Наадам наашилж айраг сэнгэнээд явчихлаа. Ховийн яриа хойшилж, бөхийн яриа дээшилсэн наадмын өмнөх бямба, ням гараг ирж, бөхийн ам угтуул оноолт хийгээд, түрүү бөхийн таавар бооцоо тавигдаад эхэлсэндэг.
Энгүй хүч бяр, ухаан хийгээд,ёс жудагийн цогцол болсон бөхийн үүсэл түүх юу билээ.
Манай бөх судлаачид монгол бөхийн түүхийг Хүннүгийн үеэс л ярьж болно гэж үздэг гэнэ. Энэ нь бөхийн түүхэнд дөрвөн мянга гаруй жилээс үзүүр нь хөөгдөж байна гэсэн хэрэг. Олон эх сурвалж үүх түүх ном бичиг харж байж Бөхийнхөө үүсэл гаралын тухай ярьж бичих хэрэгтэй биз.
Харин энэ дунд бидний дээдлэн ярьдаг ёс жудаг гэж бөх хүнд тухайлан бий болсон байдаг нэг үнэт зүйл байна. “Хамгийн ёс жудагтай бөх” ийн шагнал гэж хүртэл бий болсон байгаа.
Ингээд амралтын энэ өдөр бөхийн магнай тойрсон яриаг дэвжээж Монгол бөхийн ёс жудагийн талаар бидний хүндэлдэг хүмүүс хэрхэн өгүүлснийг тоймлон хүргэе.
.
Монгол Улсын залуу Заан Ч.Санжаадамба
....Сайхан гарч дэвээ шаваагаа хийгээд тахимаа ном ёсоор нь өгөх цаашлаад ахмад бөхөө хүндэлдэг байх гэсэн ойлголтоор монгол бөхийн ёс жудаг гэх ойлголт хязгаарлагдаж байна. Барилдаж байгаад нэгнийгээ чангахан унагахыг “Жудаггүй байна” гэж хэлж болохгүй. Тэр хоёр хүн тэмцэлдэж байгаа учраас “Зөөлхөн унагах” гэх ч юм уу ойлголт байж болохгүй. Тулааны үед тиймэрхүү юм бодоод байвал яаж нэгнийгээ дийлэх вэ? Манай зарим бөхчүүд “Энэ миний ээжийг хөнөөсөн хүн” гэж бодож гардгаа ярьсан байдаг. Ээжийнхээ аминд хүрсэн хүнтэй инээгээд барилдах уу? Мэдээж ахмад настай болон дээд цолтой бөх, багш дасгалжуулагчаа хүндлэх ёстой. Гэхдээ барилдааны үед ахмад хүн гээд худлаа барилдаж болохгүй. Дэвжээн дээр яс барилдаад бууж ирээд найзууд байж чадахыг л монгол бөхийн жудаг гэж байгаа юм.
.
Монгол Улсын Харцага Г.Ганхуяг:
Аавыгаа шороонд хүргэдэггүй монгол бөхийн жудаг ёс байдаг л даа. Тэгээд аавыгаа өргөж тавиад, ёс хийж, улсын наадамд гурав давсан. Тэр үед би сайхан аавтай, азтай хүн юм даа гэж бахархаж байсан.
.
Монгол Улсын Аварга Б.Бат-эрдэнэ:
...Би зургаан залуу заанд бүгдэд нь дэмжлэг үзүүлсэн хүн. Залуу, ирээдүйтэй бөхөө дэмждэг, даваа өгдөг ёс эртнээс монгол бөхөд байсан. Тэр жаягаар би Гантогтохыг дэмжиж, даваа өгч байсан. Баянмөнх багш ч өмнө нь намайг ингэж дэмжиж байсан. Сүүлд намайг 15 настайгаасаа л дагасан
Мөнхбаатарыгаа зургаа даваад байхад нь долоогийн даваанд авч даваа өгч байлаа. Энэ бол бөхөд байдаг уламжлал, ёс жудгийн л асуудал. Түүнээс миний Мөнх-Эрдэнэ арсланд бууж өгөх, залуу бөхөд даваа өгөх хоёр хоёр ондоо ойлголт шүү... хэмээн ярсан байна.
Эндээс бөхийн ёс жудаг гэдэг нь наадамч олноо хүндлэх хийгээд өөрийгөө бус өргөн олныг шуугиулсан шудрага барилдаан хийн өрсөлдөгч бөхдөө тэнүүн ууч хандах гээд олон сайхан чанар, зан харилцааны өвөрмөц хэм хэмжээг агуулсан уламжлал зан заншлаар баяжиж ирсэн өргөн ойлголт гэж харагдаж байна.
.
Жалайр овогт Төгсийн Содной гуай “Монгол бөхийн уламжлалт зан үйл, ёс жаяг” номондоо: Тахим авах, өгөх ёсон бол монгол бөхийн барилдааны нэг эрхэм зан үйл, ёс жудаг мөн. Монгол угсаатны үлгэр туйлсад эсрэг, тэсрэг талын хоёр бөх уулыг тал болтол, талыг там болтол барилдсан тухай гардагчлан баяр наадамд оноо таарсан хоёр бөх зүлэг ногоон дэнжийг зулгартал, зүүмэл хивсэн дэвжээг урагдтал ур ухаанаа уралдуулан, бяр хүчээ шавхан барилдаад нэг нь давж, нөгөө нь өвдөг шорооддог ёсон билээ. Энэ агшинд давсан бөх төв асар, төрийн тугийн зүг ид хавтай дивэн наадамчин олонд давсанаа илэрхийлээд иргэн ирж баруун гараа дээш өргөн зүүн ташаа тулан зогсоход өвдөг шороодсон бөх элэг бүсээ тайлаад түүний зүг хадаг барих мэт хоёр гараа дэлгэн очиж давсан бөхийн өргөсөн гар доогуур баруун сугаар нь нар зөв шурган гарч тахим өгөх ёсыг гүйцэтгэнэ .. гэжээ.
Дээр өгүүлсэн бөхийн ёс жудагтай холбон өгүүлэхэд манай залуу хүчтэнүүд том бага барилдаанд монгол бөхийн барилдааны нэг эрхэм зан үйл, Тахим авах, өгөх ёс жудагаа сахихдаа тун тааруу болоод байгаа дүр зураг ажиглагдах болсон. Зүлэгт ногоон дэвжээнээ хошуугаа унжуулан, шилээ шөргөөж, тахимаа өгөхгүй тойрог хийн алхах бөхчүүдийн дүр зураг наадмаас наадамд даваа өгсөх бүрд их харагдах болсон. Аваргын жудаг, андын жудаг гээд олон ёс жудгийг бидний өвөг дээдэс эрхэмлэн сахиж үе үедээ баяжуулсаар өвлүүлж ирсэн.Эдгээрээс залуу бөхчүүдийн хувьд шударга барилдаад ялагдсан бол даваанд шунаж гэдийлгүй тахимаа сайхан өгчихдөг тэр ёс жудгаа л хамгийн түрүүнд нэг мөр сахиж мөрдмөөр байгаа юм.
.
Төгсийн Содной гуайн... Давсан бөх өвдөг шороодсон бөхөөсөө ийнхүү тахим аваад сүр жавхаланг илтгэн баяр наадмын талбайн хоймор талд мандуулсан төрийн далбаан зүг дэвэн дэвсээр хүрч түүнийг нар зөв тойрон тэрхүү далбаан өмнө цээж мэхийн мөргөн хүндэтгэл илэрхийлээд барилдахаар гарсан хана болон асарынхаа зүг гүйн хүрнэ .. гэсэн тэр л нүд, сэтгэлд хоногшсон шударга наадмын өнгө он онд батжин хадгалагдаасай билээ.
Монгол ёс жудаг гэдэг бөхийн гэхээсээ илүүтэй дэлхийг эрээлсэн олон улс дундаас Монголыг минь ялгаруулах, үндэстний нэг том илэрхийлэл ялгарал болсон өв соёлын маань нэг мөн биз ээ.
Энэ жил жудагтай сайхан наадам болох байх оо ...
.
П.Баярхүү /тоймч /