Ирэх долоо хоногоос Ипотекийн зээлээ авч байрандаа нүүж ороорой гэж Ерөнхий сайд нүүр дүүрэн инээмсэглэн иргэддээ сайхан урилга мэдээ дуулгаж байна. Дуусчихна шүү, бүү хоцроорой, цөөхөн тоотой үлдсэн гэсэн энэ тэр реклам бол хэрэггүй юм байна. Байр нь ч, мөнгө нь ч хангалттай байж л байна. Ирээд зээлээ аваарай л гэж байна. Бас сонгуулийн амлалт биш ерөөсөө АН-ын шинэчлэлийн хөтөлбөрийн нэг ажил юм гэж байна. Цаг хугацаа харуулна. Үүний түрүүнд Засгийн газар бас л олон сайхан мэдээгээр олон нийтийн сонорыг мялаасан. Жирэмслэлт, амаржсаны тэтгэмжийг нэмэгдүүлэх, амин дэмийн нэмэгдэл олгох, 0-2 насны хүүхэдтэй эхчүүдэд сар бүр тэтгэмж олгох, түүн дотроо гурав дахь хүүхдийг төрүүлсэн тохиолдолд төрөөс өгөх тэтгэлэг дэмжлэг гээд. Сонгууль дөхөхөөр ширүүсдэг энэ сайн мэдээний бороонд ард түмэн дасчихжээ. Нэг л сулхан аан тиймүү л гэж байна.
.
Энэ нь бодлого хэрэгжилтэд нь эргэлзсэндээ бус сонгууль аливаа нэг амлалтын хүчин зүйл нөлөөлөлд авталгүй эрүүл орчинд шударга явж өнгөрөөсэй л гэж бодсоных.Үе үеийн сонгуульд засгийн эрхэнд байх нам хүчин энэ байдлаа давуу тал болгон ашиглаж бөөн халамж. бэлэн мөнгөний амлалтыг иргэдийн ам руу хүчээр шахуу халбагадан хийж эхэлдэг. Дараа нь бараг л хурдхан мартуулж замхруулах гэж бэлдсэн өөр тайлбар гаргалгааг гаргаж ирдэг.
.
Иргэдэд засийн эрхэнд гарсан нам хүчнээс харах олон хүлээлт байдаг. Учир нь тэд өөрсдөө хэтэрхий их зүйл амлаж гарч ирдэг. 4 жил хүлээсэн ард түмэн ядаж энэ сонгуулиар ч болох нь ээ нэг юм хийчих болов уу гэж харна. Засгийн газар ч сонгууль дөхөхөөр гэнэт сүрхий ажил хийж эхэлдэг гэхдээ үүнийгээ санал авах давуу тал болгох гэж улайран сурталчилна. УИХ-ын сонгуульд намын болоод нэр дэвшигчдийн амлалт мөрийн хөтөлбөр нь сонгогчдод харгалзах нөлөөлөл ихтэй л байдаг байх. Харин Ерөнхийлөгчийн сонгууль бол арай байх ёстой болов уу. Ерөнхийлөгч бол нэг тойрог нэг хэсэг бүлэгт хандан халамжийн бодлого явуулаад байдаг тойргийн төлөөлөл биш.Бүх л ард түмний эрх ашигт нийцсэн бодлого үйл ажиллагааг хангахад анхаарч удааширсанд нь ташуур өгч хадуурсных нь амгайг татаж өгөх ёстой. Гадаад талдаа улс орны тусгаар тогтнолыг илэрхийлж дотоод талдаа эв нэгдэл нэгдмэл байдлыг хангах олон талын онцгой үүрэгтэн. Тэр утгаараа бидний ярьдгаар нэг жалга довны буюу хэсэг бүлгийн сонирхыг төрүүлсэн зүйл амлаад яриад явах нь зохимжгүй. Нэр дэвшигч Ц.Элбэгдорж 2009 оны сонгуулиар оюутнуудад 70.000 төгрөгийн тэтгэлэг олгох амлалт өгч байсан. Энэ нь хэрэгжсэн. Харин энэ тэтгэлэг хэр нүдээ олсон талаар янз бүрээр л ярьж дүгнэж байгаа. Өгөх санаа нь зөв байсан гэхдээ ингэж хавтгайруулж өгөх нь баар цэнгээнд өгөх мөнгө шоуг нь ивээн тэтгэсэн ажил болсон гэж үзэх хэсэг олонхи байгаа. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ саяхан гадаадад байгаа эх орон нэгтнүүддээ хандаж гаргасан уриалга даа ”... дотооддоо оюутан залуус үндэсний тэтгэлэгт хамрагддагийн адил гадаадад сурч байгаа оюутнууд маань ч гэсэн тэтгэлэгтэй байх ёстой гэж би боддог” гэж бас л өнгөрсөн 70.000–ын араас нэхэн хөөсөн амлалт цухалзуулсан байх жишээтэй. Ер нь нэр дэвшигчид эмч нар дээр очвол эмнэлгийг нь орчныг нь тордох тухай бодол санаагаа ярихын оронд эмч нарын цалинг нэмнэ гэх ч юм уу ер нь л болж өгвөл нөгөө л мөнгө тэтгэлэг, гар дээрээ авдаг юмыг нь л хүндрүүлээд яриад байх хандлагатай байгаа юм.
.
Нэр дэвшигчид амлаж болно. Ялахын тулд ингэх ч ёстой байх.Гэхдээ нүдээ олсон, иргэдийн ажиллах амьдрах орчин сайжирсан, орлогын эх үүсвэр нэмэгдэх улс орны цаашдын хөгжлийг түргэтгэх, суурь сайтай шинэчлэлийн үзэл санааг агуулсан, бодлого тооцоо нь сайн гарсан амлалт хөтөлбөртэй ирэх болов уу гэсэн сонгогчдийхоо хүлээлтийг бүү хөсөрдүүлээсэй.
.
Бас засгийн газар сонгуулийн өмнө, хэт олон ажлыг гэнэт яаран амжуулах гэж түрүү түрүүчийн эрх баригчдын гаргасан алдаа чирэгдлийг бүү давтаасай. Сонгогчдод аливаа нөлөөлөл хамааралгүйгээр сонголтоо хийх эрхийг нь үлдээгээрэй.
.
П.Баярхүү /тоймч/