Өчигдөр 100 айлын замд нэг хүүхэд авто ослоор эндсэн хар мэдээг залгаад өглөө 10 дугаар хорооллын урд замд харахад нүд хальтирмаар осол гарч. Сүүлийн жишээ болж байгаа энэ хоёр мэдээнд хоёуланд нь нийтийн тээврийн хэрэгсэл буюу хүмүүсийн “хар харх”, “нисдэг авс” гэж хирдхиймээр нэрлэдэг микроавтобус, том оврын автобус оролцсон байгаа юм. Хүн зарим нэг муу зүйлд дасал болох нь бий. Гэхдээ хүний амь тээж явдаг нийтийн тээврийн хэрэгслийн осолдож онхолдож байдагт нь дасан зохицох гэдэг хэтэрсэн хэтийдэл болох биш үү.
6
Нийтийн тээврийн автобусны хомсдол дээр дөрөөлж зорчигчийг яаж доромжлохыг үзүүлж өгдөг даварсан микронуудыг одоо яах гэж байна, нийтийн тээрийнхэн. Хэдэн жилийн өмнө машиных нь он насжилтаар нэг ялгаж цөөлөх гэж үзсэнээс өөрөөр энэ нөхдүүдийг хумисан ямар ажил хийсэн бэ.
6
Шугамыг нь хасах цөөлөх гэхээр жагсч чаддаг хэрнээ хүн тээвэрлэх наад захын шаардлага хангадаггүй, шөнө нь архидаж өглөө нь улаан нүдлэн босч ирээд хүн чихэж мөнгө хийхээр гардаг пээдгэр микрод төр төмөр нүүрээ үзүүлэх цаг болсон. Бараг бүх ажлын байранд очиж үзээд тэнцээгүй, дунд сургуулийн аль анги хүртэл сурч байгаад гарсан нь бүрхэг, увайгүй эрээгүй харьцаагаар ээж шигээ хүнийг “Пи”-гаар харааж, 100 төгрөг нэмж нэхэх банди нараар мөнгө таслагч хийлгэн, ард нь нуугдан гөлийж давхих жолооч нар нийтийн тээврийн ямар стандарт шаардлага хангасан тул, хүн чихэж ачин мөнгө хийх эрхээ одоо ч эдэлсээр байдаг юм бэ?
6
Гасалж үгэлж шогшрох бол хангалттай болсон. Хэдэн жилийн өмнө Дарханы замд нэг микро зогсож байсан машины араас хар хурдаараа орж 3 хүний алтан амь амьдралыг үгүй хийсэн. Саяхан өвөл Цонжин болдогийн хавьд Истана маркийн микроны жолооч үүрэглэсний улмаас осол гаргаж нэг бяцхан хүүгийн амийг авч одсон ...өчигдөр нэг микро хүүхэд дайрч... сонссон хүн “аан Микро байсийн бол аргагүй дээ, тэгнэ ш тээ” гэдэг болсон байна. Микро бол хүн алж мэдэх унаа гэдгийг бүгд мэдэрсэн байна. Гэхдээ энэ нисдэг авсанд суухаас өөр сонголт хөөрхий иргэдэд даанч алга. Нийтийн тээврийн автобус бас аймаар болсон гэнэ. Өдөр тутмын зорилго нь хувийн микротойгоо яг адил болсон. Чихээд бай, орлого бол цалин шүү, амьдрал шүү гээд л худалч хүнд сайн БЕНЗ-ийг хол хаяах шахуу уралдацгааж байна. Өдөржингөө байр цагаа булаацалдан хүмүүсийг зорчигч биш орлого, цалингийн нэмэгдэл болгон хардаг болсон жолоочийг буруутгаад яахав. Амьдрахын төлөө яваа гэж харья. Орлогоор цалингийг нь бодож өгнө гэж жолоочоо шахаж байгаа нийтийн тээврийн компанийн удирдлага, энэ шийдвэр тогтолцоо буруу гэдгийн харсаар мэдсээр байж дуугарч чадахгүй байгаа нийтийн тээврийн газрын мяндагтнуудыг зүхмээр байна.
6
Өчигдөрхөн Ханы материалын эцэст хүнээ булаалдсан 5-68 гэх дугаартай автобусны жолооч залуу араасаа ирсэн автобусыг эсрэг урсгалд оруулж замын боржур давтал шахаж гаргахыг харлаа. “...нэг бол ачсан хүнээ өг, үгүй бол буугаад ир ПИ минь” гэж шүлсээ үсчүүлэх жолооч залуугийн нүдэнд зорчигчид бол хүн биш сарын цалингийнх нь бонус болж харагдаж байгаа юм. Бидний хэлж заншсанаар кондуктор гэх билет таслагч эмэгтэй нэг дарга руугаа ярьж “матаж” байгаа боловч цаадах нь орой учрыг нь олье л гэж байгаа бололтой. Тэгсгээд замдаа уралдан, шахалцаж байгаад хэн нь хүнээ авахаа шийдэхээр болоод хөдөлцгөөх шиг болсон. Айсан зорчигчид бушуухан бууж өнөө шахаж дээрэлхээд, хүнээ өг гээд дарамтлаад байгаа атаман жолоочийн автобусанд дуулгавартайгаар орж сууж байгаа харагдлаа. Тэнд байсан хүмүүсийн ярих нь байнга л ингэж шахцалдаж уралдаж, өөрсдийг нь булаацалдаж байдаг гэнэ. Энд яригдаж байгаа Ханын материалын шугамны нэг автобус өнөө өглөө 10 дугаар хорооллын урд замд хурд хэтрүүлэн осол гаргасан байна.
6
Энэ арай л дэндэж байгаа жишээ биш үү. Заавал том дуулиант осол гарч, хүний амь үрэгдсэний дараа асуудлыг харж шийддэг уламжлал хэвээрээ л бололтой. Тэгвэл тэр харзнаад байгаа осол эндэл чинь гарчихаад байна. АНУ-д буу барьсан сэтгэцийн эмгэгтэй нөхдүүд гэнэт гарч ирээд хүмүүсийг олноор нь буудаж түйвээдэг бол манайд дүүрэн хүн ачин уралдах автобус, микро хоёр үнэхээр айдас төрүүлж байна.
6
Нийтийн тээврийхэн одоо мөрдүүлээд байгаа орлогоос хамаарч жолоочоо цалинжуулдаг журмаа яаралтай халах хэрэгтэй. Энэ микро гэдэг унааг одоо зоригтой шийдээд халаачээ, Үүл даргаа. Хүний амьд явах эрхийг давсан нийтийн тээврийн орлогын төлөвлөгөө гэж юм байх учиргүй. Амьд явмаар байгаа бол алхацгаасан дээр болоод байна.
6
П.Баярхүү /тоймч/