Ипотек, моргейж гэдэг үг сүүлийн үед чихэнд хэдийнэ дасал болж эгээ л монгол үг адил ойлгогдох болж. Эхлээд үгээ тайлбарласан нь зүйтэй болов уу. Ипотек гэдэг нэр томьёог МЭӨ 594 онд эртний грекийн долоон суут ухаантны нэг Солон Архонт алдарт шинэчлэл хийх явцдаа гаргажээ. Энэ нь анхандаа зээлийн барьцаа нь зээлдэгч өөрөө байдаг байсныг газрын өр болгон өөрчилсөнтэй холбон тайлбарладаг. Хоёр өөрөөр хэлдэг ч мөн чанарын хувьд нэг л үг юм.
.
АНУ-д 1930-аад оны үеэс их уналтын жилүүдэд орон сууцны зээл хэлбэрээр анх бий болсон бөгөөд өнөөдөр хөгжлийнхөө төгс хэлбэрийг олж чадсан юм. Америкийн ипотек иргэдийн үл хөдлөх хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, шилжүүлэх эрхийг хангахад голчлон чиглэжээ. Ипотекийн зээлийн системд төрийн дэмжлэг асар өндөр үүрэгтэй байснаас шалтгаалаад 2007 онд АНУ-ын ипотекийн хямрал эхэлж удалгүй дэлхийн санхүүгийн хямрал болон үргэлжилснийг цоо шинээр энэ системийг оруулж ирэн турших гэж бид анхаарахад илүүдэхгүй л болов уу.
.Иргэн та төрийн албан хаагч, аль нэг намын гишүүн байхаас үл хамаараад орон сууцтай болох жилийн нэмэх хасах 1 найман хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай зээлийн багц задарлаа. Нарийвчилсан дүрэм журам нь ч гарлаа. Орон сууцныхаа үнийн дүнгийн 10-30 хүртэлх хувийг урьдчилгаа байдлаар төлнө. Энэ 30 хувийг мөнгөн төлбөр гэхгүйгээр газар, үл хөдлөх хөрөнгө, орон сууцаар орлуулан барьцаалж болно. Иргэн өрх бүр орон сууцтай болохыг мөрөөддөг. Улаанбаатар хотын 66 хувь буюу 316 мянган айл өрх бүрийн толгойны өвчин энэ л болоод байгаа. Паартай байшин, паалантай ариун цэврийн өрөөнд үхэх юмсан гэж XXI зууны хотынхон хүсч байгаа. Эрэлт хэрэгцээ гэрлийн хурдаар л өснө. Харин нийлүүлэлт энэ хурдацыг даах уу. Үнэ тогтвортой байж чадах уу гэсэн асуулт гарч ирнэ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Үнийн асуудал хамгийн чухал асуудлын нэг. Барилга, орон сууцны үнэ хаашаа хэлбэлзэх вэ гэдгийн талаар олон удаа ярилцсан. Хатуу үнэ эргээд орон сууцны чанарт нөлөөлдөг сөрөг үр дагавартай байдаг учраас бидний нэгдсэн байр суурь бол орон сууцныхаа нийлүүлэлтийг огцом нэмээд явах нь зөв гэсэн. Энэ нь ч үнийн өсөлттэй тэмцдэг хамгийн зөв арга хэрэгсэл. Орон сууц, барилгажилтын талаар банкуудын нийт зээл 850 тэрбум байсан бол үүнийг Монголбанк Засгийн газартай ярьж байгаад 380 тэрбумаар нэмсэн. Орон сууц руу очиж байгаа зээлийн хэлбэрийг тусгайлан гаргаад, банк болгонд лимитийг нь өгөөд үүн дээр хяналт тавиад явж байгаа. Долоо хоног бүр тайланг авч, хэчнээн зээл орон сууц руу орж байгааг мэдэж байгаа. Цаашид үүнийгээ нэмээд явна. Нийлүүлэлтээ нэмээд явахын бол үнэтэй тэмцэх цорын ганц арга гэсэн хариултыг өгсөн.
.
Хэдийгээр зарим эдийн засагчид энэ ачаалалыг дийлэхгүй гэж байгаа ч Монголбанк чадна гэсэн хариултыг өгч байна. Орон сууцны барилгын нийлүүлэлтийг 800 тэрбум төгрөгийн санхүүжилтээр дэмжсэн хамгийн эрсдэл багатай, сайн нөхцөлтэй, баталгаатай, урт настай орон сууцны хөтөлбөрийг санаачилж Засгийн газар дэмжсэн хэрэг. Ажилтай орлоготой байх ирээдүйдээ итгэлтэй хариуцлагатай, хуримтлал үүсгэх сонирхолтой болгоно. Аль ч Засгийн газар дундаж иргэдээ дэмжих бодлого баримтална гэж амладаг ч бодит үйл хэрэг болсон нь даанч цөөхөн. Орон сууцтай болсноор нийт эдийн засагт эргэлдэх мөнгөний 30-40 хүртэлх хувь нийгмийн даатгалын сан болон орон сууцжуулах хөтөлбөрийн дансанд төвлөрнө. Бүтээн байгуулалт найдвартай үргэлжлээд явна гэсэн үг. Үнийн өсөлтийг хямгадах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэг төвшинд барих, нийгмийн халамж үйлчилгээний бусад үйлчилгээнд төвлөрнө. Савлаад байдаггүй эдийн засгийн суурь ингэж тавиагдвал дараа дараачийн олон төсөл хөтөлбөрийг улсын хөрөнгө санхүү рүү өнгийхгүйгээр шийдвэрлэчих бас нэг цонх нээгдэж байна гэсэн үг юм. Бидний авч байгаа цалин бараа бүтээгдэхүүний үнэд ташуур өгч инфляци хөөрөгддөг нь ипотекийн хуримтлалын сангийн ачаар тогтворшино.
.
2003 оноос эхэлсэн ипотекийн зээл олголт өнгөрсөн оны байдлаар нийт зээлийн 12,1 хувьтай тэнцэж ДНБ-ний 6,1 хувьд хүрчээ. Мэдээж Ипотекийн орон сууцны зээлийн журам гарснаар энэ үзүүлэлт улам өндөрсөнө. Гадаад орнуудад ч ДНБ-нийх нь 40 гаруй хувьтай тэнцдэг гээд төсөөлөхөөр ямар хүчирхэг эдийн засгийн багана босч ирэх гээд байгааг төвөггүй төсөөлж болно. Ийм зээлээс чанаргүй зээл бараг гардаггүй эргэн төлөлт сайтай байдгийг банк санхүүгийн онцолж байсан. Хамгийн гол нь зээлтэй хүн аливаа ажилд хариуцлагатай байнгын орлоготой байх хариуцлагын өндөр ухамсар суудгийг олзуурхаад байгаа юм. Дагалдаад хөрс, агаар, усны бохирдол гэсэн толгойны өвчнөөсөө сална.
.Монголбанкны захирлуудын хурлаар баталсан орон сууцны ипотекийн зээлийн журам батлагдаж галт тэрэг ирэх даваа гарагаас гараанаасаа хөдлөнө. Аливаа шинэ зүйл ямагт эсэргүүцэл эргэлзээтэй тулгардаг. Төв банк, Засгийн газар бүх зүйлийг нарийн тооцсон гэдгээ баталж байгаа. Ямартай ч харж л байя. Импортоор орж ирэх барилгын материалыг саадгүй нэвтрүүлэх дэд бүтэц байна уу. Хил гааль дээр бөглөрчихдөг тэр их барилгын материалын хангалт хүссэн хэмжээнд байж чадах уу гээд шийдэгдээгүй асуудал олон байна даа.
.
Н.Бадамжав
Уншиж байна |