![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/alban-tushaal68great-copy-600x424.jpg)
Хэдхэн жилийн өмнө Монгол улс Үндэсний цөөнхтэй байлаа. Тодруулбал, УИХ хийгээд Засгийн газар цаашлаад эрх баригчдын болж бүтэхгүй байгааг шүүмжлэн, засаж залруулахыг шаардан, булхайг нь ил цагаанаар уудалдаг байв.
Уг нь УИХ-д цөөнх болсон намын гишүүд сөрөг хүчин болж олонхийн суудал авсан нөхдүүдийн үг хэл, үйл ажиллагааг нь хянах ёстой.
Гэтэл цөөнхүүд нь олонхийг хянах нь бүү хэл тэдэнтэй “хуримлаж” нэг хөнжилд орон тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу дүрсэн учраас хяналтын асуудал арчигдсан юм.
Чухам энэ л үед Үндэсний цөөнх болсон жагсаал цуглаан зохион байгуулагчид Монголын ард түмэнд чухам л нэг хэрэгтэй хүн нь, төрийг хянах хяналтын КАМЕР болж байв.
Тодруулбал, С.Ганбаатар, Б.Лхагважав, Ж.Батзандан, О.Магнай нар. Тэд үнэхээр адтай. Болохгүй бүтэхгүй гэрээ хэлэлцээр, үгсэн хуйвалдсан асуудлыг дор нь олчихно. Тэгээд ард түмэнд зарлаж дараа нь засаж залруулахыг шаардаж цуглаан хийдэг байв.
Гэтэл сүүлийн үед Сүхбаатарын талбайд жагсаж цагаан хоолой, шар зангиатай хоршдог байсан мөнөөхөн Үндэсний цөөнхүүд албан тушаалаар амаа үдүүлэх аргачлалд бүрэн автаж уржигдархан сүүлчийн ганц найдвар МАН-д элслээ, хөөрхий.
Уг нь дээрх нөхдүүдийг бодвол арай тулхтай, түмэн олныг цуглуулж, учиргүй жагсаад байхгүй голыг нь олж хэлчихээд л явж байдаг байсансан. Бас төрийн буруугаас болж хохирсон иргэдийн хохирлыг барагдуулахын тулд “Үйлдвэрчин” С.Ганбаатар найзтайгаа нийлж, өөрөө өмнө хойно нь гүйж байгаад нэлээд хэдэн хүний хохирлыг гардан барагдуулсан гээд түүний ГАВЪЯА-г чамлалтгүй.
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/images140.jpg)
Ухаад, дэлгээд байвал чамгүй арвин ТҮҮХ-тэй тэрээр “Үндэсний Соёмбо” хөдөлгөөний тэргүүнээр ажиллаад овоо хэдэн жилийн нүүр үзсэн юм. Б.Лхагважав гэдэг хүнийг танихгүй Монгол хүн бараг байхгүй биз.
Даварсан төрийн даравч далдайх, булавч бултайх булайг ухаж, бас часхийтэл чимхчихдэг байсан тэрээр ийнхүү МАН-д элсэж час улаан батлахаа МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдоос гардаж авснаар түүний ХЯНАЛТЫН СИСТЕМ бүрэн өөрчлөгдлөө.
Гэхдээ мань эр намын батлахаа гардсныхаа дараахан мөр зэрэгцсэн нөхдүүдээ айлгах гэсэн үү аль эсвэл аврагдах гарц хайсан уу юутай ч МАН-ыхан хууль зөрчвөл би
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/imaes1.jpg)
илчилнэ хэмээн тунхаглаад авав.
Улстөрийн намууд ч Б.Лхагважавт удаа дараа урилга илгээж намынхаа гишүүн болох санал тавьж байж. Гэхдээ тэд зүгээр ч байгаагүй. Албан тушаал санал болгосон нууж хаалгүй хэлсэн нь цаанаа учиртай хатгаас биз.
Гэхдээ түүний элгэмсэн очиж намын батлах гардсан МАН ч хадаг барьж гуйсан бусад нам ч албан тушаал амлажээ. АН 2008 оны сонгуулийн үеэр “Нам нэг иргэнийг гуйдаггүй юм. Гэхдээ таныг бол гуйя. Та манай намд орооч” хэмээж. Харин Иргэний Зориг нам “Намдаа элсээч” гэсэн бол Ногоон намтай нэгдэх үед нь ИЗНН-ын дарга Д.Энхбат “Ерөнхий нарийн бичгийн дарга болооч” гэжээ. Харин хамгийн зартай “Хэрүүлч” Буян Жагаа түүнд намынхаа дэд даргын суудлыг амлажээ.
Гэсэн ч улстөрийн ЖИЖИГ намуудыг тоогоогүй тэрээр МАН-ын батлахыг өвөртлөсөнийхөө дараахан МАН-ын бага хурлын гишүүн гэсэн СЭТЭР зүүгээд амжив.
Мэдээж улстөр сонирхож, халуун тогоо руу хөл дүрэхийг хүссэн болгон нь албан тушаал горилдог бичигдээгүй хууль Монголд үйлчилж байгаа болохоор тэр л бичигдээгүй хууль, батлагдаагүй дэг журмын дагуу анхныхаа шатны гишүүр дээр баттай зогслоо. Харин цаашид хэрхэхийг цаг хугацаа харуулна биз ээ.
Юутай ч улсын төв талбайн улаан хувьсгалч тэрээр “Urbanek” харж сууснаас улсын хэрэгт хошуу дүрэх нь чухал гэдгийг ойлгож эл сонголтыг хийлээ.
ХАРИН БУСАД НЬ...
![](http://www.shuud.mn/wp-content/uploads/2011/11/imag%D1%851.jpg)
Нэгэн цагт түүний журмын нөхөд болж явсан О.Магнай, Ж.Батзандан хоёр 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж ард түмнийг буруу хазгай зүйлд турхирсан хэргээр “Аавын хаалга” татсан. Тэд тэндээс гарч ирэхдээ тусгаар тогтнож тусдаа ЖИЖИГ нам байгуулах нь эрсдэлтэй. Зовох цагт өмөөрч хамгаалах өр зөөлөн нөхөд олдохгүйн зовлонг хангалттай мэдэрч аавынхаас гарсан даруйдаа л АН-д элсэж батлахаа өвөртөлсөн.
Харин тэдний ар талыг авч явдаг Хүний эрхийн хуульч М.Ичинноров ч МАН-ын батлахыг гардаж түүнээс хойш нам гүмхэн шиг “улстөр” хийх болов. Харин тэднээс өмнө С.Ганбаатар Үйлдвэрний эвлэлийн холбоодын Ерөнхийлөгч гэсэн эрхэм ЦОЛ авснаасаа хойш урьдын адил БААТАРЛАГ жагсаал хийхээ байсан юм.
Ж.Хулан