Бондын хөрөнгөөр өөр юу хийх вэ гэсэн асуулт үлдсэн юм болов уу гэж бодоход хүргэлээ. Энд жишээ хэлэхэд, Бондын мөнгөнөөс хувийн хэвшлийг дэмжье гэх зэрэг нь үнэндээ сонгуулийн салхитай л сонсогдож байна. Нэг явган яриа гарсныг дурдья. Нэг эр найздаа гайхуулах санаатай “Би хувьдаа нэг байшин барьж байна даа” гэсэнд нөгөөдөх нь “Бондын мөнгөөр үү” гэж сөргүүлж асууж байна гэнэ. Бондын хөрөнгө маань тийм шавхагдашгүй иргэн Батын байшин барихаас эхлээд хувийн хэвшлийн тариалангийн талбай руу цацах үр авч өгөөд байхаар тооцоотой бил үү.
.
1.5 тэрбум долларын бондийн зарцуулалтаас томуудыг нь нэрлэвэл одоо эхлүүлээд байгаа 6 аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбохоор болсон /300 сая/, 200 саяын шинэ онгоц, Тавантолгой, Гашуун сухайтыг холбосон 276 км төмөр зам /400 сая/ гээд бүтээн байгуулалтын ажил нэрлэгдэнэ. Нэмэх нь 5-р цахилгаан станц, Ипотекийн зээл орж ирнэ. Цаашдаа нефть боловсруулах үйлдвэр зэрэг өөр бүтэн байгуулалтууд нэрлэгдэж байна.
.
Ойрын өдрүүдэд өндөр авсан их бүтээн байгуулалтын нүргээн дунд хүүгийн төлөлтийн асуудал байхгүй мэт л байна. Сүх далайтал гэдэг шиг дараагийн төлөлт хүртэл ийн яригдахгүй л байх болов уу. Одоо цацаж цалгиад эхэлсэн 1.5 тэрбум долларын “Чингис” бондын хүүгийн төлбөрийг жилд хоёр удаа буюу хагас жилд нэг төлөхөөр худалдан авагчидтай тохиролцсон гэсэн. Бондын мөнгө өнгөрсөн оны 12 сарын 5-нд Монголбанкны дансанд орж ирсэн бөгөөд эхний хагас жилийн хүүгийн төлбөр болох 35.85 сая ам.долларыг энэ оны зургадугаар сарын 6-нд төлнө гэдгийг Засгийн газрын гишүүд тухайн үед хэлж байсан. Энэ үүрэг ёсоор манай улс эхний төлбөрөө өнгөрөгч 06 сарын 06-нд хийсэн гэж мэдээлсэн. Янз бүрийн юм хэл ам гараагүйг бодоход хүү болох 35.85 сая ам.долларыг тоо ёсоор нь шилжүүлсэн байж таарна.
.
Ер нь бол Чингис бондын хүүгийн төлбөрт эхний 5 жилд хагас жил тутамд 50 гаруй тэрбум, сүүлийн 5 жилд хагас жил тутамд 36 орчим тэрбум төгрөг төлнө. Мөн 5 жилийн дараа 500 саяаа, 10 жилийн дараа нэг тэрбум ам.доллараа төлөх ёстой. Энэ эх үүсвэрийг улсын төсвөөс гаргах уу, өөр арга зам уу байна уу гэдэг дээр яг тэр гээд тогтоод хэлчих хариу иргэдэд төдийлөн сайн сонсогдоогүй л байна.
Эдийн засагчид бондын эргэн төлөлтөд санаа зовниж Бондын энэ өрийг бизнес эрхэлж, баялаг бүтээж байж л олно тэгэхээр яах вэ гэдэг дээр санаагаа уралдуулж байгаа.
.
Үнэхээр бизнес эрхэлж байж л төлөх бол бизнесийн орчноо эрүүлжүүлэх хөгжих бололцоог хангаж өгөх ёстой. Энэ тал дээр ямар алхмууд хийхээ сонгуулийн энэ их хөл хөөртэй, мэдээ сурталчилгаа дууссаны дараа олон нийтэд хандаж нэг ярих биз ээ.
.
Салбар салбарын төлөөлөл эдийн засагчид Бондын мөнгийг бизнест үр өгөөжтэй ашиглах, үүний тулд богино хугацаанд үр ашгаа өгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, бондын зарцуулалтад тавих хяналт шалгалтыг ил тод сайн явуулах ёстой гэсэн нийтлэг саналтай байгаа гэсэн. Эх орноороо хөндлөн гулд хатуу хучилттай замаар салхи татуулан тойрох сайхан л сонсогдож байна. Олон улсын нисэх буудалд Монголын далбаатай сүрлэг БОИНГ-д суугаад шууд нисч ирэх ч мэдээж бас сайхан. Хөнгөлөлттэй зээлээр шинэ орон сууцанд орж үр хүүхэд өнөр олуулаа тэнэгэр суух бүүр ч сайхан. Энэ их баяр, бүтээн байгуулалт хийгээд хүмүүсийн сэтгэлд одоо л нэг бий болж байгаа хөгжих нь, өөдлөж дээшлэх нь гэсэн итгэлийг нь нурааж харлуулах гэсэнгүй. Зүгээр л бид 5 жилийн турш хагас жил тутамд 50 гаруй тэрбум, сүүлийн 5 жилд хагас жил тутамд 36 орчим тэрбум төгрөг төлж 5 жилийн дараа 500 саяаа, 10 жилийн дараа 1 тэрбум ам.доллараа төлөх ёстой шүү гэдгийг л эрх баригчдад сануулж байна. Энд сонгуулийн сурталчилгаанд биш улсын маань хөгжилд гэрэл илч нэмсэн, алсаа харсан, эргээд ашгаа өгөх хөтөлбөрүүд багтаж чадсан уу гэдэг асуулт нээлттэй хэвээр байгаа. Монгол минь Бондоор бондойж байна. Гэхдээ өнгөрсөн сонгуулиудын тооцоогүй олон амлалтаа биелүүлэх гэхдээ хийчихсэн гэх Тавантолгой Чалкогийн гэрээ зэрэг улсаа өрөнд оруулсан будлиантай асуудлууд одоо ч дуусаагүй байгаа сургамж бий.
.
П.Баярхүү /тоймч/
Уншиж байна |