Бага хурлын том асуудал
2013-07-15

Ирэх бямба гарагт МАН бага хурлаа хийх гэж байгаа зар түглээ.

Дотроо хөлөө жийлцэхийн оронд тэсч үлд гэх үгээр доктор профессор Б.Даш-Ёндон  сургаал, зандрал хоёрыг зэрэг дайсан үгийг МАН-ын хүүхдүүд рүүгээ шидсэн.

Шинэчлэе гэсэн үг яриа гарах л байсан зүйл болохоор наадмын өмнөх залуусын шинэчлэх шаардлага МАН-ын гэх улс төрийн өрх айлын хана туургыг нь доргиохоор зүйл болсонгүй.

.

Унаж, босч ирсэн түүхтэй, дүрэмтэй жаягтай намын хувьд дарааллаар шийдэж, эхлээд бага хурлын түвшинд асуудлаа ярихаар болж шинэчлэгчид ба Удирдах зөвлөл хоёр түр сайндсан.

.

Шинэчилнэ гэдэг нь нэг хурлаар шуурхай шийдчихдэг тогтоол биш гэдгийг хэн хэн нь сайн ухаарч байгаа. Хамгийн эхлээд МАН шинэчлэгдэх нь намын гаднах бидэнд, өргөн утгаараа Монголын нийгэмд яагаад хэрэгтэй болох тухайд асуух асуулт олон түмэнд байна. МАН задарч уруудсанаар монгол дагаад уруудах уу, улс төрийн тогтворгүй байдалд үүсэх үү, хөгжил удаашрах уу зэрэг асуултуудад улс төр судлаачид хариулах биз.

.

Юутай ч энэ намын шийдвэрийг харж, хамаарч хөдлөх гишүүд дэмжигчид гэдэг монголын нийт сонгогчдын 40-өөс илүү хувь байсаар байгаа гэдгийг өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн харуулсан.

.

2008 оны сонгуулийн өмнө одоогийн МАН бас л хүндхэн байсан. Тэр үеийн намын даргыг авсан С.Баяр намынхаа дотоод “нууц” асуудлыг ил болгож чадахаас эхэлсэн. Нууц гэдэг нь ердөө л дотоод ардчилал нээлттэй байдал. Тухайн үеийн чөдөр тушаа болоод байсан  хийгээд намаа хөлдөө чирч байгаа нөхдүүдийн тухай ил тод шүүмжлэлийг бага хурал дээрээ нээлттэй өрнүүлж зарим нэг ялзралаа ил болгож илааршуулж чадсан. УЗ-ийн хүрээнд асуудал яригдаад доош шат шатандаа автоматаар хэрэгждэг байсан сахилга баттай ч гэмээр хаалттай ч гэмээр нам ТВ-ээр орон даяар бие биесээ шүүмжлэн хэлэлцэж “замбараагүйтэх” нь намын гишүүд төдийгүй жирийн олонд ч сонин содон үзэж харахаар хэлэлцэж ярихаар зүйл байсан.  Тэгээд ч эд нар чинь хамаг юм аа ил яриад, одоо харин жинхэнэ шинэчлэгдэж байна уу даа гэх эерэг дүгнэлт олон нийтэд бий болж эхэлсэн байх. Тухайн үеийн парламентад олонх хийгээд эрх баригч намын хувьд тухайн үеийн МАХН болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ ил тод, шүүмжлэн ярих нь үндсэндээ улс орны хөгжлийг удаашруулаад дөнгө болоод байгаа хамаг асуудал ил болсонтой адил нийгэмд нөлөөлж байсан.

.

Одоогийн болох бага хурал нь олон ялагдлын буруутныг тогтоох уу, ялагдлын учир шалтгааныг олж харж, дүгнэж цэгнэх үү гэдэг дээрээс гарах үр дагавар нь өөр болох биз. Дараалсан ялагдлын ард хадаас болоод байгаа авилгын асуудлыг сая гарсан ээлжит шинэчлэгчид нэлээн өндөрт авч үзэж байгаагаа илэрхийлж, авилга авсан нөхдүүдийг намаасаа хөөх тухай ярьсан. Энэ бага хурал дээр энэхүү авилгын хүрээний асуудал зүүгдээстэй л яригдах болов уу. Дараагийн том асуудал бол намын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний асуудал. Одоогийн УЗ-ийн бүрэлдэхүүн болоод ажилд нь сэтгэл дундуур байгаа нь сонгуулийн эхнээс цухалзаж байсан яриа.

.

Шинэ сонгуулийн хуулиар намынхаа Удирдах зөвлөлд орсноор намын жагсаалтад орж парламентад сонгогдох боломж бий болсон. Энэ нь намын зүрх тархи гэгдэх Удирдах зөвлөлд хэрэгтэй “толгой” орохоос илүүтэй их хуралд өрсөлдөөнгүй орчих гэсэн шахааны нөхдүүдээр чигжигдсэн тал байгаа нь ч энэ бага хурал дээр яригдах л зүйлийн нэг байх болов уу.

.

Шинэчлэл нь гэхээр одоо байгаагаа сайн нурааж авах хэрэг биш гэдгийг мөн хуучин хашир дарга нь хэлж сануулсан байсан.

МАН-ын олон лидер нь өнгөрсөн сонгуулийн хооронд их бага олон хэрэгт идсэн уусан гэж  нэр холбогдон шуугиулсаар байгаа. Хэн нэг нь алдсан байж болох ч энэ нь бүх л намын гишүүдийн нэр төрд нялзах учиргүй тул нэрээ цэвэрлэх нь цэвэрлэж, гэмээ хүлээх нь хүлээн дуугарах цаг болсон байх.

.

Огцор гэхээр нь огцроод, орж гарч гүйлдээд, холигдож солигдоод болчихдог дарцаг шиг замнал энэ намын шинэчлэл биш гэдгийн учир мэдэх хүмүүс нь хэвлэл мэдээллээр хэлж сануулсаар байна.

Намынхан нь үнэн мөнөө эрээлж нэрэлхэлгүй ярьсан, юуг яаж шинэчлэхээ тодорхойлсон, Их хурлын дайтай, бага хурал болоосой гэсэн хүлээлт гишүүдэд нь байна. Маш энгийнээр  яг л реалити шоу шиг нээлттэй ил тод болоосой гэсэн хүлээлт үүсчихэж.

.

Шинэчлэл нь буруу хийвэл уналт болдог гэсэн хуучин даргынхаа алт шиг үгийг МАН-ын шинэчлэгчид анзаарч тэмдэглэж авсан л байлгүй дээ.

Цаг үеийн хувьд ч хэцүү сонголт байх шиг бүх хүн айраг, найр ярьж байх үе таарч байна.

Тэгэхээр ядаж л намар болтол хадгалагдах дуулиан шуугиан хэрэгтэй байна даа, МАН-ын бага хуралд.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
tamir:
ЗХУ болон ОХУ, СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс ОХУ-ын Магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР, России и других государств СНГ, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, доктор философии, холбоо барих хаяг: tamir46@yahoo.com
2013-07-16
Нямбаяр:
Би АН-ын гишүүн. Гэтэл манай намын хэд заримдаа бас л дэмий дэмий юм хийх юм. Сайн сөрөг хүчингүй учраас ийм байгаа юм. Сөрөг хүчин гэдэг бол сайн шийдлийг дэмждэг, хортой муу шийдлийг таслан зогсоодог юм. Гэтэл сөрөг хүчин маань шинэчлэгдэж чаддагүй байдаг. Сайн сөрөг хүчин болбол Монгол Улсад хэрэгтэй. Номтойбаяр, Содбилэг, Мөнхбат гээд залуус уг нь бол ЗӨВ зүйл хийгээд байгаа юм. Дэмжмж байна. Энэ МАН шинэчлэгдэхгүй бол улам л доошоо орно. Одоо имидж нь АВИЛГАЛЧ болсон байна.
2013-07-15