Сүхбаатарын талбайг Чингис нэртэй боллоо гэнэ. Хүмүүс энэ шийдвэрт тийм ч таатай хандахгүй байна. Ардчилсан хувьсгал ялсны дараа нэг хэсэг хүн бүр шахуу шинэ төрсөн хүүхэддээ Тэмүүжин, Хубилай, Есүй, Өгөдэй, Зэв зэрэг Монголын их түүхэнд холбогдох хаад баатруудын нэр өгч үүнээс өөр нэр авсан хүүхдийн эцэг эх нэлээн хоцрогдсон коммунист нөхөр гэгдэх шахаж байлаа.
.
Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг ард түмэн өгдөг гэдэг. Тийм болохоор хорвоод үр хүүхдээ хэрхэн нэрлэх нь иргэний эрхийн асуудал. Энийг гэр бүлдээ шийдэхэд хэн ч оролцож нөлөөлөхгүй. Харин нийслэл хотоо ч юм уу, төв талбайгаа хэрхэн нэрлэх, алдаршуулах талаарх яриа бол арай өөрөөр яригдана. Энэ нь өргөн утгаараа түүх замналын илэрхийлэл хийгээд юуг ч зөвшөөрч дээдлэн хүндэлж байгаа хийгээд ямар бахархалтай орон бэ гэсэн олон утга санааг өөртөө багтааж илэрхийлдэг болохоор тэр биз. Тийм ч болохоор иргэд наадмын дуулианы ард яаран батлагдсан төв талбайн нэрийг өөрчилсөн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байна.
.
Одоогоор бидэнд байгаа Үүл даргын НИТХ-даа гаргасан тогтоолын төсөл батлуулах хүсэлтэд дурдсанаар төв талбайн нэрийг өөрчлөх гол үндэслэл нь иргэдийн хүсэлт санал гэнэ. Үүн дээр эрдэмтэн мэргэд ч бас талбайн нэрээ соль гэж Үүл даргыг шахаад байгаа талаар үндэслэл болгон дурьдсан байна. Мөн нэмж Чингис хаан гэдэг бахархал дээр батжих оюун санааны нэгдмэл орон зай бий болж байгаа тул гэсэн байна. Сүхбаатарын нэрэмжит байгаа нь тийм ийм, сайн муу зүйл илэрхийлж байгаа болохоор гэсэн зүйл тайлбар энд дурьдагдаагүй аж.
.
Дэлхий мэддэг эзэн богд Чингис хааны нэрэмжит шинэ талбайтай болчихлоо гэж зарлагдвал олон нийт алга ташин баярлах биз. Харин Сүхбаатарын гэдгийг нь аваад Чингис гээд сольчихлоо гэдэг нь өөрөө олон асуулт маргааныг дагуулж байна. Наадмын өмнө Ардын хувьсгалын 92 жил гэдгийг хассан тухай шуугианыг дэвэргэж Д.Сүхбаатарын нэрийг төв талбайгаас авчихав. Энд нэг талбайн нэрийг өөрчлөх гэхээсээ илүүтэй нэгэн цаг үеийн түүхийг, тэр цаг үеийн хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн түүхэн хүнийг үгүйсгэж байгаа санаа болж харагдаад байгаан. Ардын намын түүх агуу байх, нэг бол бага байх талаар ярих уу гэдэг нь чухал бус 1921 оны энэ түүхийг үгүйсгэснээр ард түмэнд юу наалдах уу гэдэг нь асуулт.
.
Энэ сэдвийн доор байгаа сэтгэгдэл комментийг харахад ийм шийдвэр гартал нь шахаад хүсэлт гаргаад байгаа гэх нөгөө Сүхийг Чингисээр солиод өг гээд хүсэлт өргөдөл шийдээд байгаа гэх иргэдийн дуу хоолой, үг бараг алга. Бодвол наадмын өмнө баахан ийм хүсэлт гаргачихаад, ирэхэд наад талбайн нэрээ сольсон байгаараа гээд хөдөө амрахаар явчихсан юм байлгүй дээ л гэж цайруулж бодох үлдээд байна.
.
Гол асуудалдаа эргэн орьё. Сүхбаатар жанжны нэрэмжит талбай байснаараа юуг илэрхийлээд энэ хотын нүүр царайг уруу нь татаад байгаа вэ, энэ жанжны ямар сэвтэй нэр, түүх нь энэ талбайг энэ цагт чимэггүй болгоод байгаа вэ гэдэг асуултууд хэтэрхий явцуу байж болно. Харин энэ талбайгаа байгаагаар нь оролдохгүй орхиод шинэ Чингис хааны талбай бий болгочих боломж гарцыг алгасаад гарчихсан НИТХ-ын тогтоол олны гайхал, дургүйцлийг төрүүлээд байна.
.
Эзэн Чингисийн нэрээр нэрлэгдсэн талбайтай байхыг бүгд л дэмжинэ. Гэхдээ заавал жанжных нь нэрийг балруулдах гээд улайраад байгаа нь л гайхалтай. Үүнд одоогийн эрх баригчид Сүх жанжин ба ардын хувьсгалын түүх тийм их чухал биш гэж үзэж байна уу даа гэхээс өөр найрсаг тайлбарыг хүмүүс олохгүй байгаа юм.
.
Энд Чингис хааныхаа нэрээр нэрлэчихвэл дэлхий мэддэг болно гэсэн тайлбар байна. Саяхандаа АНУ-ын нэгэн хотод Чингис хааны хөшөөг босгохыг эсэргүүцсэн жагсаал болж байсан талаар мэдээлэл гарч байсан. Соёлт хүн төрөлхтөн, зарим орны хувьд манай эзэн богд Чингис хааныг эзлэн түрэмгийлэгч байсан гэсэн талаас илүүтэй харж дүгнэдэг. Тэгэхээр энэ талд хэт туйлширч юм л бол хэлэх гээд байдаг болсон их хаанаараа “омогших” гэдгээ гаргаад хэрэггүй л болов уу.
.
Үндэсний, оюун санааны бахархал чинь өөр газартаа ямар байгааг гараад нэг хар даа төлөөлөгчидөө. Хятад, Солонгос зүсэн зүйлийн хаяг холилдсон зоогийн газруудаа хараад та бүхэнд ямар омогшил бахархал төрж байдаг юм бол доо. Нүдэн дээр чинь өнөөх оюун санааны орон зайг эзгүйрүүлж байгаа замбараагүй хот төлөвлөлтийн дүр зураг хөвөрч байна. Орос, хятад, солонгос аль алиныг хэтэрхий их хадгалсан эрээн мяраан хаягийг эхлээд цэгцлээд дараа нь талбай хөшөө рүүгээ орвол яасан юм бэ гэх олны шүүмжлэлд толгой сэгсрэн буруу харахаа болих хэрэгтэй.
.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид, нийслэлчүүдийн өмнөөс төв талбайнхаа нэрийг сольж нэрлэхээр болжээ. Харин нийслэлчүүд нь энэ шийдвэрт нь дургүй байна, эсэргүүцэж байна. Тэгэхээр яах болж байна. Ардчилсан зарчмаар асуудлыг шийддэг цаг үед байна гээд харвал иргэдийн олонх дэмжихгүй байна. Энэ нь та бүхний хувьд гаргасан шийдвэрээ эргэн харах үндэслэл болохгүй юу, эрхэм иргэдийн Төлөөлөгчид өө.
.
Та бүхнийг хэн нэг нь энэ шийдвэр гаргахыг шахаж нөлөөлөөгүй л бол та бүхэн өөрсдийг тань сонгосон иргэдийнхээ үгийг сонсч ажиллах, үүрэг амлалттайгаа нэхэн санаж, энэ шийдвэрээ эргэн хараарай гэж олон нийт сануулж байгааг төгсгөлд нь дайя.
Чингис хааны нэрэмжит талбайтай болцгооё. Гэхдээ заавал Сүх жанжнаар солихгүйгээр шийдэх гарц байгаа. Манай Улаанбаатар хот чинь бүтээн байгуулалт өрнүүлж хөгжин тэлж байгаа биз дээ.
.
Ер нь бид Чингисийн, Цогт хун тайжийн, сэцэн Мандухайн, Богд Жавзундамбын гээд олон эх орончоо мөнхжүүлэх цэцэрлэгт талбай, хөшөө дурсгал босгох ёстой болов уу. Хаашаа л харсан өндөр барилга, машин зам болсон нийслэлдээ өнгө нэмж хүүхэд залуус, зугаалж, хөгшид нарлаж амрах тэр л сайхан цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор бий болгож дээр дурьдсан эх орончдын нэрээр яагаад нэрлэж болохгүй гэж.
.
П.Баярхүү /тоймч/