх вэ? Төв талбайнхаа нэрийг солихгүй л бол тэдний ажил нэг л урагшлахгүй байгаа бололтой юм.
.
Сүхбаатарын биш Чингисийн талбай. Хэдий хугацааны дараа иргэд Чингисийн талбай гэж хэлэх бол доо. Манайхан шиг нэрлэж заншсан нэршлээ яаран солиод байдаггүй ард түмэнд энэ шинэ нэр төдийлөн дасал болохгүй л болов уу?
.
Ер нь эдээрээ оролдвол эвдэхийн цондон гэж үг бий. Төв талбайнхаа нэрийг солих нь дээлээ солихтой адил амархан шийдчих зүйл биш. Тэгээд ч юм бүхнээ Чингис хэмээн нэрлэж туйлшрах нь тийм ч таатай хэрэг биш билээ. Чингисээс өөр бахархалгүй, XIII зуунаас өөр түүхгүй юм шиг бүх зүйлээ Чингис гэж нэрлэх юм бол бидний 100 жилийн өмнөх түүх, түүх биш болж үлдэх аюултай. Нөгөө талаар Сүхбаатарын талбай гэж нэрлэсэн нь түүхэн үйл явдалтай холбоотой. Энэ нь Сүхбаатар жанжинтай холбоотой болохоос Чингис хаантай ямар нэг холбоогүй.
.
1921 оны долдугаар сарын 8-нд Сүхбаатарын удирдсан Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж, одоогийн Төв талбай орчимд ирж тусгайлан зассан модон индэр дээрээс ард олонд хандан үг хэлсэн тэр цагаас хойш энэхүү талбай “Индэрийн талбай” нэртэй болсон байна. Өмнө нь хогийн дэнж, өндөр хог ч гэж нэрлэдэг байж. Гэхдээ л хүрээнийхний зүрх нь болсон уудам талбай байж. Сүх жанжныг ирэхээс өмнө Барон гараад явчихсан гэдэг. Тийм ч байж мэднэ. Гэхдээ л тэр хүн монгол цэргийн хийморийг сэргээж эх орныхоо тусгаар тогтнолын тулгын чулууг тавихаар ирсэн нь үнэн. Угаасаа ч тунхагласан.
.
1921 оны Монголын үндэсний ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулагчийн нэг Дамдины Сүхбаатарын нэрэмжит Улаанбаатар хотын төв талбайг 1946 оноос “Сүхбаатарын талбай” гэж нэрийдэх болжээ. 1921 оны долдугаар сард Монголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, жанжин Сүхбаатарын удирдсан ардын журамт цэрэг, Зөвлөлт, Оросын улаан армийн цэргийн ангийн хамт Хиагтаас нийслэл хотод орж ирж, Тасганы овоогоор дамжин хотын төв хэсэгт ирж зогсчээ. Тэр үед “Морин толгой” хочит Гаваа гэгч цэрэг жанжин Сүхбаатарын морь шээсэн тэр газрыг ихэд бэлгэшээн төмөр гадас хатгаж, тэмдэглэн үлдээсэн бөгөөд хожим Сүхбаатарын хөшөөг тэнд босгож, уг талбайг Сүхбаатарын нэрэмжит болгосон түүхтэй. Их жанжны хөшөөг МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлийн 1946 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 13/3 дугаар тогтоолоор төв талбайд байгуулах шийдвэр гарч, 1946 оны долдугаар сарын 8-нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор хөшөөний нээлтийг хийжээ. Уг хөшөөг уран барималч Чоймбол хуучны монгол урчуудын барилаар бүтээсэн байна. Сүхбаатарыг дөрөөн дээрээ өндийн зогсоод баруун гараа өргөж, ард түмнээ шинэ шинэ ялалт амжилтад уриалан дуудаж байгаагаар дүрсэлжээ. Хөшөөг өндөр чулуун суурин дээр байрлуулж, хажуу хавтгай дээр нь Сүхбаатарын “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөөс, үл хүрэх газар үгүй бөгөөд мэдэхгүй, чадахгүй хэмээх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц сэтгэлийн чин зориг мэднэ” гэсэн үгийг монгол бичгээр товойлгон сийлсэн байдаг. Яахав сүүлд бичгийн мэргэд үг эвлүүлэн хэлхсэн гэх ч өнөө цагийн мануус эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амь хайргүй зүтгэсэн Сүхийгээ хэлсэн гэдэгт эргэлздэггүй. Нэр өөрчлөх амаргүй. Жанжин Сүхийн морь шээсэн нь үнэн. Ард түмэн бэлэгшээсэн нь үнэн. Яагаад энэ жанжин төрийн маань хойморт эзэн Чингистэйгээ заларч болохгүй гэж.
.
Н.Бадамжав