Улсын баяр наадам дөхсөөр. Уяачид хурдан морьдынхоо уяа сойлгыг тааруулан өдөр хоног тоолон суух цаг ойрхон байна. Үүнтэй зэрэгцээд төрийн далбаагаар ганзагын наймаа хийдэг иргэдийн хэтэвч зузаарах цаг хаяанд ирлээ. Манайхан шиг загвар хөөх дуртай хүмүүсийн энэхүү хэлбэрдэлт дуусахгүй бололтой. Учир нь Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон туг далбааг хүссэн бүхэн нүүрэн дээрээ нааж, төмөр хүлэгтэй бүхэн салхинд хийсгэн давхих болсон. Энэ мода одоогоос яг гурван жилийн өмнө идэвхижсэн гэхэд болно. Улсын баяр наадам болохтой зэрэгцэн урд хөршид үйлдвэрлэсэн Монгол улсын хуурамч төрийн далбааг энд тэндгүй хийсгэн явах нь ихэссэн юм.
.
За яахав улсынхаа баяр наадмаар төрийн далбаагаараа омогшиж бололгүй яахав. Гэхдээ төрийн далбаагаа хийсгэж загвардсан шигээ эргээд яагаад хадгалж хамгаалж болохгүй гэж. Наадам дууссаны дараа зам дээр гээгдсэн цэцэг мэт том жижиг дуураймал тугийг хараад эх орноо гэсэн зарим нэг хүмүүсийн сэтгэл эмзэглэдэг байх.
.
1992 оны Үндсэн хуульд улсын далбааны талаар заахдаа “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ. Монгол Улсын төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна” хэмээн заасан байдаг. Гэтэл урд хөршид үйлдвэрлэсэн төрийн далбаа юун энэ хуулийг сахих. Материалынхаа үлдэгдэл дээр хийсэн том жижиг тугийг хэдэн зуугаар нь манай улсын ганзагын наймаачдад шахаж байгаа юм. Тэдний шахалтаар оруулж ирсэн төрийн далбааг өөрсдийгөө үндсэрхэг үзэлтэн гэж тунхагласан хүмүүс хүссэн газраа хийсгэж, хаяж явна.
.
Монгол хүн төрөө, төрийнхөө сүлд бэлгэ тэмдгийг бурханчлан шүтэн залбирч, цайныхаа дээжийг өргөдөг. Гэтэл төрийн далбаагаа хөсөр хаях нь бурхны номон дээр гишгэвэл алдас болно гэдэгтэй ижил зүйл юм. Төрийн далбаагаа ингэж газар сайгүй хаях нь төрийнхөө өмнө хэрэг үйлдэж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй.
Бид төрийн далбаагаа ингэж хог мэт хаяж байгаа нь эх орноо улан дороо гишгэж байгаагаас өөрцгүй гэдгийг иргэд ухаарах цаг нь болсон байлтай. Төрийн далбааг хаа сайгүй хаяж яваа хүмүүс нэг л зүйлтэй жишин бодох хэрэгтэй. Учир нь хүн өөрийнхөө зургийг хаа сайгүй хаяад явдаггүй. Мөн зурган дээрээ гишгэдэггүй. Төрийн далбаа болвоос манай улсын нэрийн хуудас гэсэн үг. Тиймээс төрийн далбааг хаяж гишгэж байгаа хүмүүс өөрсдийнхөө дээр гишгэж байна гэдгээ бодолцоосой.
.
Манайхны хийсгэж байгаа төрийн далбаа стандартын шаардлага хангаагүй гэдгийг дахин сануулья. Учир нь хүний нүдэнд үл анзаарагдам энэ алдааг Монгол Улсын иргэн Та анзааран үзэж, төрийнхөө далбааг хүндэтгэн залах учиртай билээ. Монгол улсын төрийн далбааны дээд хэсэгт байрлах "Гал" асар өргөн утгатай. Монгол овог аймгуудын туг далбаа, тамга сүлдэнд "Гал, Нар, Сар" орсон байх нь элбэг байдаг байна. Үүнийг дүрс хэлбэрийн хувьд ч үнэн зөв, оновчтой алдаагүй зурж үйлдэх ёстой юм.
.
Гэтэл өнөөдөр наймаачдын оруулж ирж буй далбаа нь дээд хэсэгт байрлах галыг "лянхуа цэцэг", "хонхон цэцэг", “эрлэгийн элчийн сэрээ” зэргээр орлуулан зурсан байдаг нь туг далбаан утга санааг үгүй хийж байгаа хэрэг бөгөөд "ГАЛ" хэмээх зураглалыг өөрчилж байгаа нь төрийн далбаагаа гутаан доромжилж байгаа сонгодог жишээ гэж үзэж болохоор. Эзэн Чингисийн удам, эрэлхэг Монголчууд хэмээн цээжээ дэлдэх бид Төрийн далбаагаа ч хуурамч эсэхийг мэдэхгүй явна гэдэг нь гутамшигтай. Лянхуа, хонхон цэцэг мэтийг дүрсэлсэн далбаагаа хийсгэн давхих залуусаас гадна харийн оронд ийм хуурамч далбаагаа мандуулаад зогсч байсан жишээ бий. Хэдий болтол бид өөрсдийгөө доромжлон, бусдын элэг доог болж явах юм.
.
Хууль зөрчин хуурамч далбаа зарж борлуулж буй хүмүүст хүлээлгэх хариуцлагыг чангатгамаар байгаа юм. Үндсэн хуульд туг далбааг ямар стандартаар хийхийг зааснаас гадна хариуцлагын тухайд уг хуулийн З, 8 дугаар зүйлийн 8, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг санаатайгаар зөрчсөн бол иргэнд 5000-10000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-75000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна гэсэн байдаг.
.Төрийнхөө далбааг олимпийн талбар, хойд мөсөн туйлд мандуулж байгаа алдартнуудаараа бид бахархах ёстой. Тэд нар эх орноороо омогшихын зэрэгцээ Монгол гэж улс оршин тогтнож байна гэдгийг албан ёсоор олон улсад харуулж байгаа юм. Төрийн дуулалтай зэрэгцэн намирах төрийн далбаагаа харсан Монгол хүн бүрийн сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй. Төрийн далбаа мандах газраа мандаж, төрийн дуулал эгшиглэх газраа эгшиглэх нь зүйтэй юм. Бид төрийн дууллаа хаа сайгүй дуулахаас цээрлэдэг шигээ төрийнхөө далбааг ч хаа хамаагүй газар хийсгэж хаядаг муухай зангаасаа татгалзах нь эх орныхоо төлөө хийж байгаа иргэний өчүүхэн ч гэсэн хувь нэмэр сэтгэл юм. Төрийн далбаа мандах газраа мандаж, төрийн дуулал эгшиглэх газраа эгшиглэг. Монгол улсын төрийн далбаа үеийн үед өндрөөс өндөрт мандан бадарч байх болтугай.
.
Н.Бадамжав
Уншиж байна |