Сонгуулийн дүн гарснаар ялснаасаа илүүтэй ялагдсан нам нь олны анхааралд орж эхэлдэг. Энэ нь олон нийт гишүүд нь асуудал шүүмжлэл гаргаж тавьж удирдлагынхаа үйл ажиллагаанд нь үнэлэлт дүгнэлт өгч байгаа хэрэг. Энэ ч ёсоор хэдэн сонгуульд дараалан ялагдсан МАН доргиж эхэллээ. УИХ-ын сонгуулийг нь орхиё, энэ ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ аварга үнэхээр хүчтэй өрсөлдөгч байж чадлаа. МАН-ын генсек Г.Занданшатарын хэлсэн тэнцвэргүй өрсөлдөөн, сурталчилгаа байсан ч тал энд бий. Ямартай ч олон удаагийн сонгуульд оройлон ялж ирсэн энэ намд ялагдлын мэдээ гашуун амттай байгаа нь мэдээж.
.
Тэгээд ч хэсэг залуус нь хэвлэлийн хурал зарлаж МАН-ы н дарга Ө.Энхттүвшинг огцрох, ирэх долдугаар сарын 8-ны өдөр МАН-ын XXVII их хурлыг зарлан хуралдуулах, УЗ-ын гишүүдийг шинэчлэх зэрэг асуудлаар шаардлага хүргүүлжээ.
Түүх сөхөхөд урьд нэгэн сонгуульд Ардчилсан хүчин олонх болж ялагдал хүлээхэд У.Хүрэлсүх тэргүүтэй залуус намаа шинэчлэхээр шийдэж, тэр үеийн намын удирдлагаа огцруулж, даргаараа Н.Энхбаярыг томилж сөрөг хүчний 4 жилээс дахин олонх болж чадаж байсан түүх бий. Өнөөдрийн тухайд бүр хүнд УИХ-д цөөнх болж, дараалаад орон нутгийн сонгууль, ерөнхийлөгчийн сонгуульд мөн ялагдлаа. Тэгээд хэсэг залуус гарч ирээд удирдлагаа яв, бид өөрчилнө гэж байгаа сурагтай.
.
Энд дээрх шинэчилнэ гээд байгаа залуус хийгээд одоогийн бүх бурууг үүрүүлээд байгаа Намын удирдлагуудыг тойрсон сайн муугийн тухай олон зүйл, дүгнэлтийг чаддаг, мэддэг улстөрчид ,судлаачид хийж суугаа.
.
Монголын улс төр нийгмийн амьдралд гүнзгий оролцоотой МАН-ын цаашид хэрхэн тэлж, халах нь анхаарлын гадна үлдэхээргүй хэрэг болохоор ийн бүгд үнэлэлт дүгнэлтээ хийж байгаа хэрэг. Ямартай ч одоогийн хүрсэн энэ нөхцөлд хамгийн түрүүнд харж анхаарах ёстой нэг зүйл байгаа нь яагаад МАН-ыг ард түмний олонх дэмжсэнгүй вэ гэдэг асуултын голч хариултыг олох. Энд юун түрүүн одоогийн намын удирдлага болон Ө.Энхтүвшин даргаас бурууг хайх бус, энэ намыг амархан амьдарч баяжиж болох цахилгаан шат болгон харж, нөлөөтэй нэгэнд долигонох далдганахаас эхлээд авилгачийг авилгадах хүртлээ албан тушаалын төлөө улайрч ирсэн, улс төрийн болоод нийгмийн үнэ цэнэтэй ойлголт бараг байхгүй гэж болох зарим залуусаас намаа цэвэрлэж авах асуудал тавигдах болов уу.
.
Улс төрийг амархан баяжих буюу цэцэрхэж болох чөлөөт талбар гэж ойлгож харж байгаа хүмүүс дээш их өгсвөл хэтдээ улс оронд ард түмэнд ирэх төвөг чирэгдэл нь мөн их болно. Яг үнэндээ намынхаа үзлийг зүүний эсвэл барууны чиглэлтэй юм уу гэдгийг нь ч ойлгоогүй шахам байж эндээс хэнийг нь дагаж гутлыг нь сайн тосолбол дээшээ гарч бусад дарга нар шиг хор найруулж яаж ийгээд төрийн албанд гарч мөнгө хийх үү гэсэн нэгэн үеийн нялх улстөрчид сүүлийн жилүүдэд хэт олширсон нь анзаарагдах болсон.
.
МАН-ын сүүлийн хэдэн жил улс оронд хойморлож ирсэн улс төрийн их ноёрхлын сүүдэрт мөн ч олон залуус зам товчлон энэ намын эгнээг чигжиж, чихэлдэж орж ирсэн байх. Аймаг сум дүүргийн намын хорооноос эхлүүдээд тэрний энэний гэх холбоогоор дээш өгсөх, нам дотроо хэн нэг нь, ямар нэг санал хураалтаар унах, ялахыг шийдэлцдэг бага хурлын гар өргөгч гишүүн болохын төлөө өөр зуураа хормойгоо хүүлэлцэж улс төрийн хамгийн бохирыг нь эхэлж суралцаад, намынхаа толгой өөд мацаж байгаа нэгэн үеийнхэн ч бий болж байж ч магад. Аливаа нам дотроосоо өтвөл нийгэм дагаад үнэр орчихоод байгааг өнгөрсөн хэдэн жил бидэнд тод харуулж өгсөн. Тийм болохоор энэ намыг цаашид яаж хөдлөхийг олон нийт ажиглаж байгаа. Энэ талаасаа магадгүй МАН шинэчлэгдэх ёстой байх. Гэхдээ яаралтай зарлан хуралдуулах бага хурал, дараа нь хуралдах Их хурлын гишүүдээрээ хуралдаад шаардлагатай хэмжээнд өөрчлөгдөх түвшний шийдлийг олж харж гаргахын тулд одоо эхлээд юу хий ёстой вэ.
.
Төрийн эрх барих хугацаандаа авилгыг цэцэглүүлж амьдралыг нь доош явуулаад байхад ч дэмжиж байдаг, аливаа нэг бүлэглэлийнхэнд шахагдан ад үзэгдэж, бялуу байтугай юмгүй үлдэж гомдсон ч дараа нь намаа өмөөрч, зүтгэж л явдаг тэр жирийн гишүүддээ хүрч, санал шүүмжлэлийг өрнүүлэн, үгийг нь сонсч дэмжлэг авч тэдний санаа бодлыг тусган шинэчлэлийн бодлогоо тодорхойлох замаар урагшлах шаардлага байгааг олж харах туршлагатай улстөрчид энэ намд хангалттай байгаа гэж бодож байна.
.
Ард түмэн өнгөрсөн сонгуулиар МАН-д итгэл хүлээлгэсэн хэвээр байгаа гэдгээ харуулж, ирэх 4 жилд хүчтэй сөрөг хүчин байх төрийн манааны том үүргийг үлдээсэн. МАН үнэхээр Ардын нам гэдгээ харуулж, жирийн гишүүд дэмжигчдээсээ үг сонсч, өнгөрсөн сонгуулийн үеэр олж авсан давуу тал, эв нэгдлээ бататган улс орноо хөгжүүлэх бусдаас ялгарсан үзэл баримтлал, өрсөлдөхүйц хөгжлийн хөтөлбөртэй болж ард түмэнтэйгээ амь нэг нам болох шаардлага бол өөрөө нийгмийн захиалга байсаар байх юм.
.
АН яаж ч гайхалтай ажилладаг байлаа гээд бид нэг л намыг шүтэх үеэ өнгөрөөсөн ард түмэн. Сөрөг хүчингүй шүүмжлэгчгүй, ганцхан АН-ын төр байхыг ард түмэн сайшаахгүй. МАН-д ирэх цагт гарч болох гажуудал хэтийдэл бүхнийг хянах, засах том үүргийг өгөөд хэрхэхийг нь ард түмэн харж байна. Энэ нам өөрчлөгдөх ёстой юу гэвэл ард нийт бүгд тийм л гэх байх. Харин яаж өөрчлөгдөх ёстой вэ гэдэгт гэнэтийн баатар шинэчлэгчид биш, 4 жилд нэг удаа санадаг анхаардаг болоод байсан жирийн гишүүд дэмжигчид нь л эцэслэн хариулж чадах юм.
.
П.Баярхүү /тоймч/