Сайхан зун болох нь ээ гэхээс биш сайхан сонгууль болох нь ээ гэж хэн нэгний амнаас бүлээн үг нэг ч унахгүй. Уг нь айсуй цагийн байгаль дэлхийн өнгө гэхээсээ илүү ирээдүйн дөрвөн жилд улс орон маань ямар байх нь илүү учир жанцантай алсаа бодсон бэлгэдэл баймаарсан. Гэтэл үгүй ээ улс орны өмнө тулгамдаад байгаа олон чухал асуудал гацаанд орно. Нэг нэгнээ намнах гэсэн улс төрийн намууд парламент дээр асуудал гацаана, хэдэн сайд дарга нар нь намынхаа нэр дэвшигчийн сурталчилгаанд харайгаад “хөнжилдөө ч унтах” завгүй. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа гурван нэр дэвшигчийг бид бүгдээрээ л мэднэ. Цаг үргэлж хэл ам татлаж байдаг Эрүүл мэндийн салбарыг хариуцсан сайд, Хэнтийчүүдийг төлөөлөх ёстой эрхэм төрийн түшээ, улсын гурав дахь “эцэг” Ерөнхийлөгч. Хүч тэнцвэргүй тулаанаас хэн нь эсэн мэнд үлдэхийг 26-нд сонгогчид үзэгнийхээ үзүүрээр л шийдэж орхино. Гол нь бүтэн улирлын турш төрийн ажил саатаж, хөгжил саардагт л гоморхолтой байгаа юм. Хэн нь ялах тухай маргаан хүмүүс өвөр зуураа талцаж, маргаан хийрхэлд даралт нь ихэсч зүрх нь савлана.
.
Ц.Элбэгдоржийг дэмжсэн нэгнээ “өө тэр чинь сайхан хошгоруулж чадахаас юу ч хийхгүй. Их атаач нөхөр авилгалтай тэмцэх нэрээр эсрэг намынхаа хэчнээн олон сайхан нөхрийг өргөст торны цаана суулгав” гэж байхад Б.Бат-Эрдэнэ аваргыг дэмжиж байгаагаа “Ээ бөх хүн төр барина гэдэг ч дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэдэг. Төр гэдэг түмэн бүдүүн өргөст өвстэй нуга шүү дээ. Хэчнээн ч бүдрэх юм бүү мэд” гэж халаглана. Н.Удвал сайдын болохоор “Н.Энхбаярын бууны нохой, мориндоо хөтлүүлсэн толгойгүй хүн” гэхчлэнгээр есөн шидээр нэрлэнэ.
.
Дэмжиж байгаа хүнээ муу хэлүүлсэн нөгөөх нь яаж зүгээр байхав. Муу үгээр утаж гарна даа. Ингээд л нам, нутаг, мэргэжил, хүйсээр нь ялгаварлаад ажил албан дээрээ ч гэр орондоо ч эцэс төгсгөлгүй харааж зүхэн, заналхийлж, үзэн ядаж ёстой муу үгээр хорвоо ертөнцийг харлатал талцана даа. Хэвлэл мэдээлэл болон цахим ертөнцөөр зай завсаргүй ийм л нийтлэл, ярилцлага мэдээ мэдээлэл, санал сэтгэгдлүүд дүүрнэ. Үр тариа, хүнсний ногоо маань ургаж байна уу, мал сүргийн тарга хүч авах, бүтээн байгуулалтын явц энэ тэр падлий ч байхгүй. Хэрэгтэй байлаа гээд нөгөө нэр дэвшигчид рүүгээ гавьяа гайг нь наах гээд үзэж тарна.
.
Тэртээ Баян-Өлгийд аянганд ниргүүлээд сүйрчихсэн тав арван хонины гай улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хамаатаж, хүүгээ заазуурдсан эцгийн төлөөнөө аваргын жавтий хүртээгээгүй Б.Бат-Эрдэнэ гишүүн буруутаж, марлиа мартаад оёчихсон эмчид Н.Удвал сайд хариуцлагаас мултрах зөвлөгөө өгч байна гэхчлэнгээр хийрхлүүд ар араасаа ундарч байна шүү дээ та минь. Аливаа хийрхэл хэтрэхээрээ хэчнээн мунхаг болдгийн тод жишээг харамсалтай нь бид дахиад арваад хоног таван мэдрэхүйгээрээ хүртэнэ. Улс төрийн намуудын пиарчид ямар сайхан тоглоно гээч энэ сэтгэхүй дээр. Ухуулга сурталчилгаа энэ бүхнийг улам дэвэргэнэ. Нөгөө Лениний пиарчид аугаа Орос орныг хэрхэн гартаа оруулсан шиг. Уг нь тайван амгалан ажлаа л хиймээр байх юм. Миний сонголтоос өөр сонголт хийхээр ярьж байгаа хөршөө үзэн ядах уу, бас эхнэртэйгээ орой бүр муудалцах болж байна уу.
.
Бор шувуу бор шувуу бум бумаараа нисэн буугаад нисэн буугаад наадан цэнгэнэ. Бууж цэнгэх талбар миний ард түмэн, буулгаж зугаацагчид нь улс төрийн намууд болоод байна даа.
Тэртэй тэргүй итгэл үнэмшлээрээ 26-нд сонголтоо хийнэ. Тэр болтол амьдрах хэрэгтэй юм байгаа биз дээ. Үр хүүхдүүд минь өмсөх хувцас, хоол хүнс хэрэгтэй. Төд удалгүй байр цахилгааны мөнгө нэхэгдэнэ. Сонгуулийн хачин жигтэйг ярьж суух СӨХ-ийн байцаагч тэглээ гээд татвараа авч л таарна.
.
Нэр дэвшигч нарын нийтлэг нэг хөтөлбөр бол авилгалтай тэмцэх. Аварга ч, сайд ч, Ерөнхийлөгч ч мөрийн хөтөлбөртөө томоохон стратеги төлөвлөгөө тусгасан байгаа. Гэхдээ авилгалыг хийрхэл болгон тэмцэх аргаа нэг нэгнээ намнах хэрэгсэл болгож ашиглаад ирвэл бүүр дампуу зүйл болно. Авилгал авсан өгсөн нь хуулиар тогтоогдсон л бол бүх хөрөнгийг нь хурааж энэ аалзны торны нэхээсийг задлах учиртай. Эс тэгвэл гаалийн Баатар шиг нь нөгөө хэдийгээ дааж золиос нь болж шоронд ороод улсын мөнгө завшигдсан хэвээрээ үлдэнэ. Бүхий л аймгаараа хорин жилийн турш хөдөлмөрлөөд хурааж ядаж байгаа мөнгийг захын нэг муу цагаан цамцтан үзэгний үзүүр хөдөлгөөд л өөрийн болгочихдог энэ тогтолцоог юун түрүүн үгүй болгох ёстой. Сонгуулийн сурталчилгааны энэ л өдрүүдэд олон авилгач тодрон гарч байна. Ард түмэн шоу битгий байгаасай гэж байгаа. Би ч тэгж бодож байна. Тэр тусмаа нэгнээ зохиомлоор зорилготой намнасан шоглоом битгий байгаасай гэж л хүсч байна. Олны нүд чих нээлттэй байж төр засагтаа дүн тавих гэж оюунаа хөвчилж байгаа энэ цаг үед нь яллачихаад сонгуулийн дараа цагаатгаж хүчингүй болгочихвол ардын оюунаар наадсан жинхэнэ гэмт хэрэг болно. Төр дотор төр босоод ирчихсний буруу тогтолцоонд л оршиж байгаа юм. Урд төрийн албанд ажиллахаас зүрхшээдэг, зугтдаг байсан бол өнөөдөр ямар ч үнээр хамаагүй төрд шургалахыг хичээж байна. Энэ нь төр ямар амттай бялуу болсныг илтгэж байгаа хэрэг. Дээрээ татаасгүй бол гэдэг үгийн дотор төрийн дотор ах дүү хамаатан садан, эдийн засгийн сонирхлоороо нийлсэн том том бүлэглэлүүд байгааг харуулж байгаа юм. Энийг л үгүй болгочих. Тэр цагт хүссэн хүсээгүй эв нэгдлийг илэрхийлэгч жинхэнэ Ерөнхийлөгч нэрээ хамгаална. Уулын цаанаас төр засаг сүхээ бариад суусан модыг маань хөрөөдөх гээд айлгаад байхгүй бол шаазгайн чинээ ард түмэн минь мөр бүтэн сэтгэл өег гэдэс цатгалан байхсан.
.
Н.Бадамжав