![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/nl4x7znt1.jpg)
Түүгээр явсан гайг үүгээр дуудна гэдгийг манайхан бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэллээ. Аль тэртээ өнгөрсөн хавар Японд болсон байгалийн гамшгийн гайг ёстой л цунами болдоггүй цул газартаа дуудаж, харин тэр үйлдлийг нь холбогдох албаныхан өөгшүүлж эхэллээ.
Уг нь ногоон дэлхий, хүн төрөлхтөнийг эрүүл саруул байлгахын тулд дэлхий нийтээрээ АТОМЫН цахилгаан станцаас таталзаж байгаа. Харин “Мода” Монголоор дуусдаг гэгчээр дэлхий нийтээрээ татгалзчихаад байхад манайхан л ганцаараа атомын цахилгаан станц барихгүй л бол болохгүй нь хэмээн мэдэмхийрэн цээжээ дэлдэж бусдын доог болж буй.
Гэсэн ч гандан буурдаггүй эр зоригт Монголчууд маань атомын цахилгаан станцын аймшигт хог хаягдалтай улаан нүүрээрээ уулзаж, НҮЦГЭН гараараа арилгаж байна. Тодруулбал, мөнөөхөн бусдын айж ичээд байгаа айхавтар цацраг идэвхт бодистой улаан гараараа ТУЛАЛДАЖ эхэллээ.
Үүнийг гайхамшиг гэхээс өөр юу гэх билээ. Бүхэл бүтэн гараг, дэлхий ертөнц дээр амьдарч байгаа долоон тэрбум хүнээс шигшигдэж, тодорсон эрдэмтэн мэргэд хор хөнөөлийг нь сааруулж, устгаж чадахгүй байгаа цацрагийн хорыг Монголчууд маань л АРИУТГААД Л, УГААГААД Л арилгаж байгаа юм чинь бахархаж онгирохгүй яах юм бэ.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/42b3f068002c9c7dbfb68b6cbaf060a61.jpg)
Уг нь цацраг идэвхт бодис нь биологийн молекулуудыг ионжуулж, ионууд нь чөлөөт радикал үүсгэж уураг, мембран ба нуклеин хүчлийг гэмтээдэг гэдэг.
Цацраг идэвхт бодис нь ДНХ-ийн дан болон давхар гинжийг эвдэх, өөр ДНХ-ийн гинжүүдийг хооронд нь холбох болон ДНХ-г уурагтай холбох зэргээр ДНХ-г гэмтээдэг байна. Үүний улмаас эвдэрсэн ДНХ нь хорт хавдар, төрөлхийн гажиг цаашилбал үхэлд хүргэх аюул дагуулдаг.
Жишээ дурьдахад Чернобылийн АЦС-ын зах зээлийн буюу одоогийн үнэлгээ нь 4 тэрбум ам.доллар гэдэг. Гэтэл түүний ослын улмаас Украйн улс нийтдээ 180 тэрбум ам.долларын хохирол амсчээ. Тус атомын станцын ослын хор уршгийг арилгахад Украин улс 25 жилийн туршид улcын төсвийнхөө 10 %-ийг тогтмол зарцуулж ирсэн байдаг. Үүнээс өмнө хуучнаар ЗХУ асар их хөрөнгө зарцуулсан бөгөөд тэр тоог өдгөө хүртэл нууцалдаг гэх. Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсний дараахан төрсөн хүүхдүүд хийгээд өдгөө ч төрж байгаа зарим эхчүүд төрөлхийн тахир дутуу, элдэв согогтой хүүхэд төрүүлж байгаа нь мөн л “Чернобылийн” хүүхдүүд.
Мөн Японы Хирошима, Нагасаки-д 1945 онд болсон цөмийн дэлбэрэлтээс эсэн мэнд үлдэгчдийн үр удам өдгөө ч хорт хавдар, леукемиа болон бусад өвчнөөр өвчилсөөр байгаа юм.
Эдгээр гашуун түүхээс гадна өнөөдөр дэлхийн хэмжээнд жилд 60 мянган хүн нарны хэт ягаан туяанаас хордон амь насаа алддаг хэмээдэг. Хэт ягаан туяа нь хүний арьсанд нөлөөлж, арьсны хорт хавдар үүсгэдэг гээд жишээ дурьдаад байвал хэтэрхий ихэдэнэ. Гэсэн ч талын Монголчууд энэ бүхнийг цэглэсэн анхны СУУТНУУД боллоо.
Өнгөрсөн наймдугаар сард Японоос оруулж ирсэн суудлын автомашинуудаас цацраг идэвхт бодис илэрсэн ч тэдгээр машиныг тусгай газарт хадгалж онцгой байдлын газрын албан хаагчид ариутгал хийн эздэд нь буцааж өгсөн юм.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/%D0%BC%D0%B0%D1%88%D0%B8%D0%BD%D1%83%D1%83%D0%B41.jpg)
Тэдгээр машинуудаас зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин илүү буюу 1.0 хувийн цацраг идэвхт бодис илэрсэн гэдэг ч албаныхан “зөөлрүүлж” хүний биед хор нөлөө багатай байсан учраас угааж, ариутгаад эздэд нь өгчихсөн хэмээн БАХДАН ярьж байсан билээ.
Тэгвэл өчигдөрхөн Японы Токио хотоос оруулж ирсэн 12 машинаас цацраг идэвхт бодис илэрлээ. Тэдгээр машиныг Гаалийн баталгаат агуулахад тусгаарлан хэмжилт хийж байна гэнэ. Холбогдох албаныхан уг машинуудыг битүүмжилж, Цөмийн энергийн газар болон Онцгой байдлын ерөнхий газрынхан ариутгал хийж байгаа аж. Бидэнд цацраг идэвхт бодисыг угааж арчаад арилгачихдаг туршлага байгаа хойно ууттай машинуудаа угааж арчаад л зарчихая хэмээн давс нэмье би. Яадгийм, чадаж байгаа юмыг.
Манай улсын стандартад гадаргын бохирдлын байж болох хэмжээ нь 100 бөөм см.кв/минут байдаг ч цацраг идэвхт бодис илэрсэн машинуудад дээрх хэмжээнээс илүү их байгаа учраас ариутгах болсон гэнэ. Гэтэл ариутгаж байгаа төрийн албан тушаалтнууд “Хүний амь насанд аюултай биш” хэмээн хээв нэг гэдсээ илээд зогсож байгааг яалтай.
Тэдэнд зориулж цацраг идэвхт бодисын талаар хар үгээр тайлбарлаж өгье. Уг бодис нь юу юугүй ЯАРАН САНДРАН хүний аминд хүрчихдэг эд биш. Харин аажмаар хордуулдаг. Бас бусдад халдварлахдаа туйлын ДУРТАЙ. Цацраг идэвхт машиныг тээвэрлэсэн чингэлэг цацрагийн халдварыг хамгийн түрүүнд авна. Дараа нь уг машиныг буулгаж дотор нь суусан хүн болгонд НААЛДААД л буулгана. Харин эдгээр хүмүүс ямар нэгэн ариутгал угаалга хийлгэхгүйгээр гэртээ очих нь мэдээж. Тэгээд суусан газар хүрсэн бүхнээ ХАЛДВАРЛУУЛЖ цацраг идэвхт бодис тархаж эхэлнэ. Тиймээс хэзээ ч эргэж гаргахгүйгээр БУЛШИЛДАГ ёстой.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/images144.jpg)
Гэтэл манайхан эдгээр машинуудыг хил давж бүр нийслэл хотод ирсний дараа л асуудалтай машин гэдгийг мэдэж, дараа нь УГААЖ АРИУТГАСНААР асуудлыг цэглэдэг. Гэвч энэ Монголд буй ариутгалын бодис, усханаар цэвэрлэгддэг эд биш гэдгийг манайхан ойлгомоорсон. Бас энд тэндгүй худалдагдаж байгаа шал резин доод эд анги нь шавар шавхай болж зэвэнд идэгдсэн ДАЛАЙН машинуудыг шалгаж үзэхэд буруудахгүй нь лав. Эцэст нь хэлэхэд ЭНГИЙН даруухан Монголчууд бид хүний үгээр үг хийж, хэлсэн болгоныг нь ҮМХДЭГ гэнэ зангаа гээе. Бас цацраг идэвхт бодис нь ЦАГААН ГАРТНУУДЫН хэлснээр угаагаад урсаад явчихдаг эд биш гэдгийг ч анхаарч нэгийн эсрэг нийтээрээ тэмцье.
Ж.Хулан