“Буудал“ төсөл байна уу ?
2013-06-25

Нийслэл хотод авто замын 33 уулзварыг дөрвөн замын уулзвар болгох “Гудамж” төсөл хэрэгжиж байна. Энэ ажлын хүрээнд бидний хэлж заншсанаар Өргөө, Саппорогийн тойргийг 4 замын уулзвар болгон шинэчлэгдлээ. Урьд жилүүдийн сунжирсан замын ажлыг бодвол дээрх хоёр замын ажил хугацаандаа шуурхай хийгдсэн. Чанарын тухай ярих эрт байна. Ямартай ч энэ төсөл хэрэгжсэнээр нийслэлчүүдэд том стресс авчирч байгаа түгжрэлийг багасгахад мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ гэж төслийг боловсруулагчид баталж байгаа. Одоо дараагийн алхам хийгдэхээр хүлээгдэж байгаа Төмөр замын дээд сургуулийн уулзвар, 3,4-р хорооллийн эцсийн эхлэл уулзвар, Вокзалын, Модны 2-ийн гээд зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд 14  уулзвар  өргөтгөн  засахаар  ажил нь эхлэх гэж байна. Уулзвар нээгдээд ирэхээр замын ачаалал эрс багасаад ирж байгаа талаар иргэд ам сайтай байна.

.

Үүний ард өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр зорчдог иргэдийн хувьд сэтгэл дундуур байгаа нэг асуудал бол автобус хүлээх зуур  түр “толгой хоргодон“ зогсдог буудал буюу  автобусны зогсоол. Төвийн хэдэн буудлыг эс тооцвол нар салхи борооноос халхлаад зогсчих орчин үеийн нийслэл хотын шаардлага хангасан зогсоол тун ховор харагдана.

.

Хотын төвөөсөө цаашлах тусам буудлын тохижилт, зэрэг дэв өөр болж эхлэнэ. Ар өвөргүй зарын самбар болсон саравч сүүдрэвчийг тойроод өвөлжингөө хуримтлагдсан шээсний үнэр, хавар бол  дотор нь хүн зогсох бүү хэл ойрхон зогсоход бэрх. Буудлуудад зогсох автобусны чиглэл цаг гэсэн самбар бол захын буудлуудаар байх нь мөнгөний гарз гэж үздэг юм болов уу гэж бодогдмоор. Зам зуурын буудлууд бол саравч сүүдрэвч байтугай бүр автобус орох зогсоол, явган гарц байхгүй.

.

Автобус яг хаана нь зогсож хаалгаа онгойлгохыг таамаглаж, тосох чадварыг эзэмших бас ирсэн автобус зам чөлөөлөн зогсохдоо хөл дээгүүр нь гараад явчих магадлалтай тул  энэ  зайг тооцож зогсох ёстой болно. Ийм шоовдор буудалтай хороолол, хэсгийнхэн бол бороо орж, шороо тавьбал гэртээ буцаж,  харих ойролцоо дэлгүүрт орох, бололцоотой нэг нь шууд такси барих гэсэн хэдхэн хувилбартай. Аль нэгийг нь сонгохгүй бол бороо таалж нэвт норохоос өмнө автобус, микро амжиж ирээсэй гэж залбирах хэрэгтэй болох юм.

.

Энэ буудал ер нь хэний өмчид байдаг юм бэ. Хаана аль байгууллагын хариуцлагад хамаарч байна вэ? 2011 оны ИТХ-ын нэгэн хурал дээр яригдсанаар бол  “Худал­даа хөгжлийн банк”, Нийслэлийн захи­­раг­чийн ажлын алба, Нийтийн тээврийн газрын хамтарсан гэрээ­гээр тус банк нь саравч, сандал, хогийн сав, зогсоолын нэг чиг­лэлийн зураглал бүхий гэрэлтүүлэгтэй, мэдээл­лийн самбартай 100 автобусны буудлыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулж, хоёр жилийн хугацаанд бүрэн бүтэн байдлыг хариу­цан ажиллах үүрэг хүлээсэн байдаг тухай дурджээ. Энэ гэрээ одоо дууссан бол буудлууд буцаад дүүргүүдийнхээ мэдэлд шилжсэн байх учиртай. Харин яаж цааш бүрэн бүтэн авч явах талаар бол эргэлзээтэй харагдаж байна. Дүүргүүд буудлуудыг хариуцан тохижилт хийж зар сурталчилгаа байрлуулан гаргасан мөнгөө олж байх ухааны зохицуулалтыг түр хугацаанд хийсэн юм шиг байдаг. Эндээс өнөөх шоовдор захын хорооллын буудал шууд тоногдон устах нь тодорхой болж байгаа юм. Жишээ нь Зүүн салааны  зам дагуу буудал барьлаа, хэр удаан уншигдаж, хэр тэснэ гэж, хэн энд сурталчилгаагаа байрлуулах уу.

.

Дээр үеийн социалист өмч шиг буруу харах зуур тоногддог цэг бол буудал болоод байна. Сурталчилгаагаа байршууллаа маргааш нь нэг хамтлаг дуучны тоглолтын зурагт хуудас юм уу хашаа байшин зарах заруудаар таглаад салахааргүй  “скочтоно”. Ийм газар хэн мөнгөө үрж зар сурталчилгаага нааж дүүрэгт мөнгө төлөх вэ. Энэ ажил нь явахгүй болохоор дүүрэг ямар мөнгөөрөө буудлаа тордох вэ? Тэгээд ч иймэрхүү бэрхшээл их байсан тул дүүрэг авахаас түдгэлзэж Нийслэлийн тээврийн газарт өгье гэж “бултсан” байгаа юм. Ингээд 2013 онд  буланд шахагдан буудлын асуудал дээр унасан Нийтийн тээврийнхэн Нийслэлийн хэмжээнд нийт 596 автобусны буудал байдаг /зарим эх сурвалж 250 гэдэг/ гэсэн тоог тогтоож эхний ээлжинд бүх чиглэлийн эцсийн зогсоолд гэрэлтүүлэг хийж хяналтын камер суулгахаар төлөвлөсөн байна. Гэхдээ энэхүү ажил нь зөвхөн судалгааны шатанд явж байгаа бөгөөд ирэх жилээс зарим буудалд туршилтаар камер суурилуулна гэсэн сураг байна. Өнөө хүнээ хоргодуулах, бороо цаснаас хамгаалах саравч сүүдрэвчний талаар бол дараа нь ярих нь хоёрдугаар асуудал юм уу даа. Үүнд нийтийн тээврийнхнийг буруутгаж тэнэг мангар гэх аргагүй. Тэд буудлыг өөрсдийнхөө ажил үүргийн хувиар л харж байна. Камер тавьснаар гэмт хэрэгтнийг хянана, осол зөрчлийг баримтжуулна. Мөн шугамандаа гарахгүй эцсийн буудалд дээрээ хөзөр тоглоод байгаа жолооч нараа нууцаар бичиж барьж авна гэх зэргээр бодож энэ тэргүүнд камер тавья гэсэн аж. Үүгээр бол өнөөх буудал маань элэг зөвтэй ч эзнээ олоогүй л байна гэсэн үг.  Уулзвар төсөл сайхан явж байна. Буудал төсөл хэзээ эхлэх вэ. Үүл даргаа

Халуун нар, ширүүн бороотой зун эхэлсэн байна.

 .

П.Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин