Маш ойрхон дөрвөн ч аймгийн тэгш тоот наадам харагдаж байна. Архангай, Завхан, Төв, Хэнтий аймаг 90 жилийн ойгоо тэмдэглэнэ. Дээрх аймгууд Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 26-28-ны өдөр тэмдэглэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн байна. Энэ бол ерөнхийлөн харагдаж байгаа томоохон ой. Задлаад харах юм бол сумын гэхэд л 20-иод ойн баяр наадамтай болох нь харагдаж байна.
.
Архангайд Тариат, Өндөр-Улаан, Хотонт, Их тамир, Цэнхэр, Цахир, Завханы Нөмрөг, Цэнхэрмандал, Тосонцэнгэл сумуудын 90 жил болох бол бидний саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн 35 жил мөн энэ сарын 20-диор тохиож байна.
.
Бүтэн жил наадам хүлээж уяа сойлго жигдрүүлж шандаст хүлгээ сойсон уяач наадамчдын хувьд энэ сайхан мэдээ. Ойр хэдэн сумын наадмаар тойроод л, давхиулаад л баярын магнай тэнийлгээд л торгон жолоо өргөөд л. Нэг сумын ойн наадамд түрүү морины бай доод тал нь нэг сая төгрөгөөс буудаггүй л гэлцэж байна. Гэхдээ уяачдын хувьд 10 саяын үнэтэй морио хол тасархай барианд орохыг нь харах л хамгийн сайхан жаргал болохоос тэр муу сая төгрөг ч яамай байна гэх нь олон.
.
Жилийн жилд наадмын дараа тохиодог орон нутгийн ойн баяр наадмуудын тоосноос сум орондоо үлдэх бодитой гэх юутай үлддэг юм бол доо гэх бодол төрлөө. Үргэлжилсэн их найр наадам дуусахад зарлагадсан мөнгө нь нэг сургууль барьчихаж хүрдэггүй юм аа гэхэд соёлын төвөө шинэчлэхээр тоотой л сонсогдож байдаг. Олны үгэнд чимэгтэй хэлэгдэж хэдэн сар яригдахаа бодоод томхон хандивлагчид нь бөх, морины түрүүг сая саяар нь байлахаар өрсөлдөнө. Наадмыг зохион байгуулагчид нутгийн зөвлөлийн нөхөд жилийн турш анги төгсөлтөөс эхлээд анд нөхдийн сүлжээгээрээ дамжуулан сумынхаа уугуул гарвал нэг нөхдүүдийг нэгийг ч орхилгүй олж бүртгэн хандиваа авч чаддаг. Чамгүй ч мөнгө цугладаг байх. Харин энэ мөнгө нь өргөмжлөл, хадаг яндар бэлэг дурсгал, хүлээн авалтын зардал болж эргээд гараад явчихна. Их ойн найр наадам дуусч хүн зоны хөлөөр боссон тоос замхрахад өнөөх хэдэн байшин өнөөх хуучин амьдралын зураглал яг хэвээрээ тодрон харагдана. Сумынхаа төв гэх гудамжиндаа хадсан ойн самбар, Засаг даргын өрөөнд хойморлох нэг том дурсгалын зураг, ахмад залуучуудын энгэрт 3 хоног гялалзаад хойд авдранд хадгалагдах ойн медаль, сургууль цэцэрлэгийн шинээр будсан хайс зэргийг эс тооцвол энэ ойгоос тухайн сум дараагийн 10 жилийн дараах ой хүртэл харж бахархах ямар нэг бүтээн байгуулалттай үлдэх нь ховор. Бараг сум бүр ойгоо тааруулж түүхэн замналаа харуулсан ном гаргана. 3000 хүнтэй сум байтал 10.000-ийг хэвлүүлчихнэ. Тэгээд нөгөө хэдэн номоо “шахах” гэж бөөн ажил болно.
.
Тухайн сумын тухай л өгүүлсэн болохоор тэр сумыг мэдэх хүн л авахаас мань бол аваад таних хүн үгүй, бахархах зүйлийг нь ойлгохгүй болохоор мөнгөний гарз гэж үзнэ. Тэгээд өнөөх түүхэн номууд сумын архивт багц баглаа боодлоороо үлдэж тэгсээд нэг мэдэхэд дууссан байна. Лав л зарагдаж мөнгө болдоггүй л юм шиг байна лээ.
.
Хөл ихтэй ойн арга хэмжээ, баяр наадам дуусахад хандив өргөлөөр цугласан мөнгийг хэрхэн зарцуулснаа тайлагнах гэж сумын уугуул нэг буурал 30 жил хуримтлуулсан нягтлан ня-богийн ухаанаа шавхан байж нэг юм аргалдаг бол ээлжит орон нутгийн сонгуулиар эсрэг нөхөд нь ойн мөнгө идсэн уусан, алдагдалтай, ашиггүй зарцуулсан, бүр хувьдаа завшсан байж болох сэжигтэй гэдгийг нь жирийтэл бичин гаргаж ирж нөгөө “ОК” гээд тайлан гаргачихсан муу нягтланг хэцүүхэн болгох жишээтэй. Сумын ойн баяруудыг хөрөнгө мөнгө, хаялга талаас нь харвал нэг иймэрхүү бууна. Дэгсдүүлсэн бол ойлгож хэлтрүүлээрэй.
.
Өссөн төрсөн нутаг, уул усаараа бахархаж тахиж шүтэж, үхэн үхтлээ нутгаа харж, очих гэж зүтгэдэг, нутаг амьтай явдгаараа бид дэлхийд гайхуулахаар ард түмэн. Тэгээд ч нэг сумын ой гэдэг монголын минь нэг бүхэл хэсгийн түүх, бахархалт он жилүүдийн товчоон болно. Харин сайхан сэтгэлт уугуул олны хандивласан, хуримтлуулсан мөнгийг нь найр наадамдаа тааруулж тараагаад, хийж бүтээхэд хэтрүүлж зарцуулбал ойн баяр тань улам их утгажин батжих мэт санагдана.
Их наадмын араас залгаад аймаг сумын ойн баярууд лав наймдугаар сар гартал хавтгайдаа л үргэлжлэх юм байна.
.
Амьд явбал улсын наадам үзнэ гэж нэг сайхан үг байдаг бол наадмын маргааш намар гэж нэг чимхсэн үг ч бас байна. Наадамлаад л байж дээ. Намар болтол найрлах амны хишиг миний л Монголд байна даа.
.
П.Баярхүү /тоймч /
Уншиж байна |