Ярих шуугих юм нь тодорхой, энгийн байтугай бэлтэй хүн ч гайхаж цочихоор их мөнгөний сураг. Гэхдээ иймэрхүү улс төрийн хүрээнээс тэсэрч ил болж байгаа хэрэг, үйл явдал бүрийн ард асуулт, анхаарлын тэмдэг хоёулаа байдаг.
.
Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонгын хэргийн эргэн тойронд Х.Тэмүүжин сайдын хийсэн мэдэгдэл дунд байх нэг өгүүлбэр олон гишүүдийн тархинд нэг юм хийсэн байх гэж бодож байна.
Х.Тэмүүжин сайд... Ардын намынхан санаачилга гаргаад өргөн барьсан хуулиудыг хурдхан батлаад өгвөл хүний эрх хангагдсан эрх зүйн орчинд очно гэж байна.Өөрсдөө хууль батлахад саад хийж байгаа хэрнээ хоёр үзүүртэй зүү шиг нөгөө талд өөр юм ярьж болохгүй... гэж ширүүхэн хэлжээ.
Санаачилга гаргаад өргөн барьсан хуулиуд гэдэгт юуг хэлж байна. Хуулийн засаглал ба шударга ёс” үндэсний чуулганд яригдсан хоёр дахь шатандаа эхэлж байгаа гэж хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд боловсруулагдан өргөн барьсан хуулиудыг хэлж байгаа нь тодорхой.
.
Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Цагдаагийн албаны тухай, Mаршалын албаны тухай, Мөрдөх албаны тухай, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай, мөн Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Захиргааны ерөнхий хуулиуд хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж байгаа тухай сонсогдож байгаа.
.
Хэрвээ шинэ хуулиуд батлагдсан байсан бол О.Эрдэнэсолонго ба гишүүн Ё.Отгонбаяр нарын хэрэг дээр цагдаагийн байгууллага яаж ажиллах байв. Бодоход саяхан УИХ-ын даргадаа сайд нь өөрийн гараар өргөн барьсан Мөрдөх албаны тухай хууль батлагдсан байсан гэж үзвэл, мөнгө угаах болон терроризм,з охион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх Мөрдөх албаны банкны мэргэжилтэн, шинжээч зэрэг мэргэжлтнүүдийг багтаасан баг энэ хэрэг дээр ажиллаж, банк санхүүгийн талыг нь мухарлаж байгаа нэг нь хэргийн талаар мэдэгдэл хийж, ингэснээр хэргийн мөнгөн дүнгийн талаарх их, бага байна гэсэн эргэлзээ маргаан гарахгүй байсан биз. Одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн болон эрүүгийн байцаан шийтгэх хууль шинэчилсэн байдлаараа мөрдөгдөж байсан бол наад зах нь Ё.Отгонбаяр гишүүний эхнэр О.Эрдэнэсолонгод тодорхой эрхүүдийг хязгаарласан байдлаар гэрийн хорионд байлган шалгах нэг бол хуульд заасан мөнгөний барьцаатайгаар гадуур байлган шалгах зэрэг хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэх боломж хуулийнханд бүрдсэн байх байлаа.
.
УИХ-ийн гишүүний халдашгүй байдлын заалтаар тэднийг гэмт хэрэгт холбогдуулан шалгахад саад төвөг болох босго тээгийг хууль батлагчид өөрсдөө хуулиндаа найдвартай хийж өгсөн нь цагаан захтнуудын хэргийг шалгахад Хууль хүчнийхнээс их ухаан, нарийн тактик шаардаж байгаа нь эндээс харагдаж байна. Одоо Ё.Отгонбаяр гишүүн ба түүний эхнэрийн дансаар орсон гарсан сэжигтэй гэх мөнгөний хэргийн эргэн тойронд харвал энэ талд хуулийн орчны шинэчлэл зайлшгүй хэрэгтэй болсныг олон талаас нь харууллаа. Хамгийн сүүлд хүчний байгууллагын талаас хийсэн мэдээллээр анх энэ хэргийн эх сурвалж нь, нэгэн иргэн сүрдүүлэг халдлагад өртөн энэ нь Ё.Отгонбаяр гишүүнд холбогдож, үүний дагуу авилга авсан, ингэхийн тулд бусдыг дарамталсан, бусдаар зуучлуулсан зэрэг мэдээллийг шалгах явцад эхнэрийнх нь данс руу хөтөлж аваачсан гэсэн ойлголт төрөхөөр байна. Эндээс Ё.Отгонбаяр гишүүнийг л ер нь шалгах хэрэгтэй юм байна гэж шууд хэлээд байгаа. Гэхдээ энэ нь хуулийнханд тийм амар биш байсан байх. Учир нь УИХ-ийн эрхэм гишүүд гэмт үйлдэл хийж байгаад үйлдэл дээрээ нотлох баримттайгаа “гардуулсан“ тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хэрэгт татан шалгаж болох маш тодорхой заалт байгаа. Бусад тохиолдолд боломжгүй. Магадгүй хуулийнхан энэ хэцүү, цаг хугацаа шаардсан саадаас үүдэн, гишүүнийг шууд шалгах эхний боломжоо аргагүйн эрхэнд тойрч, нотлох баримт олох ажлын хүрээнд, авилгаар авсан мөнгөө угаасан байж болох эхнэрийнх нь данснаас буюу хэргийн сүүлийн зангилаанаас хөөх болсон байх.
.
Хуулийнхан хангалттай сэжиг таамаг, зарим нэг нотлох баримтаа гаргаж тавиад үүнийг нь УИХ хүлээж аваад тухайн гишүүнийг шалгаж мухарлах бололцоог олгодог арай өөр хуулийн заалт байсан бол энэ хэрэг анх гарсан сэжимээ дагаж эхнэр О.Эрдэнэсолонгыг нь бус шууд Ё.Отгонбаяр гишүүнийг шалгахаас эхлэх байсныг үгүйсгэх аргагүй юм. Өргөн барьсан хуулиуд батлагдаад түүгээр энэ хэрэг явсан гэж төсөөлбөл Эхнэр О.Эрдэнэсолонго шоронд хоригдохгүйгээр гэрийн хорионд байх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, эрхэм гишүүн Ё.Отгонбаяр твиттер жиргээгээр бус өөрийн гар өргөн батлалцсан хүний эрхийг дээдэлсэн шинэ хууль болон шударга шүүхдээ өндөр итгэл үзүүлж явдгаа харуулж, өөрөө хүсэлт гарган эрхээ түдгэлзүүлж байгаад шалгуулах байсан биз.Тэгсэн бол одоогийн хэрэг хийсэн хийгээгүй, улс төрийн захиалга мөн, биш гэх мэт энэ их эргэлзээ, таамаглалд хурдан хариулт өгч эхнэрээ буруугүйг тогтоолгох боломж эрхэм гишүүнд байлаа. Одоо шууд ингээд шалгуулчихгүй байгаа нь Ё.Отгонбаяр гэдэг хүн сайн, муудаа гэдэгтээ ч гол бус, ингээд нэг л хэрэгт холбогдвол зүгээр салдаггүй л байхгүй юу гэсэн хууль шүүхийн шударга үйл ажиллагаанд үл итгэх байдал, олон нийтийн дунд өнөөг хүртэл тогтсон сөрөг үнэлэмжтэй холбоотой юм. Үнэндээ ч ийм хэргээр шалгагдаад эхэлсэн бол зүгээр цагаадаад салчихсан түүх тийм ч их биш. Энэ бүхнийг дараа дараагийн тохиолдолд давтагдуулахгүй байх ганц боломж бол хуулийн шинэчлэлийг түргэтгэж, төгс хийх явдал юм. Тэгэхээр одоо өргөн бариад байгаа иргэдэд адил тэгш үйлчлэх боломжийг хангасан, хүний эрхийг эхэндээ тавьсан шинэчилсэн хуулиудыг гацааж чангаалгүй, даруй батлахыг уриалья Эрхэм гишүүдээ.
.
Энд үнэхээр Х.Тэмүүжин сайдын хэлснээр эдгээр хуулийг батлахад МАН-аас саад болж “хоёр үзүүртэй зүү шиг” хандаж байгаа бол хожим аль нэг үзүүр нь зөвхөн жирийн иргэн биднийг ч бус таныг ч бас хатгаж болохыг одоо өрнөж буй үйл явдал харуулсаар байна.
Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зайлшгүй шинэчлэх ёстой 40-өөд хуулийн эхний хэсэг болох Мөрдөх албаны тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Гэмт хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулиуд та бүхний соёрхол дэмжлэгийг хүлээн хүрэн зандан ширээн дээр чинь дэлгээстэй байгаа гишүүд ээ.
.
П.Баярхүү /тоймч/