Цус алдаад өнгөрчихөж гэх таагүй мэдээг өөр хоорондоо хэвийн нэг ярихыг бид зөндөө л сонсдог.
Харин сүүлийн саруудад цусны нөөц багадаад байгаа талаар дуулдах болсон. Саяхан Мэргэжлийн хяналтын газраас хөдөө аймгуудад байх Цусны банкуудад зохих шалгалт хяналтыг хэрэгжүүлсэн бололтой юм. Нэлээн их зөрчил дутагдал гарсан талаар дүгнэлт гарчээ. Гэвч энэ шалгалтын талаар давтан өгүүлэх гэсэнгүй.
.
1961 онд Цусны төв байгуулагдсанаас хойш 60 мянга орчим донор бүртгэгджээ. Аливаа улсын нийт хүн амын 2-5 хувь нь донор байхад цус, цусан бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг бүрэн хангадаг аж. Гэтэл манай улсын хүн амын 0.7 хувь нь л донор. Энэ жоохон хувь нь мөн л буурах тал руугаа болсон.
.
2009 оны аравдугаар сард гахайн ханиад дэгдэх үед цусны нөөц багасч эхэлсэн гэдэг. Тухайн үед хүмүүст “Цусаа өгчихвөл дархлаа муудна” хэмээн ташаа ойлголт бий болж цус өгөх нь эрс багасаад явчихсан гэнэ. Үүн дээр орлого хөөсөн шар мэдээнийхэн “ДОХ-той донорын цус хүмүүст сэлбэжээ” гэсэн мэдээлэл тарааж цусаа өгдөг хэдийгээ бүрмөсөн үргээжээ. Цусны төв 1961 онд байгуулагдсан цагаасаа хойш анх удаа хомсдолд ороод байгаа гэнэ.
.
Монгол Улсын Ерөнхийлөгч цусаа өгөх “Амьдрал бэлэглэе” аянг өрнүүлж, бидний таньж мэддэг хүндэлдэг олон эрхмүүд цусаа өгч зурагтаар гарсан. Магадгүй энэ хэдий цагаа олсон сайхан санаачлага хэдий ч яг нийгэмд хүрэх ёстой цусаа өгөхийн ач тусын тухай сурталчилгаа нь нөгөө хэдийнхээ улс төр, амбицийн сурталчилгаанд нь дарагдаад өнгөрсөн байх.
.
Ерөнхийлөгч, улстөрчид оролцсондоо л тэгж их сурталчлагдсан болов уу. Тэрнээс биш ЦССТ-д бол ингэж сурталчлах мөнгө байхгүй гэсэн. Цус хандивлах үйлсийг шоу болгоод байвал хүмүүс дөжирч улам л идэвхгүй болох талтай. Аль нэг ЗДТГ-ынхан, хэсэг бүлэг улстөрчид цусаа бэлэглэсэн талаар залхтал гаргах мөртлөө нэг сайн санаат оюутан, жирийн иргэн, ганцаараа ч юм уу анги бүлгээрээ нийлээд цусаа өгсөн талаарх сэтгэл хөдлөм сурталчилгааг би хувьдаа харж байсангүй.
.
Хүн бүр л цус ямар чухал болох талаар өөрийн өөрийн ойлголттой. Харин үхэл амьдралын зааг дээр, өөрийнх нь өгсөн цус хэрхэн хүний халуун амийг аварч байгааг харж, үгүйдээ сонсч мэдэрсэн хүн 3 сар тутамд цусны төв рүү алхдаг болж магадгүй. Өөрөөр хэлбэл, Донор болон цусаа өгч байгаа жирийн хүмүүсийн хувьд хариу талархал гэхээсээ илүүтэй хүний амь амьдралыг аварч байгаа тэр оролцоо, гавьяагаа мэдрэх бол огт өөр ойлголт байх юм.
.
Эмнэлгүүдэд хийж буй олон төрлийн хагалгааны үед нэн тэргүүнд шаардлагатай болдог зүйлийн нэг нь цус, цусан бүтээгдэхүүн. Цус сэлбэн судлах төв өдөр бүр дунджаар 50-60 донорын 20-30 литр цус эмнэлгүүдэд нийлүүлдэг. Үүнийг 100-150 хүнд сэлбэдэг аж.
.
“Өнөөдөр ...тэр тэр нарын хагалгаа амжилттай болж амь нас нь аврагдлаа. Энд таны өгсөн ...грамм цус байлаа. Зовсон нэгэндээ туслаж, Амьдрал бэлэглэсэнд баярлалаа” гэсэн халуун үгтэй талархлын захиаг гэрийн болон ажлын хаягаараа авч байсан Донор, цусаа бэлэглэгч иргэн хэд байгаан бол доо.
.
Сар шинэ, баяр наадам болгоноор л бөх, морины дундуур асар үнэтэй мэндчилгээ талархал нутаг усныхандаа гээд л явдаг. Харин цусаа бэлэглэгч нарт зориулсан ганц талархал, мэндчилгээ сонсьё гэвэл байхгүй.
.
Нөгөө талдаа хэрвээ хагалгааны орон дээрээс боссон нэг өвчтөн санал сэтгэгдлийн дэвтрээс /хэрвээ байдаг бол/ цусны төвд сүүлийн хэдэн сар цусаа бэлэглэсэн хүмүүсийн нэрийн жагсаалтыг нэг удаа гүйлгэн хараад баяр талархлын үгээ үлдээдэг бол бас өөр. Магадгүй маргааш нь биш гэхэд нэг баяраар тэдэндээ зориулаад цэнхэр дэлгэцээр чин сэтгэлийн мэндчилгээ зориулах л байх.
.
Энэ нь тухайн хүн цусаа бэлэглэгч, үл таних аврагч нарын тухай нэр устай, багц мэдээлэлтэй байх нөхцөлд аяндаа болох хүний сэтгэлийн хариу үйлдэл.
Төрөөс цусаа бэлэглэж байгаа иргэдээ урамшуулдаг, тэтгэдэг арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм уу гэж санагдана. Шинэ жил болохын босгон дээр шилдэг улстөрчөөс эхлээд ард түмний эгэл баатар гээд байж болох бүх номинациар шилдгүүдээ тодруулж бие биенийгээ “гамгүй” шагнана. Маш соёлтой зусардалт мөн их ашигтай энэ бизнесийн хажууд нөгөө хэдэн донорын нэр хавчуулагдана гэвэл үгүй. Хөөрхийс, бэл нөлөө нь дутдаг бололтой сураггүй гээгдэнэ.
.
Цусаа олон удаа өгч Донор болсноор нийтийн тээвэрт үнэгүй зорчино, сувилалд нэг удаа үнэгүй амарна, эмнэлгийн бүх төрлийн шинжилгээнд үнэгүй хамрагдана гэдэг нь одоо цагт тийм онцгой урамшуулал болж сонсогдохгүй.
.
Мөн үүний цаана Донор болохгүй л бол нэг удаа ирээд цусаа өгсөн иргэн зүгээр л сайхан сэтгэлтэн болж үлдэх юм. Өнөөх дээр өгүүлсэн хэдэн хөнгөлөлт, урамшуулалд хамрагдахгүй. Зүй нь бол сэтгэл гаргасныхаа төлөө их бага цусаа өгсөн хүн бүр Донор байх ёстой.
.
Өнөө цөөн хэдэн албан бүртгэлтэй Донортой, тэр нь нэмэгдэхгүй багасаад байгаа манай оронд тодорхой давтамж, хугацаанд нэг удаад 400 граммаар, нийт 12 литр цусаа өгч байж Донор болох нь зарлаад байх болзол мөн үү.
.
Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Амь амьдралыг тэтгэгч цуснаасаа бусдын халуун аминд илүүчлэх донорууд, сайн санаат иргэддээ хүргэх үг, сурталчилгааны менежмент гэдгээ эргэж харвал, цусны нөөцийн хомсдлоос хэсэг ч болов гарах боломж бидэнд байгаа санагдана.
.
Энэ буянтай үйлст манай өмнөө барьдаг үндэсний хэмжээний том компаниуд санаачлагатай оролцвол гарах үр дүн шууд нэмэгдэнэ. Жишээ нь, өнгөрсөн сонгуулиар саналаа өгвөл нэгж бэлэглэнэ гэсэн мессеж залуусын анхааралд хүрсэн. Магадгүй цусаа өгсөн сайн санаат нэг оюутан 6 сар сүлжээндээ үнэгүй ярина гэвэл ирэх намар цуглах оюутны “армиас” цөөнгүй л Донор төрөх эхлэл тавигдах байх.
.
Дээр хэлснээр манайд ердөө л 60 мянган Донор байгаа гэвэл сая илүү хэрэглэгчтэй болсон гэх Мобикомд энэ урамшуулал тоо биш. Цусыг яаж 1000 нэгж ба ярианы эрхтэй харьцуулах билээ. Гэхдээ цэл залуухан, сэтгэл цагаахан яваа оюутан залууст маань хэзээ нэгэн цагт өвдөх үедээ эдлэх үнэгүй шинжилгээ өгөх эрх, хөгширсөн хойноо амрах сувиллын бичиг зэрэг нь сонсч, сортойх урамшуулал болохгүйг бид энэ цагт мэдрэх ёстой. Хэн нэг залуу хөвгүүн, охин өнөөдөр цусаа өгөөд маргааш хэдэн хүний аминд орсноо мэддэг бол хайртаа хүндээ, гэр бүлийнхэндээ энэ тухайгаа хэлэх нь жинхэнэ бахархал нь болж болох юм. Тэгээд энэ тухайгаа фэйсбүүк, твиттэр зэрэг өнөөх “soсial media” сүлжээгээр мянга мянган хүнд “share” хийнэ. Агуу сурталчилгаа мөн биз.
.
Эмэгтэй хүний цус гурван сар, эрэгтэй хүнийх хоёр сарын дотор бүрэн төлжиж, эргэж хэвэндээ орно. Насанд хүрсэн хүний биед 4-5 литр цус урсч байдгаас нэг удаад 400 граммыг бэлэглэх боломжтой гэнэ.
.
Нэгнийхээ амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө цусаа өгөхийг бусдын жишиг дахиад л уриалья даа. Өгсөн хүнд нь тэгнэ, ингэнэ гээд амалчих шагнал гэх зүйл алга. Харин таны цус үхэлд ээрэгдсэн нэгэнд аврал өгч, дуслын системээр халуун амь болж урсч байгааг олонтаа харснаа хэлж чадах байна. Хүүд минь цусаа өгч амийг нь аварсан тэр буянтай хүний төлөө насан туршдаа сүү өргөж залбирч явнаа гэх буурал ээжийн баярын нулимстай нүдийг бас харж байсан.
.
Магадгүй цусаа бэлэглэгч танд үүнийг харж мэдрэх боломж гараагүй байх. Удахгүй та бүхний, таны бэлэглэсэн цус хэдэн хүний амийг аварсан болохыг та мэдэж сонсдог болно гэж найдаж байна.
.
Амьдрал эрээн бараан. Бид энд инээж байхад тэнд нэг маань үхэлтэй тэмцэн цус хүлээж байгаа.
Үл таних, үхлээс хүнийг аврагч жирийн сайхан сэтгэлт Донор танд баярлалаа.
.
П.Баярхүү /тоймч/