Наадмын дараа гээд юу хийхэв
2013-07-05

Наадмаас өмнө бид юу амжуулдаг вэ. Улс орны чанартай ажил гэвэл Ерөнхийлөгчөө сонгож амжлаа. Одоо залгаад Ерөнхийлөгч наадмаас өмнө тангаргаа өргөж бас амжихаар болоод байна.

Арай урагшаа яривал иргэдийн амьдралд хувьсгал хийх шахуу үр нөлөөтэй Ипотекийн зээлийн хэрэгжилтийг эхлүүлж чадлаа. Гудамж төслөөр хэд хэдэн уулзвараа өргөтгөж чадлаа. Хувь хүмүүсийн хувьд ажлаа цэгцэлж, амрах тал руугаа бэлтгэлээ базааж дуусч байгаа байх.

.

Наадмын өмнө ажлаа сайн шахаж амжуулах ёстой. Учир нь энэ 7 хоногийн төгсгөлөөс эхлээд хэн хүнтэй ажил ярих гэвэл Наадмын дараа больё гээд эхэлнэ. Ер нь бол намраас больё гэсэн үг л дээ. Шинэ жил, цагаан сар, наадам гээд том том баярын өмнө манайхан ингэж оршилдож, одоо хийчих ажлаа хойш тавьж, ажил үүргийн бөөн бөөгнөрөл үүсгэх нь гэм биш зан болсон. Баяр гээд завгүй гүйсээр ...одоо нөгөө ажлаа ярья даа гэх бол бидний хувьд маш сайхан дотно яриа. Бас их том ажлаа амжуулж ард нь гарсан хүний тайвширлын яриа. Учир нь баяр бүхэн ямар нэг хэмжээгээр зардлын том багц болж гэр бүлийн төсөвт цоорхой үлдээнэ. Ашигтай ашиггүй ихэнхдээ ходоодоор дамжих хоол, унд архи сархадад явдагч энэ зардалд гар татах хүн тун ховор. Ийм том асуудал шийдэж хүний өмнө хүн шиг баярласан болохоор л  ёооё сая нэг баяр дууслаа, одоо ажлаа ярих уу гэх нь аргагүй. Төр засаг нь мөн адил аливаа баярт хаях мөнгөө тэрбумаас л эхлүүлнэ, гар татна гэж үгүй..

.

Ийнхүү бидний хүлээдэг том том баярууд амралт болж ирэхийнхээ өмнө төлөвлөсөн ажил, товлосон уулзалтуудыг хойшлуулан асуудлыг овооруулж, өр ширийг нэмсээр нэг юм болдог жамтай.

.

Гэсэн ч эд мөнгөний ихийг биш, их баяр цэнгэлийнхээ энг харж хөдөлдөг миний ард түмэнд энэ тийм ч сэтгэл гундах зүйл биш юм.

Наадам бол бүр өөр. Сургууль тарж, хүүхэд оюутнууд амарч ААН, байгууллагаас эхлээд төрийн түшээд гээд цалинтай цалингүй, тэтгэлэгтэй, тэтгэвэртэй бүх хүний хувьд их амралтын нээлт болж өгнө. Хагас жилийн ажлаа завсарлуулж, гэр бүл ах дүү элгэн саднаараа салхинд гарч хөдөөг чиглэн давхиж “... ямар уудам юм бэ Миний монгол”   гэж уулга алдан айргаа шимнэ.

.

Цаг хүрэхгүй давхихад л тосоод авах унаган байгаль, уул устай, уруул чимчигнүүлэх айраг нь хөхүүрэндээ шуугисан хөдөө талтай Азтай хүмүүс бид.

Бүрэн эрхэт Монголынхоо далбаагаар машинаа гоёод, бүгдээрээ инээд дүүрэн хөдөөлөх тэнэгэр нутагтай ард түмэн. Түрүү жилийн наадмаас хойшхи оюуны хийгээд биеийн алжаалаа ганцхан гүнзгий амьсгалаад гаргаад шидчих эрүүл агаар, уудам тал та биднийх.

.

Ийм сайхан эх орондоо, наадмаас наадамд, даваа өгсөхийн адил хөгжиж дэвших учиртай болохоор наадмын дараа, намраас больё гэж хойш нь тавих ажил, цаг хугацаа байхгүй шүү бидэнд. Наадмын өмнө хийх ажлаа амжуулаарай.

.

Нар хур тэгшрээд л, хүмүүсийн магнай тэнийгээд ...  Наадмын өмнө  Монголын минь  өнгө  нэг л өөр шүү.

.

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
амлагаа:
зүгээр 150 хувь биелүүлнэ гэж амласан биелүүлж л таараа үгүй ядахдаа ибелүүлсэн гэж залчихаж чадна тэрч бас авъяас шүү дээ
2013-07-05